Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Хайдав таалал төгсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа. 

Г.Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн бөгөөд 1933 онд Их хүрээнд иржээ. Тэрбээр ажлын гараагаа тухайн үеийн хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр эхлүүлэн ажиллаж байхдаа сайн дурын уран сайханч болж, 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд түрүүлснээр урлагийн замд хөл тавьж байсан түүхтэй.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав нь 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцан төгсөөд 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллах болжээ.

Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхны 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьсан түүхтэй.

Тэрбээр дуучны мэргэжлийг эзэмшсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон дуурийн сонгодог 30 гаруй дүрийг бүтээсэн бөгөөд урын сандаа 700 гаруй уран бүтээлтэй Монгол Улсын урлагийн нэрт зүтгэлтэн байсан юм.

 Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.