2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-18°
22:00
S31
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
06:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ү.Үүрийнтуяа: Шатрын спорт намайг тэвчээртэй, хариуцлагатай, аливаад нухацтай ханддаг болгожээ

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 22
Үндэсний шуудан

Манай улсын шатрын спортоос 10 дахь их мастер цолтон төрсөн тухай бид мэдээлсэн. Тэр бол Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай" клубийн тамирчин, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Ү.Үүрийнтуяа юм.  Английн Лондон хотод болсон Дэлхийн шатрын холбооны хурлын үеэр түүний их мастер цолыг албан ёсоор баталсан юм. Ингэснээр 21 настай Ү.Үүрийнтуяа эл цолыг хүртсэн Монголын 10, эмэгтэйчүүдээс зургаа дахь шатарчин боллоо. Шатрын спортоор 13 жил хичээллэж буй тэрбээр Монголд болсон залуучуудын Азийн АШТ-ий хошой аварга болохдоо их мастер цолны хоёр дахь болзлыг хангасан юм. Отгон их мастертай ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд их мастер цолд хүрч, Монголоос төрсөн 10 дахь их мастер болсонд баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч олон орон шатрын их мастергүй гэж сонссон. Гэтэл гурван сая хүн амтай манай улс 10 их мастертай байна гэдэг том үзүүлэлт. Бас энэхүү спорт Монголд ямар хэмжээнд хүрснийг илтгэж байгаа байх. Их мастер болсныг тань албан ёсоор зарлахад юу бодогдов?

-Өөрийн эрхгүй баярласан. Энэ цолд хүрэхийн тулд их мастер Д.Шаравдорж багштайгаа болон клубийнхээ хоёр шатарчны хамт Европ руу олон улсын цуврал тэмцээнд оролцохоор явсан. Эхний тэмцээнээсээ балл авч чадаагүй. Харин дараагийн тэмцээнээс эрэгтэй олон улсын мастерын болон эмэгтэй их мастерын балл авсан. 

Сүүлийн тэмцээнээс их мастерын баллаа авлаа гэж бодтол Болгар Улс татвараа төлөөгүй байсны улмаас асуудал гарч авч чадахааргүй болсон. Ингээд наймдугаар сард Монголд болсон Азийн залуучуудын аваргад түрүүлж сүүлийн баллаа авсан юм.

Би 2016 онд анх Азийн залуучуудын аваргад түрүүлж анхны баллаа авч байлаа. Тэгэхээр дээрх тэмцээний хошой аварга болохдоо их мастерын гурав дахь баллаа авснаа маш их билэгшээж байгаа. Эмээ минь намайг хичээл номдоо гол анхаарлаа хандуул гэж хэлдэг хүн. Гэтэл их мастерын болзол биелүүлтэл маш их баярлаж байсан. Ээж ч гэсэн их баярлаж байсан. Үнэхээр их баяртай байна.

-Анхны баллаа авснаас хойш хоёр жилийн дараа их мастер боллоо. Энэ хугацаанд их зүйл даван туулсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь их мастер болохын тулд маш өндөр шалгуур давах хэрэгтэй байдаг. Зам нь ч тийм дардан байгаагүй. Эхний жилдээ хичээлээсээ нэг жилийн чөлөө хүртэл авч үзлээ. Зөвхөн Азийн залуучуудын аваргад бэлдэхийн тулд хичээлээ завсарласан. Гэхдээ үр дүн нь сайнаар гарсан учраас баяртай явдаг. Нэг мэдэхэд л түрүүлэх өрөг дээр ирчихсэн байв. Ингээд сүүлийн өрөгтөө багшийнхаа хамт шөнөжин бэлдсэний эцэст өрсөлдөгчөө хожиж түрүүлсэн. Тэр утгаараа энэ тэмцээн миний санаанаас огт гардаггүй. Маш тод дурсамж үлдээжээ.

-Монголд олон төрлийн спорт хөгжиж байгаа. Гэтэл энэ олон спортоос яагаад заавал шатрыг нь сонгох болсон юм бэ. Хэн нэгний нөлөө, шахалт байв уу?

