Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-14: Оюутан-орчуулагч

ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Хоёрдугаар курсын дундаас солонгос хэл маань илт сайжраад ирсэн болохоор тун урамтай байлаа. Хичээл дээр уран зохиолын орчуулга үзэж эхэлсэн нь оюутнуудын үгийн сан, ур чадварыг ёстой л сорьж байлаа. Манай ангийнхан багш нартайгаа хамтраад Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” романы хэсгээс солонгос хэл рүү орчуулсан гээд л бод. Энэ үед солонгос хэлний мэдлэгээ сорих хэрэгтэй гэж бодогдон, нэг үгээр одоо л өөртөө итгэх болов.

Хамт амьдардаг солонгос эгч Солонгост оюутнууд сурахын хажуугаар ажил хийж мөнгөн хуримтлал үүсгэдэг талаар надад сонирхуулан ярьж байсныг өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэхийг ч хүснэ. Аав, эмээ хоёр маань зах зээл эхэлснээс хойш надад илүүчлэх мөнгөөр тааруухан болоод байлаа.  
Албан ёсны орчуулга хийсэн анхны тохиолдлыг би огт мартдаггүй юм. Улаанбаатар, Сөүл эгч дүүс хотууд болох ажил дөнгөж эхэлж байсан үе. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэгэн чухал уулзалтад орчуулга хийх даалгавар авлаа. Тэр өдөр ажил хэрэгч хувцаслаад өглөө эрт гэрээсээ гарахдаа огт хоцроогүй хэр нь яаран сандарч байсан тэр мэдрэмжийг эргэн санахад маш гоё, басхүү шинээрээ дурсагддаг. Орчуулга дуусаад харих замд би нэг их том хэрэг бүтээчихсэн баяр хөөртэй амьтан, ганцаараа инээмсэглээд л явсансан...

Бидний оюутан ахуй цаг 90-ээд оны эхэн бол Монгол Улс зах зээлийн харилцаанд дөнгөж шилжин орж байх үес бөгөөд төр засгийн өндөр, дээд хэмжээний айлчлал, түүнийг дагалдах яриа хэлэлцээнүүд эрчимжиж байв. Монгол Улс орчин цагийн дипломат бодлогоо тодорхойлох, түншүүдээ сонгох нарийн чимхлүүр нүүдлүүдийг хийж байх түүхэн үед Олон улсын харилцааны сургуулийн эрдэмтэн багш нартайгаа учран золгож, гадаад харилцааны номын дуу сонсож, солонгос хэлийнхээ буянаар цаг үеийн эрчилсэн хаялгаас насан багадаа хүртэн боловсорч байсан минь юутай ч зүйрлэшгүй хувь заяа билээ. Гуравдугаар курст ороод БНСУ-аас Монгол Улсад хийсэн төр засгийн айлчлал, Гадаад харилцааны яаманд зохиогдсон олон ч уулзалтад орчуулагчаар ажиллах завшаан бүрийг алдсангүй. 

Тэр үед манай улсад солонгос хэлний албан ёсны орчуулга хийх чадвартай хүн тун цөөн байснаас миний мэдэхийн БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль төгссөн 15 монгол оюутан, мөн ОУХДС-д солонгос хэл үзсэн бидний 13, тухайн үеийн Гадаад хэлний дээд сургуулийн 10-аад оюутан байлаа. 1970-аад онд солонгос хэл сурсан дөрөв, тавхан хүн байсан нь Элчин сайд, эсвэл өөр том албан тушаал хашдаг байв. Солонгосоос монгол хэл рүү орчуулах ажилд БНАСАУ-д төгсөгчдөөс гол төлөв томилогдож, харин тэд миний солонгос хэлний дуудлагыг гойд цэвэрхэнд тооцох тул монголоос солонгос руу орчуулахад би ихэвчлэн ажилладаг байлаа. 

