Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудлыг даган хөгжих Аэроситиг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг байхаар төлөвлөжээ

ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барьж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох шинэ хот байгуулах шийдвэрийг энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас гаргасан. Нисэх буудлыг даган байгуулах шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотыг ирээдүйн хөгжлийг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг байхаар төлөвлөжээ. Улмаар тус төлөвлөгөөтэй уялдуулан хүн амын суурьшил болон эдийн засгийн таталцал нөлөөллийг уялдуулж төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Ингэхдээ хил залгаа орших хаяа хот, тосгод, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийг тус хотод давхар бий болгохгүй гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Тус хотыг 12,000 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үндсэн зургаан бүсчлэлээр хөгжүүлэх юм байна. Тодруулбал, орон сууцны, олон нийтийн ажил хэргийн, үйлдвэрийн, ногоон байгууламжийн, холимог ашиглалтын, инженерийн шугам сүлжээний гэсэн үндсэн бүсчлэлээр хөгжүүлэх аж. Тэдгээрээс ногоон байгууламжийн бүс хамгийн том буюу 5,000 орчим га талбайг хамарна.

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр "БХБЯ, БОАЖЯ, БСШУСЯ болон Төв аймгийн удирдлага шинэ суурьшлын бүсийн стратеги, төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Төв аймгийн удирдлага бодлого, төлөвлөлт гаргасан байна. Улаанбаатар хотын удирдлага ямар бодлого баримтлахаа мөн танилцууллаа. Чиглэлийн яамдуудын төлөөллүүд уулзалтын үеэр тодорхой саналуудаа хэллээ. Тэгэхээр бид тархай байгаа эдгээр концевц, саналыг нэгтгэх ёстой юм. Гэхдээ суурьшлын шинэ бүс байгуулах ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай" гэв.

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