Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун Африкийн эрэг орчимд далайн дээрэмчдэд барьцаалагдсан Оросын зургаан далайчнаас сураггүй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн эрэг орчимд далайн дээрэмчдэд барьцаалагдсан зургаан далайчнаас ямар ч сураг гараагүй байгааг Бенин улс дахь ОХУ-ын элчин сайдын яам Ням гарагт мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 2-ны өдөр Бениний харьяа усанд хөвж явсан Панамын далбаатай MSC Mandy чингэлэг тээврийн хөлөг рүү далайн дээрэмчид довтолж, дээрэмдээд буцахдаа зургаан далайчныг барьцаалж явсан юм.

Тухайн үед хөлөг дээр 26 хүн байснаас 20 нь Орос, дөрөв нь Украин, хоёр нь Гүржийн далайчид байжээ. Барьцаалагдсан зургаан далайчин бүгд ОХУ-ын харьяат иргэд байсныг тогтоосон байна.

Тус хөлөг Того улсын Ломе боомтоос Нигерийн Лагос хотыг чиглэн зорчиж байжээ. Халдлагын дараа хөлөг аялалаа үргэлжлүүлж нэгдүгээр сарын 5-ны өдөр Бенинд буцаж ирсэн байна.

Үүний дараа Бенин дэх ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид хөлөгт очиж, багийн гишүүдтэй уулзан мэдээлэл авсан гэнэ.

Далайчдын мэдүүлснээр англи хэлээр ярьдаг 8-10 дээрэмчин моторт завьтай хөлөгт довтолсон байна. Тэднийг АК-47 автомат буу, мачетаар (урт хутаг) зэвсэглэсэн байсныг зарим хүн гэрчилжээ.

Халдлагад өртсөн MSC Mandy хөлөг 1993 онд үйлдвэрлэгдсэн, 37,000 тонн жинтэй юм байна. Баруун Африкийн Гвинейн буланд далайн дээрэмчдийн үйл ажиллагаа идэвхтэй байдаг. Тэд энд газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг булаах, далайчдыг барьцаалж мөнгө нэхэх явдал түгээмэл.

2018 оны хоёрдугаар сард газрын тос тээвэрлэгч хөлгийг Гвинейн буланд далайн дээрэмчид барьцаалж, Энэтхэгийн харьяат 22 далайчныг тав хоногийн дараа мөнгө төлөн суллуулж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС, Интерфакс