Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-11: Айлаас хөөгдсөн нь

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Аравдугаар ангидаа эмээгийн холын хамаатныд суухаар боллоо. Дөрвөн эрэгтэй, нэг охинтой айл. Ганданд гэрт амьдардаг. Оройдоо нэг удаа том тогоо дүүрэн хоол хийдэг. Хичээлээ тармагц гүйж ирээд гэрийн ажилд тусалж, хамтдаа бужигнаж байгаад хүмүүс унтахаар хичээлээ хийхээр сууна. Гэр бол байшингаас өөр. Гэрэл асаалттай байхад хэн ч унтаж чадахгүй шүү дээ. Тиймээс би аль болох шөнө оройтой уралдан хичээлээ давтаж амжихыг хичээн, цаг хугацаатай ёстой л уралддаг болов. Төгсөх анги тул их сургуулийн элсэлтийн шалгалт сар сараар ойртоно. Яах аргагүй л шөнө суудгаараа суухаас өөр замгүй болоод ирлээ.

Сүүлдээ гэрийн хүмүүс дургүйцдэг боллоо. Нэг удаа бүр муудалцаад би ганцаараа эвийг нь олж дийлэхгүй болсон тул аавыгаа дуудав аа. Аав Түнхэлээс ирээд нөгөө айлыг “Хүүхдийн хичээл давтуулчихад яадаг юм” гээд тараагаад тавьдаг байгаа. Аав ер нь надад хир халдаадаггүй хүн байв. Нөгөөдүүл нь яалаа гэж мөчөөгөө өгөх вэ дээ. “Тэгвэл манайх танай хүүхдийг байлгахгүй. Суух айлаа хай” гэв ээ. Аргагүй л дээ.

Од түгсэн шөнөөр чемоданаа бариад, Гандангаас уруудан алхаж билээ. Хоёулаа хаачихаа мэдэхгүй. “Аав, одоо хаачих вэ, өөр айл алга уу” гээд л асуух, ярихын завсар хэлэхэд аав дуугаа хураан явж явж “За нэгдүгээр хороолол орно оо” гэсэн. Тэнд нэг эмээгийнх байдаг юмсанж. Гурван жаахан хүүхэдтэй охин, хүргэн хоёртойгоо амьдардаг эмээгийнд алхаж хүрэв. Айлын хүүхдэд хүнийрхдэггүй, байгаагаараа л байдаг тийм нэг хөөрхөн эмээ.

Эднийдээ би 10 дугаар ангийн сүүлийн саруудад, мөн их сургуулийн эхний курсээ төгстөл амьдарсан. Нэгээс гуравдугаар хороолол, дараа нь нэгдүгээр хороолол - МУИС гэсэн чиглэлээр автобусддаг байлаа.

Улаанбаатарт амьдарсан гурван айлдаа би үргэлж талархаж явдаг. Айлын хүүхэд нэг бус нэлээд хэдэн сараар гэртээ суулгаж, халуун бүлийнхээ нэгэн гишүүн болгоно гэдэг зөвхөн монгол хүмүүст л байх уужуу сайхан сэтгэл билээ.

Өнөөх элсэлтийн шалгалт

Ингээд миний өмнөө тавьсан ганцхан зорилго биелэх, эсэхийг шийдэх өнөөх элсэлтийн шалгалт буюу конкурс өгөх цаг дөхөв. МУИС-ийн харьяанд дөнгөж нээгдээд удаагүй байсан Олон улсын харилцааны дээд сургуульд өрсөлдөхөөр боллоо. Онц сурдаг бүх хүүхэд энэ сургуульд л конкурсддэг гээд сонсчихсон, зүрх дэлсээстэй. 

Намайг аав маань дасгалжуулсан. “Миний хүү одоо жаахан унт, алив унтахаасаа өмнө нэг хуудас харчих юм уу, хоолоо идчихээд ерөөсөө парк орж уншиж суувал ямар вэ, хамгийн гол нь хоёулаа тайван үзнэ шүү, чи чадна аа” гээд л.  

Хөдөөгийн хүн болохоор аав хот сайн мэдэхгүй ээ. Очдог цөөхөн хэдэн газартай. Нэг нь парк. Нэгдүгээр хорооллоос хоёулаа алхаж гарна. Аав сайхан зүйл ярьж миний сэтгэлийг сэргээж урам өгөхийг л хичээнэ. Орост цэргийн сургуульд сурч байсан түүхээсээ хуучилна.  

Элсэлтийн шалгалтын эхний даваа орос хэл. 25 оноо авахаас 25 авсан. Дараа нь монгол бичиг. Үндсэн хуулиа монгол бичгээр ацаг шүдний зөрүүгүй нүдэлж цээжилсний хэрэг гарч, мөн хамгийн дээд оноог авав. Сүүлийн хоёр шалгалтад арай бага оноо авсан ч тэр жил ОУХДС-д конкурстсэн нийт 800 гаруй хүүхдээс эхний 15-д орж, сургуульдаа элссэн дээ. Тэр үед шалгалт шүүлэг сайхан шударга болдог байж. Хуваариа аваад гарч ирэхэд хүүхдүүдийн аав ээж нь том том баглаа цэцэг барин угтсан. Аав минь гурван ширхэг сарнай барьчихсан зогсож байж билээ. Тэр өдөр бид хоёр Сүхбаатарын талбай дээр зургаа авахуулан том зорилгоо биелүүлсний баяраа тэмдэглэсэн юм даа. Ингээд л дурсахаар би ааваа саначихдаг... 

МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд гадаад хэлний ангиудыг “гадаад харилцааны мэргэжилтэн”, “гадаад хэлний багш-орчуулагч” гэсэн хоёр бүлэгт ерөнхийд нь хуваадаг байсан. Би гадаад харилцааны мэргэжилтний ангийг сонгов. Тухайн үед надад Европын орнууд сайхнаар төсөөлөгдөж, тэр дэврүүн бодолдоо автан итали ч юм уу, франц хэл сонгож үзмээр санагдана. Харин аав солонгос хэл сонгосон нь дээр гэж зөвлөсөн.

Надад солонгос хэл, Солонгос орны талаар ямар ч ойлголт байсангүй. Хүмүүс киног нь үзээд заавал уйлдаг ч билүү, тиймэрхүү л төсөөлөлтэй байсан санагдана. Аав Орост сурч байхдаа ангийнхаа солонгос залуутай их дотно найзалдаг байснаа ярьдаг байв. Тэр нь нөлөөлсөн ч байж мэднэ. Ямар ч гэсэн надад сонгох хувилбар арвин байсан ч би аавынхаа зөвлөгөөг дагахаар шийдсэн. МУИС тэр үед хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийж, маш сайн багш нараар хичээл заалгаж, гадаад харилцааны мэрэгжилтнүүдийг бэлтгэж байлаа. Би их азтай хүн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.