Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

2.0 сая долларын үнэлгээтэй Erxes маркетингийн платформ дотоодын зах зээлээс $750,000-ын хөрөнгө оруулалт босгоно

ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN

Дэлхийд үнэлэгдсэн Mонголын анхны маркетингийн платформ “Erxes” нь 2.0 сая доллар буюу 5.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, хөрөнгө оруулалт татахаа зарлалаа.

Хэрэглэгчтэй харилцах сувгуудыг нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулан, маркетинг борлуулалтыг дэмжих Erxes платформ нь сүүлийн үеийн технологийн шийдэл, нээлттэй эхийн хувилбараар бүтээгдсэн тул дэлхийн хаанаас ч мэдээлэл технологийн инженерүүд, бизнесийн байгууллагууд ашиглах боломжтой. Энэ төрлийн технологийн шийдэл нь Азид ч цөөхөн бүтээгдсэн байна.

 

Цахиурын хөндийн Google компанийн тэтгэлэгээр Blackbox хөтөлбөрт тэнцсэн хоёр дахь Монгол гарааны бизнес “Erxes” нь 2018 онд Сингапурын Echelon TOP100-д шалгарч Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэгээр нэрлэгдсэн, UNPLUG 2018-ын Оны Шилдэг Гарааны Бизнес, 2019 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдсан Seedstars Global, АНУ-ын “Төрийн Департамент”-аас зохион байгуулдаг TECH-I 2019-ын шилдэг 12 гарааны бизнест шалгарч "Global Entrepreneurship Congress"-д оролцсон зэрэг амжилт нь олон улсад үнэлэгдэх шалтгаан болжээ.

Erxes платформ хэрэглэгчийн тоо, хэрэглээ, програмын боломж бүртээ нэмэлт төлбөр төлдөг олон төрлийн платформыг нэг үнийн бодлоготойгоор бүрэн орлож байгаа нь 1.5 жилийн дотор 60 гаруй орны 1,500 гаруй гарааны бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, амжилттай ашиглаж буй туршлагаас батлагдаж, олон улсад өрсөлдөхүйц бизнес загвартай болохыг харууллаа.

Харин дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд Голомт банк, Капитрон Банк, Скайтел Групп, ТЭСО Корпораци, Бридж Групп, Заг Групп, Most Money, Интерном дэлгүүр зэрэг байгууллага Erxes платформыг өөрийн бизнесийн онцлогт нийцүүлэн хөгжүүлж, хувийн сервертээ байршуулан, хэрэглэгчийн мэдээллийн сангаа бүрэн өмчилж авсан байна. Удахгүй Таван Богд Групп, Номин Холдинг, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Монос Групп зэрэг байгууллага нэвтрүүлэх төлөвлөгөөтэй гэнэ.

Эрксис Монголиа ХХК нь $2,000,000-оор үнэлэгдэж, нийт 1,000,000 ширхэг хувьцааг гаргажээ. Үүний 10% буюу 100,000 ширхэг хувьцааг хамт олондоо хадгалж, нийт гаргасан 900,000 ширхэг хувьцааны 41.6% буюу 375,000 ширхэг энгийн хувьцааг $750,000-ын хөрөнгө оруулалтад санал болгосон байна.

 

Erxes-ийн дараагийн зорилт нь АНУ-д байгуулагдсан Эрксис ИНК, Сингапур улсад байгуулагдсан Эрксис АПАК компаниудаараа дамжуулан АНУ болон Зүүн өмнөд азийн орнуудаас 7 сая долларын хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм байна.

Монгол инженерүүдийн оюуны бүтээл дэлхийд үнэлэгдэж, Монгол улсынхаа нэрийг ашигт малтмалаар нь бус оюунлаг Монгол иргэнтэй гэдгээр нь танилцуулах цаг ирснийг Erxes-ийн баг хамт олон харуулж байна. Технологи нь бизнесийн салбарын хөгжлийн хурдасгуур болж буй өнөө цагт Монголчуудын бүтээсэн технологийн бизнес дэлхийн олон орны бизнест ашиг тусаа үзүүлж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. 

Эрксис платформыг 14 хоног төлбөргүй турших болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл www.erxes.io цахим хуудас руу хандах эсвэл 9907 9070, 9688 7316, 9997 4131 дугаарын утсаар Эрксисын зөвлөхүүдтэй холбогдоорой. 

 

Эх сурвалж: Erxes