Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгдэв

ikon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй дөрөвдүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн байна.

Энэ тухай Гадаад Харилцааны Яамны мэдээнд, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэсэн гэжээ.

2019 онд:

  • Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой,
  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буй.

Тиймээс талууд ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.  

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд хэрэгжих өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгджээ.

 Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, чингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар талууд дэлгэрэнгүй ярилцахдаа:

  • Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих,
  • гэр хорооллыг орон сууцжуулах,
  • хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд хятадын талаас анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлжээ. 

Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд сурталчлан таниулах зорилгоор хоёр тал хамтран экспо, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, мөн Хятадад болдог олон улсын экспо, үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах талаар холбогдох дэмжлэг үзүүлж ажиллахаа хятадын талаас илэрхийлсэн тухай хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Түүнчлэн Монгол, Хятадын хилийн боомтын зэрэглэлийг дээшлүүлэх, шинээр төмөр замын боомт байгуулах, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.

Түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа, тухайлбал, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн гэв.

Хэлэлцээний үеэр талууд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцжээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам