Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батболд: Ипотекийн зээлийн шинэ журам 2019 оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
 

Ипотекийн зээлийн талаар Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн газрын мэргэжилтэн Э.Батболдоос тодрууллаа. 

-Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байна, зээл шийдэхдээ удаан байна гэх гомдол иргэдийн дунд байгаа. Ипотекийн зээлийн явц удааширч байгаа нь ямар учиртай вэ?

-2013-2016 онд жилд дунджаар 10 мянга орчим иргэнд ипотекийн зээл олгож байсан. Энэ нь сард дунджаар 700-800 иргэний зээл шийдэгддэг байсан гэсэн үг. 

Харин манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хөтөлбөрт хамрагдсанаар ипотекийн санхүүжилтээ танах хэрэгтэй болсон. Учир нь Монгол банкны бодлогын хүүгээсээ бага хүүтэй зээл олгосноор макро эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байгаа тул ипотекийн зээл олгохоо зогсоо гэсэн зөвлөмж ирсэнтэй холбоотой.

Гэхдээ Засгийн газар зөвшилцсөний эцэст хэвээр үлдээхдээ Монголбанкнаас нэмж санхүүжилт гаргахгүйгээр зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэхээр тохиролцсон. Тиймээс энэ жил Засгийн газрын эх үүсвэрээр 120-130 тэрбум, үүн дээр эргэн төлөлтийн 200 тэрбум, нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлд төсөвлөсөн. 

Дээрх дүнгээр арилжааны банкууд сард дунджаар 300-400 иргэний зээлийг шийдэх боломжтой. Ингэж зээлийн санхүүжилтийн хэмжээ багассанаар банкуудад зээлийн хүсэлтийн ачаалал үүссэн тул зарим банк хүсэлт авахаа зогсоож, өмнө ирсэн хүсэлтүүдээ шийдсэний дараа шинээр авна гэж байгаа. Манай яамнаас зээлийн хүсэлтийг аль болох шийдэж, иргэдэд хүлээлт үүсгэхгүй байхыг банкуудад зөвлөсөн.  

-Он гарснаас хойш хэдэн иргэн ипотекийн зээл авсан байна вэ?

-Энэ оны эхний сард 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 241 иргэнд ипотекийн зээл олгосон бол хоёрдугаар сард 96 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.

 

График 1, 2019 оны эхний хоёр сард олгогдсон зээлийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал:

/Эх сурвалж: Монголбанк/

 

-Зах зээл дээр ипотекийн зээл авах үндсэн шаардлагыг хангаж байгаа хэр их хүн байна вэ. Энэ талын судалгаа бий юу?

-Барилга, хот байгуулалтын яам цаашдын бодлогыг тодорхойлох үүднээс суурь судалгааг заавал хийдэг.  Судалгаагаар урьдчилгаа төлбөр ба найман хувийн хүү төлөх боломжтой 35 мянган өрх байна гэж гарсан.

Үүнээс 20 мянга нь гэр хорооллын айл бол, 15 мянга нь эцэг, эхээс өрх тусгаарлаж байгаа, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулахаар байр худалдан авах гэж буй иргэд. 

"Урьдчилгаа төлбөрийг 0 хувь хүртэл бууруулахад 72 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах тоо гарсан"

-Байрны м.кв-ын үнэ өсөж байгаагаас урьдчилгаа төлбөрөө цуглуулахад хүндрэлтэй байгаа байх. Тиймээс урьдчилгаа төлбөрийг багасгах боломжийн талаар судалсан уу?

-Урьдчилгаа 30 хувийг 0 хувь хүртэл бууруулахад дээрх 35 мянган хүн 72 мянга болтлоо өссөн.

Гэхдээ 30 хувийг бууруулах нь энэ систем унах хамгийн том эрсдэлийг дагуулна. Учир нь 30 хувийг бууруулбал зээлийн эргэн төлөх баталгаа биш бөгөөд, мөн үүнийг хэдий чинээ бууруулна тэр хэмжээгээр сард төлөх төлбөрийн хэмжээ өсөх юм. Тиймээс урт хугацаандаа иргэдэд хүүгийн дарамт үүсэх магадлалтай.

-Иргэдийн худалдан авах хэрэгцээ, шаардлагыг орон сууцны талбайн хэмжээ болон үнийн тухайд авч үзвэл?

-Одоогийн байдлаар ашиглалтад орсон 6,000 орон сууц борлогдоогүй байгаа.

Байр авахаар сонирхож буй иргэдийн 80-90 хувь 50-60 м.кв талбайтай, м.кв нь 1.8 сая ба түүнээс доош үнэтэй орон сууц худалдан авах чадвартай байгаа нь судалгаанд үр дүнгээр харагдсан. 

Харин зах зээлд бэлэн байгаа 6,000 айлын орон сууцнаас 1,500 нь энэ шаардлагад нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, 70 м.кв ба түүнээс дээш хэмжээтэй бизнес болон тансаг зэрэглэлийн орон сууц нь борлогдохгүй үлдэж байна. Тиймээс орон сууцны зах зээлээ судалж байгаад барилгаа барихыг компаниудад зөвлөдөг.

-БХБЯ болон Сангийн яам, Монголбанктай хамтран ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр гуравласан гэрээ байгуулан шинэ журам гаргасан. Энэ журам хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

-Ипотек бол төр иргэдийнхээ орон сууцны хэрэгцээг хангахад чиглэсэн татаастай хөтөлбөр. Тиймээс иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийн талаар судалсан. Ингээд Засгийн газар болон Монголбанкнаас гаргадаг зээлийн хүүг бууруулж, хүүгийн зөрүүн дээр арилжааны банкуудын зах зээлийн хүүтэй эх үүсвэрийг татаж оролцуулснаар санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

 

График 2, Ипотекийн зээлд олгосон санхүүжилтийн хэмжээ 2013-2018 он

/Эх сурвалж: Монголбанк/

 

Шинэ журмыг энэ оны хоёрдугаар улирлаас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Одоогоор санхүүгийн энэхүү шинэ механизмд орж ажиллахаар бэлдэж байна. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газар дангаараа хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл, Монголбанк оролцохгүй гэсэн үг.

Уг шилжилтийн нэг жилийн хугацаанд суурь судалгааг сайн хийж, тооцоололтой ажиллахгүй бол нэг талаас иргэд хохирох, нөгөө талдаа арилжааны банкууд болон дотоодын эдийн засгийн тогтвортой урсгалыг алдагдуулах эрсдэлтэй.

Тиймээс яаран хэрэгжүүлэх бус сууриа сайн бэлдье гэж байгаа. Шинэ журмыг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлснээр 16-19 хувийн хүүтэй гаргадаг орон сууцны зээлийн хүүгээ 13 хувь хүртэл бууруулъя гэсэн нааштай хариу хэлсэн нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлөх байх.