Орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах Ажлын хэсэг 4 иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад байна
Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр \2026.08.20\ болжээ.
Хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд 452.4 сая төгрөгийн 4 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 4 иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, үйл ажиллагаа гүйцэтгэхийг даалгасан шийдвэрийг биелүүлээд байгааг онцлов.
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 12 хуулийн этгээдийн 18.7 тэрбум төгрөгийн 259 гүйцэтгэх баримт бичигт нийт 226 үл хөдлөх хөрөнгө, 14 хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжилсэн;
- 7 хуулийн этгээдийн 21.2 тэрбум төгрөгийн 28 гүйцэтгэх баримт бичигт нийт 41 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 14 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон;
- 19 хуулийн этгээдийн 21.1 тэрбум төгрөгийн 434 гүйцэтгэх баримт бичигт нийт 26 ширхэг дуусаагүй орон сууц, барилгыг тогтоосон.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 82 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг 277 удаа түдгэлзүүлсэн байна. Үүнээс 12 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэг байгууллагын шийдвэрээр, 70 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хоёр болон түүнээс дээш байгууллагын шийдвэрээр давхар түдгэлзүүлсэн байна.
Мөн “Нийтийн зориулалттай дуусаагүй барилга “бүгд бүртгүүлдэггүй, сайн дурын” шинжтэй учраас бүх захиалгын гэрээг бүртгэх боломжгүй, зөвхөн дуусаагүй барилгаар бүртгэлтэй урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой. Захиалгын гэрээгээр иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан боловч гүйцэтгэгч болон барилгын захиалагч газрын эрхээ дагаж дангаар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж буйг онцоллоо.
Цаашид иргэдийн орон сууцны захиалгын гэрээг давхардуулан байгуулах эрсдэлийг таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түр журмыг боловсруулж байгааг танилцууллаа. Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийх, иргэн өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэх юм.
Хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие холбогдох албан тушаалтнуудад иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллах, хэрэгт холбогдсон орон сууцны компани, аж ахуй нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Орон сууц захиалгатай холбоотой хамгийн их хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг нь шийдвэрлэх боломжтой гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзэж байгаа учир холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, бодит үр дүн гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө. Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг шуурхай барагдуулах, цаашид иргэдийг ижил төрлийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх нь Ажлын хэсгийн гол зорилго юм” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




