Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурав

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтээс харвал чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс өссөн дүр зураг харагдаж байна. 

 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 15.4 их наяд төгрөг болж нэмэгджээ.

 

Тодруулбал, энэ дүн өмнөх сараас 429.7 тэрбум, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөг буюу 19.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 829.5 тэрбум төгрөг болжээ. Хэдийгээр өмнөх сараас 111.2 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал энэ нь 32.5 тэрбум төгрөгөөр өссөн дүн болж байна. 

Үүнийг нийт зээлийн өрийн үлдэгдэлтэй харьцуулбал хугацаа хэтэрсэн зээл 5.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ тоо өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурсан дүн юм. 

Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 

Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл буюу төлбөрөө 90-ээс дээш хоногоор хоцроосон зээл 2018 оны зургаадугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өсжээ. Энэ нь өмнөх сараас 96.9 тэрбум төгрөг буюу 7.9 хувь, өмнөх оны мөн үеэс 184.7 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар өссөн дүн.  

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сараас 0.4 пунктээр өссөн бол өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.