Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадны хөрөнгө оруулагчдад санал болгож буй УУЛ УУРХАЙН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. 

Тус чуулганы хоёрдугаар хэсэг болох УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР хурлын үеэр танилцуулагдсан онцлох илтгэлүүдээс мэдээлэл бэлтгэлээ. 

“Монголын хойд бүсэд төмөр зам барих төслийг сонирхож байгаа компаниуд бий”

Аспайр Майнинг Лимитед компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл"Монгол Улсын хойд бүс: Коксжих нүүрсний ханган нийлүүлэлт" сэдэвт илтгэл тавив.

Тэрбээр "Монголын хойд бүс нутагт нүүрсний салбарыг хөгжүүлэх нь тун ашиг тустай. Бидний илрүүлсэн коксжих нүүрсний ордын хэмжээ нэлээн том бөгөөд Монголын коксжих нүүрсний экспортын 20-30 хувийг энэ ордоос гаргах боломжтой. Тиймээс энэ ордод хэрэгжих төслийг уламжлалт байдлаас нэлээн өөр буюу нүүрсний чанарыг сайжруулах технологи, үйлдвэрийг авчрахаар төлөвлөж байна. 

Монголд тээврийн нөхцөл сайжирвал нүүрсийг экспортод гаргах боломж бий. Тээвэрлэлтийг авто зам болон төмөр замаар хийх боломжтой. Мэдээж хэрэг төмөр замын тээвэр үнийн хувьд өрсөлдөх чадвартай. Тиймээс Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Аспайр Майнинг Лимитед компани одоогийн байдлаар 60 сая ам.долларын хөрөнгө буюу тийм ч их хөрөнгө босгоогүй байгаа ч цаашид хөрөнгийн хэмжээ нэмэгдэх болно. Учир нь бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий" гэв.

1.26 сая унц алтны боломжит нөөцтэй ордыг танилцууллаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн “Монгол Улсын дараагийн алт мөнгөний олборлогч” сэдэвт илтгэлийг Степп Гоулд компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаа танилцууллаа.

Степп Гоулд компани энэ оны тавдугаар сард Торонтогийн бирж дээр 25 сая ам.долларын IPO-г амжилттай  хийж гүйцэтгэсэн байна. Ингээд зургаадугаар сараас хайгуул болон олборлолтын бэлтгэл ажлуудыг хангаж, бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд явж байгаа ажээ.

“Өнөөдрийн байдлаар манай компани Дорнод аймагТ ашиглалтын нэг, хайгуулын хоёр, Баянхонгор аймагт хайгуулын нэг буюу нийт дөрвөн төслийг хэрэгжүүлж байгаа. 

Бидний ажиллаж буй хамгийн гол төсөл бол “Алтан цагаан овоо” төсөл. Уг ордын эхлэлийн зардал бага байгаа. Тодруулбал, нэг унц алтыг 430-450 ам. долларын зардалтай гаргаж байна. Ордод 1.26 сая унц алтны боломжит нөөц тогтоогдоод байгаа.

Төслийн бас нэг давуу тал нь бид уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтад шаардагдах бүх санхүүжилтийг шийдчихсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа бөгөөд зарим нь уурхайн талбайд ирсэн. Зарим нь захиалга хийгдсэн ирж байгаа. 

Бүтээн байгуулалтын ажлын явцаас танилцуулбал бид холбогдох бүх газрын зөвшөөрлөө авсан. Гол туслан гүйцэтгэгчтэйгээ гэрээгээ байгуулаад байна. Буудал, хоолны газартай, дотроо халуун хүйтэн устай 200 хүний гэр кэмп бэлэн болсон” гэсэн мэдээллийг Степп Гоулд компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаа хэллээ.

“Хармагтайн орд Оюутолгой, Тавантолгойтой дэд бүтцээ хамтарч ашиглах боломжтой”
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хармагтай төслийн тухай” илтгэлийг Занаду Майнс компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт танилцуулав.

Тэрбээр “Өнгөрсөн 5, 6 жилийн хугацаанд 25 сая ам.долларыг Хармагтайн ордын хайгуулд зарцуулсан. Ингээд хайгуулын ажил амжилттай дуусаж аравдугаар сарын эхээр төслийн дараагийн шатны ажил эхлэх гэж байна. Ерөнхийдөө энэ орд Оюутолгойн ордтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц болох нь шинжилгээний дүнгээр батлагдсан. 

Мөн нэлээн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтой гэдгийг хайгуулын ажлын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй.

Манай компанийн зүгээс шинэ ордыг ашиглах боломжуудаас гадна уул уурхайн салбар өгөөжөө өгч болох дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Монгол Улсын хувьд зэс, хүдрийн олборлолт нь үр ашигтай байх боломжтой ийм бүс нутагт тооцогддог. Тэгэхээр тэдгээр ордын ашиглалт амжилттай байх нь харагдаж байгаа. 

Түрүүн хэлсэн Хармагтайн орд  Оюутолгой, Тавантолгойн ордтой нэлээн төстэй учраас дэд бүтцээ хамтарч бий болгон ашиглах боломжтой  гэдэг нь том давуу тал гэж бодож байна.  Бидний зүгээс сүүлийн зургаан сард маш идэвхтэй ажиллаж, тодорхойгүй байдлыг багасгасаар байгаа. Тиймээс төсөл маань удахгүй дараагийн шатанд гарч урагшилна гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн ярилаа.