Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба $30.8 тэрбумын барааг 24 цагийн дотор борлуулж, шинэ дээд амжилт тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Ганц биечүүдийн өдрийн борлуулалтын хэмжээ $30.8 тэрбумд (213.5 тэрбум юань) хүрч, шинэ дээд амжилт тогтоосон тухай Алибаба групп зарлалаа.

Онлайн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны энэ өдрийнхөөс 27 хувиар өссөн байна. Тодруулбал Ням гарагийн үдээс хойш 15:49 цагт өмнөх оныхоо хэмжээг давсан ажээ.

Энэхүү өсөлтийн хэмжээ нь хэдийгээр АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдээд байгаа ч тус улсын дунд давхаргын худалдан авах чадварыг харуулсан явдал боллоо гэж Алибабагийн дэд ерөнхийлөгч Жой Цай мэдэгдсэн байна.

Хятадын дунд давхарга ирэх 10-15 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, 600 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг.

Жой Цай “Хятад улс сүүлийн 20 жилийн турш тасралтгүй хөгжсөөр ирлээ. Намайг 1999 онд Алибабад орж байхад Хятадын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $800 орчим байсан. Харин өнөөдөр $9,000 орчимд хүрээд байна. Ирээдүйд $20,000, $30,000 хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Ганц биечүүдийн өдрийн худалдаа эхэлсэн эхний 2 цагийн дотор хэрэглэгчид 100 тэрбум юаний худалдан авалт хийсэн нь өнгөрсөн оны уг үзүүлэлтийг долоон цагаар ахиулсан байна.

Энэ жилийн худалдаанд хамгийн их мөнгө зарсан хүмүүс нь Шанхай хотын оршин суугчид байсан бол дараа нь Бээжин, Ханьжоу, Гуанжоу хотууд орсон гэнэ.

Хятадын онлайн дэлгүүрүүдээс гадна Алибабагийн эзэмшдэг зүүн өмнөд Азийн Lazada дэлгүүр мөн 2018 оны Ганц биечүүдийн өдрийн худалдаанд оролцжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post