Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын “The Hu” хамтлагийн дуу Биллбордын шилдэг рок дууны жагсаалтад багтлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгджээ.

Монголын уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ ашигладаг тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр дуу гаргаад байна. “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байна.

Нөгөө нэг уран бүтээл нь болох “Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт оржээ.

АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Billboard