Солонгос хэл сайн сурсан боломжоо би бүрэн дүүрэн ашигласан. Дипломат уулзалтаас бусад орчуулгын ажлыг шилж хандах болов. Ханшаа өөрөө тогтооно.  Мөн Монгол, Солонгосын эрдэмтэн профессоруудын хамтарсан хоёр улсын түүхэнд томоохонд тооцогдох хайгуулын экспедицэд явна. Археологийн судалгааны ажлын нөхцөл нь хүнд ч шан хөлс нь сайн. Ингээд санхүүгийн хувьд биеэ дааж эхэллээ. Эгчийн захиснаар овоо ч хуримтлалтай болоод авсан байлаа. Хамт байсан солонгос эгч нутаг буцаж, дөрөвдүгээр курстээ би байр хөлслөн амьдарч эхэлсэн юм. 

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ой биднийг гуравдугаар курс төгсөх хавар тохиов. Энэхүү арга хэмжээний хүрээнд МУИС дээр хүлээн авалт хийх ажлыг би гардаж зохион байгуулах боллоо. Мэдээж надад ОУХДС-ийн захирал, багш нар, Солонгос судлалын тэнхимийн маань 1-4 дүгээр курсийн оюутнууд тусалсан юм. Юуны өмнө солонгос хоолны ресторантай ярьж зоог бэлтгүүлэх боллоо. Нэг, хоёрдугаар курсийнхнийг төмс ногоо арилгуулах зэрэг гал тогооны ажилд дайчилснаар хоолны асуудал цэгцрэв. Ийнхүү МУИС дээр гурав, дөрөвдүгээр курсийнхэнтэйгээ 200 хүний босоо хүлээн авалт хийж билээ. Дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, бизнесмэнүүд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээг анх удаа гэхэд маш сайн зохион байгуулж чадсан маань надад урам зориг өгсөн. Монголд үүдээ нээгээд байсан хамтарсан компаниуд энэ үеэр зарим оюутныг ажилд хүртэл авсан гэхээр үнэхээр үр дүнтэй арга хэмжээ болж билээ.

Сургуулиа төгсөх үед манай үеийн гайгүй сурлагатай оюутнууд ер нь л гадаадад үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байлаа. Би ч өөрийгөө Солонгосоос ирэх хуваарьт баттай багтаж чадна гэсэн бодолтой явав. Гэтэл тэр хавар ганцхан хуваарь ирсэн нь эрэгтэй оюутан авах нөхцөлтэй болж таарлаа. Ингээд манай ангийн Баярхүү гэж маш сайн сурлагатай залуу хуваарь авч суралцахаар явсан даа. Баярхүү маань олон улсын харилцааны чиглэлээр мэргэшиж, Монгол Улсын дипломат албанд зүтгэсээр яваа.

“Сөүл”-ээс ирсэн санал

 

Гадаадад суралцах хуваарьт багтаагүйгээ мэдээд нэг их удаагүй л байсан юмдаг. Тэр үед хожим миний бизнесийн багш болох эрхэм хүнээс 14 хоногийн ажлын санал ирэв. Тэр үед орчуулагч нь түр гадаад явчихаад байсан юм билээ. Тэгээд 14 хоногийн гэрээгээр одоогийн “Сөүл” ресторанд ажилласан. Хэдхэн хоног ажиллахдаа компанийн бичиг цаасыг цэгцлэхээс эхлээд ажиллагсдын сургалт, харилцан ойлголцол зэрэг олон асуудлыг шийдэж байж билээ. 14 хоногийн дараа Ү захирал надад урт хугацаагаар хамтран ажиллах санал тавьсан. Би түүнд гадаадад суралцах зорилготой гэдгээ хэлэв. Харин Ү захирал ахмад хүний хувиар: “Олон монгол залуучууд гадагшаа явж суралцахыг зорьж байна, явцгаах ч болно. Чамд гэж зөвлөхөд, Монгол Улс одоохондоо шинэ хөгжлийнхөө дөнгөж эхний шатыг тавьж байна. Яг ийм эгзэгтэй, бас сонирхолтой, боломжоор дүүрэн цаг үед чи эх орондоо үлдээд баялаг бүтээх бизнесийн орчинд ажиллавал чи чадна. Боломж гэдэг зүйл дандаа гарч ирдэггүй. 

