Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчдээ “гоёх” Зимбабве улсын засгийн газрын төлөвлөгөө хүчтэй шүүмжлэлтэй тулгарав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Зимбабве улсын засгийн газар өөрийн шүүгчдэд өмсгөх хиймэл үсийг Их Британиас өндөр үнээр авах шийдвэр гаргасан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна.

Лондон хотын "Stanley Ley Legal Outfitters" компаниас тус улсын эрх баригчид адууны хялгасаар хийсэн 64 ширхэг хиймэл үсийг нийт $150,000 орчим үнэ өртгөөр захиалах шийд гаргажээ.

Британий колоничлолын үеийн шүүхийн системийн уламжлалыг орчин үеийн Зимбабвед мөрдөх албагүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай байгаа улсад ийм дэмий зардал гаргах ёсгүй гэж олон нийт үзэж, хэвлэл, сошиал сүлжээнд идэвхтэй эсэргүүцэж байна.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн тоо баримтад өгүүлснээр Зимбабве улсын хүн амын 63 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа. 2017 онд тус улсад ган болж, ургац алдсанаас 5.3 сая хүн хоол хүнсний хомсдолд нэрвэгдэж, өлсгөлөнгийн индексээр дэлхийн 119 орноос 108-д жагсжээ.

Шүүгчид нь хиймэл үс өмсөж, энгийн хүмүүсээс ялгардаг колоничлолын үеийн уламжлалыг Өмнөд Африк, Кени зэрэг Британий хамтын нөхөрлөлийн гишүүн хэд хэдэн оронд халаад байгаа.

Их Британид хүртэл иргэний болон гэр бүлийн маргааныг шүүж байгаа шүүгч нар хиймэл үс өмсдөг олон зууны уламжлалаасаа татгалзсан байна.

 

Эх сурвалж: The Guardian