Дорнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц өнөөдөр өглөө 149 зорчигч, нисэх багийн найман гишүүнтэй зорчиж яваад осолджээ.
Бүс нутгийн цагаар өглөөний 08:44 цагт Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн онгоц тун удалгүй унасан байна.
Онгоц унасан газар нь нийслэлээс зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо байжээ.
Аврах албаныхан ослын газар руу явсан бөгөөд одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна. Boeing 737 Max-8 нисэх онгоц нь 2016 оноос зах зээлд гарсан шинэ загвар юм.
Этиопын компани уг онгоцыг өнгөрсөн оны сүүлээс нисгэж эхэлсэн байна.
Таван сарын өмнө Lion Air компанийн ийм загварын нисэх онгоц Индонезийн эргийн ойролцоо тэнгист унаж осолдоход 190 орчим хүний амь үрэгдсэн юм.
Ethiopian Airlines компани Африк тив дотор олон чиглэлүүдэд нислэг үйлддэг. Тус компанийн аюулгүй байдлын үнэлгээ сайнд тооцогддог бөгөөд хамгийн сүүлд 2010 онд Бейрутаас хөөрсөн онгоц нь Газар Дундын тэнгист осолдож, 90 хүний амь үрэгдэж байв.
1996 онд Аддис Абабагаас Найроби руу ниссэн онгоцыг барьцаалж, чиглэлийг өөрчилснөөс унасан нь тус компанийн түүхэнд хамгийн олон хохирогчтой осол байжээ.
Тухайн үед шатахуун дууссан тул нисгэгч нь Энэтхэгийн далай дээр ослын буулт хийх гэж байгаад хад мөргөснөөр 175 зорчигчийн 123 нь амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!