-Дэлхийд хамгийн өндөр рейтингтэй, түгээмэл, олон сонирхогчтой спортын төрлийн нэг нь шатар. Нэгдүгээрт хөл бөмбөг, хоёрдугаарт шатар ордог юм билээ. Тэр утгаар нь сонгосон. Тэгээд ч аав, ээж хоёр минь шатрын спортод дуртай, элэгтэй. Ээж улсын аваргаас медаль хүртэл авсан хүн шүү дээ. Энэ бүхэн нь нөлөөлсөн байх. Анх шатар тоглож эхэлтэл нэлээд ахицтай байсан. Түүндээ урамшиж тоглосоор яваад жинхэнэ утгаараа энэ спортод автсан. Эцэг, эхийн дэмжлэг ч сайн байлаа. Долоон настай байхдаа найман настнуудтай улсын аваргад өрсөлдөж түрүүлэх жишээний. Энэ бүхэн надад маш их урам өгсөн учраас шатраараа дагнасан юм.

-Ээж нь улсын аваргын медальтай юм бол анхны нүүдлийг ээжээрээ заалгаж дээ?

-Аав заасан. Харин ээж багаас маань л энд тэндхийн тэмцээн уралдаанд дагуулаад явдаг байлаа. Миний хамгийн сайн менежер юм даа. Орбитод гэртэй. Тэндээс тэмцээнд явна. Дүү маань хараахан тоглож эхлээгүй байсан үе. Өрөгт хожигдох үед ээж загнана. Нэг удаа сурвалжлагч эгч надаас “Миний дүү хожигдохоороо юу боддог вэ” гэж асууж байсан юм. Тэр асуултад би “Ээжийгээ л боддог" гэж хариулсан. Үнэхээр алдаа гаргаж хожигдох бүрд ээж бодогдоно. Тэгэхээр ээжээс нэлээд эмээдэг байж л дээ.

-Яг юу нь гоё болоод өнөөдрийг хүртэл шатраа орхиогүй яваа юм бол. Шатраас та яаж таашаал авдаг вэ?

-Бүхий л спортод байдаг зүйл. Шатар бол бусад спортоос удаан гэдэг утгаараа сэтгэлзүй их шаарддаг. Гарааны бэлтгэл сайн байх хэрэгтэй. Юунаас таашаал авч болох вэ гэдэг нь одоо л анзаарагдаж байна. Юу гэвэл аливаа асуудалд нэлээд нухацтай хандах зан чанарыг шатрын спортод надад суулгажээ. Зөвхөн надад ч биш энэ спортоор хичээллэж байгаа бүх хүнийг ийм зан чанартай болгосон юм шиг. Асуудлыг нэг өнцгөөс биш олон талаас нь харах чадвартай болгож байгаа юм. Тэгэхээр шатрын спорт хүнийг тэвчээртэй, хариуцлагатай, аливаад нухацтай хандах чадварт суралцуулдаг.

-Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулдаг вэ?

-Өмнө нь зөвхөн шатраа тоглодог байхад багадаа зургаан цагийг шатарт зориулж, бэлтгэлээ хийдэг байлаа. Одоо бол хичээл, шатар гэж хосолж яваа учраас бэлтгэлийн цаг харьцангуй багассан.

-Бэлтгэлийн цаг багассаны сөрөг үр дагавар илэрч байна уу?

-Илэрнэ. Тогтмол бэлтгэлтэй хүн хагас дутуу бэлтгэлтэй хүний хооронд асар их ялгаа гардаг. Нүүдлийн, гарааны, комбинацын гэх мэт. Гараа муу байвал тухайн өрөг цаашаа ямар болох нь ойлгомжтой. Бэлтгэлийн цаг багассанаар тамирчны сэтгэлзүй ч сул болдог.

-Та жилд дотоод, гадаадын хэдэн тэмцээнд ордог вэ?

-Дотоодын тэмцээнийг алгасахгүй оролцохыг боддог. Ер нь ч тогтмол оролцоод явдаг. Харин олон улсын тэмцээнд жилдээ ядаж 1-2 тэмцээнд оролцохыг боддог. Бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл нь санхүү. Өөрсдөө санхүүгээ босгодог учраас тэр бүр тэмцээнд явж чадахгүй байна.

-Үнэхээр шатарчдын гол бэрхшээл нь санхүү юм байна. Нэг тэмцээнд дунджаар хэдэн төгрөгийн зардал гардаг вэ. Зардлаа өөрсдөө бүрдүүлэх үү?

