Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны генерал “борооны үүл хулгайлж байгаа” Израйлийг шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ган болж, усны хомсдолд ороод байгаа Иран улсын хувьсгалт гвардийн командлагч Израйль улсыг газрын дундад тэнгисээс ирж байгаа борооны үүлийг замаас нь хулгайлж байна гэж буруутгажээ.

Бригадын генерал Голам Ридха Жалали саяхан Тегеран хотод болсон хөдөө аж ахуйн салбарын хурал дээр ингэж хэлсэн байна. Газар дундад тэнгисээс нүүдэллэн ирж байгаа борооны үүлсийг Израйль болон бусад улс орнууд нутагтаа хур болгон үлдээж байгаагаас Ираны өндөрлөгт ган болж байна гэж тэр дүгнэжээ.

Түүний хэлсэн үгийг Ираны Исна, Тасним мэдээллийн агентлагууд, Израйлийн хэвлэлүүд дамжуулсан юм. Гэвч Ираны цаг уурын хүрээлэнгийн захирал Ахад Вазифе ингэх боломжгүй, зөвхөн Иран бус, бүс нутгийн бусад орнуудад ч ган болж байгаа гэж генералын тайлбарыг няцаажээ.

Саяхан АНУ 2015 онд байгуулсан Ираны цөмийн гэрээнээс гарсны дараа Тегеран, Тель Авивын хооронд зөрчил нэмэгдсэн юм.

1979 онд гарсан Исламын хувьсгалаас хойш Ираны хэт үзэлтнүүд Жүүдийн төр улсыг устгахаа байнга амласаар ирсэн. 2012 онд Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад мөн тус улсын байгаль, цаг уурын асуудалд хурын үүлсийг замаас нь устгаж байгаа колоничлогчид буруутай гэж мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Independent