Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн даахь үргээхэд билгийн тооллыг баримтлах бөгөөд хавар, намар л авдаг гэдэг нь ташаа ойлголт"

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн даахь үргээх ёсны талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Сар шинийн өдрүүдээр хүүхдийн даахь үргээхэд сайн гэдэг. Энэ жилийн сар шинээр даахь үргээхэд сайн өдөр нь хэдэн хэдэнд тохиож байгаа вэ?

- Хүүхдийн даахь үргээнэ гэдэг бол маш чухал зан үйл. Хүүхдийн даахийг сар шинээр эсвэл ивээл сард нь авдаг. Шинийн гурван, дөрвөнд даахь үргээхэд сайн. Мөн тухайн хүүхдийн хүйс, жил, төрсөн сар өдрийг харгалзан ивээл сар, өдрийг товолж авах нь тохиромжтой.

- Энэ жил сар шинэ эрт байгаа. Баяр дөхсөн энэ өдрүүдэд буюу гахай жил гарахаас өмнө хүүхдийнхээ даахийг авах гэсэн эцэг эхчүүдийн зүгээс өвөл хүүхдийн даахийг авч болох эсэх талаар асуулт ирж байна. Та үүнд тайлбар өгөөч?

- Сүүлийн үед охин хүүхдийн үсийг хавар, хүү хүүхдийн үсийг намар авдаг гэх ташаа ойлголт тарах болж. Судар номонд бол тийм зүйл байхгүй. Дээр хэлсэнчлэн тухайн хүүхдийн сайн өдрийг харах бөгөөд тэр энэ улиралд даахь үргээхгүй гэх ойлголт байхгүй. Тухайн хүүхдийн сайн сар өдрийг л сонгох хэрэгтэй.

Гахай жилд 2015 оны хонь, 2017 оны тахиа жилтэй эрэгтэй, 2016 оны бич, 2018 оны нохой жилтэй охин хүүхдийн даахийг авч болно. Даахь үргээхэд билгийн тооллыг баримтална.

Хүүхдийн даахинд хамгийн эхэнд ивээл жилтэй эрэгтэй хүн хүрэх бөгөөд эрэгтэй хүүхдийн баруун шанаанаас, эмэгтэй хүүхдийн зүүн шанаанаас эхэлж авна.

Монголчууд бид хүүхдийн даахь үргээх, хурим найр хийх, шинэ ажил эхлэх гэх мэт ажлуудаа шинийн 15-нд багтааж хийдэг уламжлалтай. Шинийн 1-15 хүртэл сар бага багаар арвижаад 15-наас хойш хомсдож, багасаж эхэлдэг. Тиймээс арвижин дээшлэхийн бэлгэдлийг бодож шинийн 15-ны чухал зан үйлүүдээ гүйцэлдүүлдэг юм.