-Их мастер Б.Гүндаваа ах “Шунхлай”, их мастер Б.Мөнгөнтуул эгч “Алдар” спорт хороогоор овоглож, тэндээс цалинждаг. Гэтэл надад харьяалагдах байгууллага байхгүй. Санхүүгийн тогтвортой дэмжлэг байхгүй учраас байр, хоолыг нь зохион байгуулагч тал даадаг тэмцээнийг ихэвчлэн сонгож, замын зардлаа ээжээсээ авдаг. 

Дашрамд, нэг зүйлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Би Увс аймгийн Өмнөговь сумын хүүхэд. Манай нутаг шатрын клубтэй болсон. Энэ үеэр З.Бямбаа, М.Баярмандах ах болон нутгийн зөвлөлийнхөн миний нэг тэмцээний зардлыг даахаа илэрхийлсэн. Энэ бол надад маш том боломж. Тиймээс энэ хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Нэг тэмцээнд зөвхөн замын зардалд л 2-3 сая төгрөг зарцуулж байгаа юм, Европ руу явахад. Байр, хоолыг нь даана гэхгүй л бол өөрсдөө гаргана гэдэг маш хэцүү шүү дээ.

-Ингэхэд их мастер Д.Шаравдоржид анх хэзээ шавиар орсон юм бэ?

-2012 оноос. Багш бид хоёр тухайн үед багийн тэмцээнд орсон. Миний дүү Ү.Агьбилэг багшийн шавь байсан. Ингээд багт нь нэг эмэгтэй шатарчин хэрэг болсон юм билээ. Тэр эмэгтэй шатарчны орон зайг нь би нөхөж, багаараа аварга болсон. Энэ цагаас хойш багшийнхаа удирдлагад хичээллэж байна. Миний их мастер болсон гавьяа яалт ч үгүй Д.Шаравдорж багштай минь салшгүй холбоотой. Хэрвээ энэ хүн байгаагүй бол би өдийд их мастер боллоо гээд энд ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Тиймээс багшдаа маш их баярлаж явдаг.

-Та хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?

-Монголынхоо бүх шатарчнаас авууштай зан чанарыг нь үлгэрлэдэг. Жишээ нь, их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар шатраар тууштай хичээллэж байна. Энэ бол том үлгэрлэл. Бас шатраа ажилтайгаа хослуулаад мундаг амжилттай яваа шатарчид ч бий. Мөн багшаасаа маш их үлгэр дуурайл авч, багшаараа бахархдаг. Миний багшийн дөлгөөн зан, шатраа гэсэн, шавь нараа гэсэн сэтгэл нь үнэхээр агуу. Энэ мэтчилэн үлгэрлэх, суралцах хүн олон бий шүү, манай шатрын гэр бүлд.

-Зарим тамирчин хичээллэж буй тухайн спортын төрлөө амьдралын баталгаагаа болгодог. Тэр утгаараа бүхнээ түүндээ л зориулах нь бий. Харин таны хувьд?

-Шатар амьдралын баталгаа биш шүү дээ. Тиймээс би хичээлдээ анхаарал хандуулж байгаа юм. Би МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцдаг. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах ч гэлээ шатрын спортоо орхихгүй. Ямар нэгэн байдлаар шатартайгаа холбоотой амьдарна гэж боддог. Энэ спортын хөгжилд анхаарал хандуулах бодолтой явдаг.

-Тамирчид олимпод оролцож аварга болохыг хамгийн дээд зорилгоо болгодог. Тэгвэл таны эрэгтэй их мастер цол уу?

-Шууд тэгж хэлэхээр өрөөсгөл юм шиг. Олимпын төрлийн спорт гэдэг арай өөр. Олимпын спортын төрлүүдийг шатартай харьцуулж, дүйцүүлэх боломжгүй л дээ. Жүдо л гэхэд жин тус бүрд аварга төрнө. Олимп, дэлхийн аваргаас медаль авахад cap бүр улсаас цалин авна. Гэтэл шатар тийм биш. Ядаж л төр засгийн бодит дэмжлэг байхгүй шүү дээ. Бүх насныханд нэг л аварга байна. Тэр аварга цолд хүрэхийн төлөө ёстой л бүхнээ хойш тавьж, амьдралаа зориулах шаардлагатай. Гэтэл манай улсад үнэндээ тийм боломж алга.