Миний саналыг дахин нэг бодож үзээрэй. Чи амжилт олбол гадаадын аль ч улсад суралцах, аялах гээд ямар ч зорилгоор, хүссэн цагтаа явах боломж тэртэй тэргүй чамд байгаа гэдгийг бүү мартаарай. Харин та нар шиг, чам шиг залуус яг одоо шинэ Монгол Улсаа бүтээхэд гар бие оролцох нь маш чухал шүү гэдгийг л ойлгох ёстой” гэсэн нь тухайн үед гэрийнхнээсээ тэнгис далайгаар зааглагдалгүйгээр ажиллаж амьдрах, бизнест хөгжиж дэвжих ийм боломжийг хожим эргэж олно гэж байхгүй. Монголд даацтай бизнес байгаагүй тэр үед энэ бол ухаалаг, ирээдүйтэй санал байсан юм. Гэвч би түүнд “Долоо хоног бодъё” гэсэн. Дахиад л галт тэргээрээ түчигнүүлэн гэртээ харьж эмээ, аав хоёртойгоо гэрийн хурал хийж зөвлөлөө. “Эмээ нь чамайг чадна гэж итгэж байна. Ажил багаасаа эхэлнэ” гэж байна.

Харин хөөрхий аав минь миний аяыг харах санаатай, “Охин минь өөрөө юу бодож байна” л гэх. 1990-ээд оны Улаанбаатарт социализмын үед олноо танигдсан цөөн тооны уламжлалт үйлчилгээ бүхий ресторан, зоогийн газар ажиллаж байв. Зах зээлд дөнгөж шилжсэн, эдийн засгийн хүндрэлтэй тэр цаг үед үүдээ зориглон нээсэн ресторан ёстой л хуруу дарам цөөн байсны нэг нь “Сөүл”. Би Түнхэлээс буцаж ирэхдээ “Сөүл”-д ажиллах шийдвэрээ гаргасан байлаа. 

Шинэ соёл

 

“Сөүл” ресторан тухайн үедээ монголчуудын хувьд хоолны талаарх танин мэдэхүйн хичээл болж байсан тухай манай үйлчлүүлэгчид одоо ч хэлдэг юм. Анх орж ирээд солонгос төдийгүй европ хоолны огт мэдэхгүй жоруудыг амталж үзсэн, эсвэл үйлчилгээний газрын цэмцгэр, тансаг орчныг мэдэрсэн гээд л. Үйлчлүүлэгчээ хүндэтгэн дээдэлсэн харилцаагаараа манайх онцгой ялгарсан билээ. “Сөүл” ресторан маань эрүүл зөв хооллолтын хэм хэмжээ, зоог сонгох, хүртэх соёл, гэр бүл, хамт олноороо баяр тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулах орчин цагийн хэв маягийг Монголд шинээр түгээн дэлгэрүүлсэн гэсэн бахархлыг минь та бүхэн ч дэмжин хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Үйлчилгээний салбарт шинэ соёл түгээх үйлсийн үйл явц бүрт хариуцлагатайгаар гар бие оролцсон 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд “Сөүл” ресторан Монгол Улсад албан ёсоор айлчилсан гадаадын төр засгийн тэргүүнүүдэд хүндэтгэн барих зоогийг хариуцан ажиллахдаа тухай бүрт нь дипломат ёс, төрийн ёслолын стандарт, үйлчилгээний чанарыг өө сэвгүй илэрхийлж, эрхэмсэг зочдын өмнө улс эх орныхоо нэр төрийг дээд зэргээр хамгаалж чадсан билээ.  

Итгэл найдвартай, сэтгэл зүтгэлтэй баг, хамт олонтой байхад ямар ч чухал ажлын ард гарч чаддагийг олж мэдсэн туршлага минь хожим илүү том зүйлийг бүтээхээр тэмүүлэх шалтгаан болж, намайг улам хөгжүүлэн хөглөж байсан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.