Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49%-ийг худалдан авахад мөнгө зээлдүүлсэн үү?

Б.Ану
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49%-ийг худалдан авах үйл ажиллагаанд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн Банк  “Монголиан коппер корпорейшн”, “Кью Эс Си” ХХК-д  дэмжлэгүүд үзүүлсэн гэх мэдээллийг Засгийн газар болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгөөд байгаа билээ.

Тэгвэл Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлд Монголбанкны үйл ажиллагаанд хориглох үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Энэ зүйлийн тавд  “Монголбанк нь Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл төв банк хууль зөрчин зарим компанид зээл өгсөн үү гэдгийг одоогийн Монголбанкны олон нийтийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас тодруулахад “Тийм зүйл болоогүй. Монголбанк нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж ирсэн” гэв. 

Тодруулбал,

Монголбанкны тухай хуулийн 18 дугаар зүйлд "Засгийн газарт зээл олгох тухай" заасан байдаг. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт “Монголбанк улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх нөхцөлтэйгөөр Засгийн газарт зээл олгох буюу Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдан авч болно” гэж заасан байдаг.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн нэгт Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах арга, хэрэгслийг ашиглаж болно:

  • 1/банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;
  • 2/банканд зээл олгох, санхүүгийн  хэрэгсэл ашиглах;
  • 3/хүүгийн нэгдсэн бодлого явуулах;
  • 4/нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;
  • 5/банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх зэрэг эрхтэй" байдаг гэж заажээ. 

Монголбанкнаас өгч буй тайлбараар Монголбанк хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ тухайгаа ч холбогдох газруудад албан байдлаар илэрхийлсэн байдаг гэсэн юм.

Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд тараад буй дараах албан бичгийг үнэн гэдгийг батлав.