Шатрын дэлхийн аваргаас медаль авахын тулд, дэлхийн аварга цолыг эзэмшихийн тулд тухайн шатарчны ард бүхэл бүтэн баг ажиллах хэрэгтэй болно. Мэдээж энэ бүхэнд санхүү хэрэгтэй. Энэ мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлдөг учраас эрэгтэй их мастер цолны төлөө зүтгэнэ гэж бодохгүй байна. Одоо бол зөвхөн хичээлдээ л анхаарал хандуулж байгаа. Тиймээс сургуулиа төгсөөд сонголт хийх шаардлагатай тулгарах байх. Шатар уу, мэргэжил үү.

-Танайхыг “шатарчин гэр бүл” гэж тодорхойлж болох юм шиг санагдлаа. Ийм гэр бүлийн давуу тал нь сэтгэл санаанаас эхлээд бүхий л зүйлд бат бэх хана болж чаддаг болов уу?

-Яг тийм. Ялалт, ялагдал бүрд хамт шүү дээ. Биесээ илүү ойлгодог. Ер нь нэг гэр бүлээс хоёр шатарчин төрөх хэцүү. Адаглаад санхүү дээр гацах тохиолдол гарна. Ү.Агьбилэг дүү маань өсвөрийн таван удаагийн аварга, эрэгтэй олон улсын мастерын хоёр баллтай яваа.

-Дүүтэйгээ тоглодог уу, хэн нь арай илүү байна вэ?

-Тоглоно. Ер нь эн тэнцүү. Гэхдээ хоёр cap гаруйн хугацаанд шатраас бага зэрэг хөндийрч, хичээлдээ анхаарал хандуулсан. Гэтэл форм алдагдсан нь илт мэдэгдэж байна билээ. Түвшний хувьд зөрүү гарч байна билээ. Дүү шатар тоглох маш их дуртай учраас байнга л тоглодог юм.

-Та хэнтэй тоглож үзэх юмсан гэж боддог вэ?

-Өнөө цагийн номер нэг эмэгтэй шатарчин, их мастер Хоу Ифань. Энэ хүнтэй тоглож үзэх юмсан гэж боддог. Мундаг хүнтэй тоглоход бас гоё таашаал өгдөг шүү дээ. Өргийг нь харахаар тоглолтын арга барил нь минийхтэй төстэй юм шиг санагддаг. Тиймээс тоглож үзээд гоё мэдрэмж авмаар байна.

-Карауна, Карлсен нар яг одоо халз тоглож байна. Та бол сонирхож үзэж байгаа байх. Хэнийг нь хожно гэж бодож байна вэ?

-Найман өрөг тоглохдоо бүгдэд нь тэнцсэн байгаа. Хэн нь ч хожиж магадгүй. Гэхдээ миний хувьд Караунаг хожоосой гэж бодож байна. Яагаад гэвэл шинэ аваргатай болмоор байна шүү дээ. Тэр. утгаараа Караунаг дэмжиж байна. Ер нь бол Карлсений сэтгэлзүй арай өндөр түвшинд байгаа байх.

-Сүүлийн үед хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх сонирхолтой эцэг, эх их болжээ. Энд, тэнд дугуйлан ч нэмэгдсэн байна. Танд багшлах санал ирж байна yy?

-Ирж байсан. Манай сургуулиас ч тийм санал тавьсан. Сургуулийн зүгээс “цалинтай ажиллуулъя. Оюутнууддаа шатар заа" гэсэн. Миний сонирхол багшилж үзэх. Гэтэл Д.Шаравдорж багш, ээж хоёр “Чиний зорилго өөр шүү. Анхан шатныхан заана гэдэг тийм амар биш. Чиний тоглолтын чанар муудаж, форм алдагдана. Тиймээс наад саналаасаа татгалзсан нь зөв” гэж хэлсэн. Одоо бол их мастер болсон чөлөө, завтай үедээ оюутнууддаа сурсан мэдсэнээ хуваалцах бодолтой байгаа. Ер нь надтай “Би шатар тоглох сонирхолтой. Зөвлөгөө өгөөч” гэж оюутнууд маш их холбогддог. Тэр бүгдэд чадлынхаа хэрээр зөвлөгөө өгөөд явахыг боддог.

-Шатарчид сэтгэл хөдлөл багатай юм шиг санагддаг. Таны хувьд?

-Нэлээд сэтгэлийн хөдөлгөөнтэй. Гэхдээ тэмцээний үед түүнийгээ дардаг. Харин тоглолт дууссаны дараа дарж байсан сэтгэл хөдлөлөө энэ бүрээр ил гаргадаг тал бий.

x