Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Визний зөрчил гаргах нь цаашид аялах гарцыг хаах хөшүүрэг болдог

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад орнуудад гэмт хэрэг үйлдэхгүй байх, визнийхээ хугацааг хэтрүүлэхгүй зорчих нь цаашид Монгол Улсын визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолой болохыг өнөөдөр болсон “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчигааны аяны хоёрдугаар ээлжийн нээлтийн ажиллагааны үеэр ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг дурдлаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар дэлхийн 22 оронд визгүй зорчиж байгаа бөгөөд энэ тоог цаашид нэмэгдүүлэх, бусад улс орны визний шаардлагыг хөнгөвчлөх нь тус яамны тэргүүлэх зорилт. 

Энэ хүрээнд ГХЯ Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны аравдугаар сард “Хариуцлагатай аялцгаая” аяныг өрнүүлсэн билээ. Тэгвэл энэхүү аяны хоёрдугаар ээлжийг өнөөдрөөс эхлүүлж байгаа бөгөөд БНСУ-ын ЭСЯ уг аянд нэгдэж байгаа юм. 

“Визний зөрчил тодорхой хувиар буурсан нь энэ аяны үр дүн гэж үзэж байна” 
 
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг: 

“Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээ өргөжиж, БНСУ-ын ЭСЯ үйл ажиллагаанд нэгдэж байгаа. 

2017 оны санхүүгийн жил есдүгээр сарын 31-нд дуусна. Өнгөрсөн оны аравдугаар сард аян хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-д аяллаар явсан зорчигчдын 7 хувь, сурахаар явсан оюутнуудын 17 хувь нь визний хугацаа хэтрүүлж, тэнд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ бол яг баталгаажсан тоон мэдээлэл.

Харин аяллын визээр яваад тухайн хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо 35 хувьд хүрсэн байж болзошгүй байна. Оюутнуудын хувьд 50 хувьд хүрсэн байх гэсэн тоо байна. Эдгээр нь өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт боловч өндөр хэвээр байгаа юм. 

Ийнхүү өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад визний зөрчил буурсан нь “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн гэж үзэж байна. Тийм учраас хоёрдугаар ээлжийг хэрэгжүүлж байна. Цаашлаад бусад байгууллагын оролцоо нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

Энэ дашрамд аминчлан чухалчлах зүйл бол хэн нэгэн аялагч маань АНУ руу явахдаа хугацаа хэтрүүлсэн, хууль бус үйлдэл гаргах нь эргээд бусад монголчууддаа сөргөөр нөлөөлдөг юм шүү. Энэ нь цаашлаад АНУ руу аялах гарцыг хаах хөшүүрэг болдог юм шүү гэдгийг анхаараасай. 

“Аялагч бүр хариуцлагатай байснаар итгэлцлийг бий болгож, улс орнуудын хоорондын харилцаанд түлхэц болдог” 
 
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам:

Та бүхний мэдэж байгаачлан дэлхийн 120 гаруй орны 29,000 орчим гадаад иргэн Монгол Улсад оршин сууж буй. БНСУ-д 197 орны 2.6 сая иргэн амьдарч, хөдөлмөр эрхэлж байгаа. Монгол, БНСУ, АНУ-ын хооронд богино хугацаагаар айлчлах иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад аялагчийн хариуцлага буюу хууль журмын хүрээнд аялах нь маш чухал асуудал болж байна. 

Аялагч бүр хариуцлагатай байснаар итгэлцлийг бий болгож, улс орнуудын хоорондын харилцаанд түлхэц болдог. Монгол, Америк, Солонгосын цаашдын харилцааг улам гэрэл гэгээтэй болгохын төлөө хариуцлагатай аялцгаая гэж уриалж байна. Энэ аян цаашдын харилцааны нэгэн шат болно гэж итгэж байна. 

“БНСУ-ын визний талаар бодит мэдээллийг шуурхай хүргэх төв байгуулах төлөвлөгөөтэй”
 
Гэрэл зургийг MPA.mn

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг: 

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 12,000 иргэн АНУ-д зорчсон. Энэ хугацаанд визний хугацаа хэтрүүлсэн тохиолдол оюутнуудын хувьд л гэхэд 2.8 хувь хүртэл буурсан бөгөөд АНУ-ын ЭСЯ-наас олгосон визний тоо өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Энэ эерэг хандлага эрчимжээд явбал иргэд маань цаашид визгүй зорчих боломжийг нэмэгдүүлэх юм. Визгүй зорчуулах орны тоог нэмэгдүүлэх нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш, нийт иргэдийн ухамсраас шалтгаалахыг ойлгох болов уу. 

АНУ-д гэхэд иргэд маань 14 хоногоор аялах гэж яваад 2-3 сар болчихоод ирэхэд л визний зөрчилтэй гэсэн мэдээлэл үүсчихдэг. Энэ нь ойр дотныхноос нь эхлээд нийт иргэдэд сөргөөр нөлөөлдөг. 

Манай яам визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэхээс гадна бусад орны визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр байнга яриа хэлэлцээр хийн ажиллаж байна. 
 
Тухайлбал, энэ аяны хүрээнд БНСУ-ын визний талаар үнэн бодитой, зөв мэдээллийг шуурхай хүргэх төв байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. Ингэснээр иргэд виз зуучлуулж хохирдог асуудал цэгцрэх юм. Цаашлаад ЭСЯ-нд итгэл төрүүлж, виз оолгохоос татгалзах байдал буурна гэж үзэж байна. 

Өнөөдрийн байдлаар АНУ-д 25,000, БНСУ-д 46,000 монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Цаашид тус улс орныг зорих иргэдийг мэдээллээр хангаж, хариуцлагатай байлгах үүднээс АНУ болон БНСУ-ын ЭСЯ-ны консулууд видео бичлэг хийснийг аяны хүрээнд цацаж, сурталчлах юм байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр өөрийн уран бүтээлийнхээ хэлээр монголчуудынхаа ухамсрыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, “Хариуцлагатай аялцгаая” аянд уриалж байна. Түүний зурсан уран бүтээлийг мөн нийтэд түгээх ажээ. 

"Хариуцлагатай аялцгаая" аяныг сурталчлах ВИДЕО: