Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг долоодугаар сарын 25-ны 09:00 цагаас цахимаар бүртгэж эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг 100 хувь цахимаар явуулах болсон талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

НБГ-ын дарга Ж.Гантулга "Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэсэн бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлнэ. Мөн хуучин хүүхдүүдийнхээ бүртгэлийг цахимаар баталгаажуулна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ингэхдээ хоёр настнуудыг бүгдийг бүртгэж, 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа эсэхээс хамааран бүртгэнэ. Сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс ороод харах боломжтой. 

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ. Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ 10, 11, 12 сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ. 

Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шат буюу ЦАХИМ БҮРТГЭЛ 2018 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт ЦАХИМ ЭЛСЭЛТ явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно. Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэхийг бүртгэл хийлгэхдээ оруулсан гар утасны дугаараар зурвас илгээж мэдээлнэ.

Бүртгэл Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхаараарай.

Мөн цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдолууд байгаа. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтана. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлнэ" гэлээ.

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 146,000 орчим хүүхэд байгаагаас 2018-2019 оны хичээлийн жилд 114,000 хүүхдийг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна.

Мөн хүүхэд харах үйлчилгээний 143 төвд 2,106 хүүхэд хамрагдах боломжтой аж. Тэгэхээр Нийслэлийн 100 хүүхэд тутмын 78 нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн үг.

 
Гэрэл зургийг mpa.mn

НМТГ-ын инноваци системийн хөгжүүлэлтийн газрын дарга н.Батбилэг "Цахим бүртгэл 2018 оны долоодугаар сарын 25-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд систем рүү ороод цэцэрлэг цэснээс танай харьяалагдах цэцэрлэгт хяналтын тоо байгаа эсэхийг харж болно. Ингээд бүртгэл цэсээр орж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистерийн дугаар болон гар утасны дугаараа оруулна. Таны бүртгүүлсэн гар утсанд 151510 тусгай дугаараас зурвасаар бүртгэлийн код очих бөгөөд бүртгэлийн дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна" хэмээн тайлбарлалаа.