Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бяцхан зураачдын өвөрмөц ертөнц

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
“Хамгийн агуу зураач бол хүүхэд” хэмээн Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Дуулал тодорхойлсон юм. Учир хүүхдүүд ямар нэгэн зүйлд хайрцаглагддаггүй, бүгдийг чөлөөтэй сэтгэж, дотоод ертөнцөө шууд илэрхийлж чаддаг тул тэдний бүтээл хамгийн агуу бөгөөд хосгүй байдаг аж. 
 
Зүүн захад зураач Д.Дуулал, баруун захад `Бум Арт` галерейн куратор Л.Бумандорж

“Бум Арт” галерейн ханыг бяцхан зураачдын хосгүй бүтээлүүд чимжээ. Д.Дуулал зураачийн удирдан зохион байгуулсан “Ирээдүйн өнгө” уран зургийн үзэсгэлэнд 2-9 насны есөн хүүхдийн бүтээлийг дэлгэн тавьсан. Үүнд:

Т.Гэгээ - 2 настай
Б.Элбэрэл - 3 настай (Эко гэр цэцэрлэг)
О.Намуун - 6 настай (Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэг)
Н.Өрнүүн - 6 настай (Нийслэлийн 1-р дунд сургуулийн 1д анги)
Б.Ялгуун - 6 настай (“Орчлон” сургуулийн 1а анги)
Э.Нинжин - 7 настай (“Ертөнц” сургуулийн 2-р анги)
Н.Ирмүүн - 8 настай (Нийслэлийн 1-р дунд сургуулийн 2г анги)
Т.Энэрэл - 8 настай (“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3с анги)
О.Нандин - 9 настай (Монгол Улсын консерватори 3а анги) нар оролцжээ.  

Удахгүй болох гэж буй Эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан энэхүү үзэсгэлэнг уран зурагт хайртай, зурах дуртай хүүхдүүдийн аав, ээжүүд нэгдэн, хүүхдүүдийнхээ ертөнцийг бусад аав, ээж, хүүхэд багачуудад дэлгэн харуулахыг зорьсон байна. Энэ талаар зураач Д.Дуулал “Хүүхэд жаахан байх тусмаа агуу зураач байдаг. Үзэсгэлэн маань 2-9 насны хүүхдүүдийн тэр гоё хайрцаглагдаагүй, цэвэрхэн, гоё ертөнцийг тэр чигээр нь харуулахыг зорьсон. Энэ хүүхдүүд бүгд зураач болно гэж байхгүй. Гэхдээ том болоод уран зураг сонирхдог, галерейгаар явж зураг үздэг, сонгодог урлаг, хөгжим, бүжигт ойр иргэн болгон хүмүүжүүлэх нь бидний зорилго. Хүүхдүүд маш олон арга, техник ашиглаж зурсан байгаа. Энэ бүх зургийг би багшлаад гаргуулаагүй. Өмнө нь өөрсдөө зурсан зурагнуудаасаа мөн дэлгэсэн. Бүгдээрээ нийлээд зурсан зургууд ч олон бий” хэмээн ярьсан юм. 

 
Зураач хүүхдүүд маань үнэхээр авьяаслаг гэдгээ энэ үеэр харуулсан юм. Үзэсгэлэнг нээж, “Улаанбаатар Элит” сургуулийн сурагч Т.Энэрэл И.С.Бахын “Двуголосые инвенций”, Монгол Улсын консерваторийн сурагч О.Нандин Дмитрий Шостаковичийн “Лирический вальс” аяыг төгөлдөр хуураар чадварлаг тоглож үзүүлсэн бол Э.Нинжин “Ерөөлөөр учирсан миний Монгол” дуугаар зочдын сонорыг мялаасан. 
 
Үнэхээр хүүхдийн ертөнц гэдэг хосгүй өвөрмөц ажээ. Зургаан настай Б.Ялгуун “Хайр” нэртэй зурагтаа маш том зүрх болон мод, цэцэг, нар гээд байгалийг дүрсэлжээ. Бяцхан охины нүдээр хүн байгальдаа ойр байснаар хамгийн сайхан хайрыг мэдэрдэг аж. Харин найман настай Т.Ирмүүн “Гэр бүл”-ийг далайн гүн ёроолд сэлэх гурван загасаар илэрхийлжээ. Амьтад ч бас гэр бүл гэдгийг энэ зургаараа гаргасан бол “Өнгө” зургаараа тэнгэр, газрыг нил ягаан өнгөөр дүрсэлсэн нь өвөрмөц байв. Түүнтэй ярилцахад “Би зураг зурах дуртай. Зураг зурахад маш гоё байдаг. Би том болоод цэрэг болно” гэсэн юм. 
 
Харин “Улаанбаатар Элит” сургуулийн сурагч, найман настай Т.Энэрэл баримлын шавраар Африкийн маскийг маш гоё урлажээ. “Би энэ маскуудаас нэгийг нь хийсэн. Хийхдээ зураг харсан. Гэхдээ яг дуурайлгаагүй, санаа л авсан. Энэ маскуудыг бид бүгдээрээ нийлээд нэг нэгээр нь хийсэн. Ер нь би зураг зурах, бас үзэх дуртай. Гоё зурах юмсан л гэж боддог. Анх удаа үзэсгэлэндээ оролцож байгаа. Маш сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
 
“Ирээдүйн өнгө” үзэсгэлэнд оролцож буй хүүхдүүдийн долоо нь охин, хоёр нь хүү. Тэр хоёр хүү болох Н.Ирмүүн, Н.Өрнүүн нарын ээж М.Нүрмаагаас сэтгэгдлийг нь сонссон юм. Том хүү Н.Ирмүүн нь Монголын Хүүхдийн ордны Зургийн дугуйланд Батбаяр багшийн удирдлага дор суралцдаг гэнэ. Зурах дуртай байсныг нь анзаарсан аав, ээж нь сонирхлыг нь хөгжүүлэхээр ийнхүү дугуйланд явуулж эхэлжээ. Байнга зураг зурж суудаг ахыгаа дагаад дүү Н.Өрнүүн нь мөн зурдаг гэнэ. “Манай хоёр хүү зан төлөвийн хувьд их өөр. Тийм ч болохоор зурсан зургууд нь хүртэл өөр өнгө төрхтэй байдаг.  Том хүү маань их чимээгүй, найман настай хүүхэд гэхэд их нухацтай, удаан төвлөрч суудаг. Хүүхдүүд ихэвчлэн харсан зүйлээ зурдаг. Харин Ирмүүн маань их сонин зургууд заримдаа зурсан байдаг. Их өвөрмөц сэтгэлгээтэй юм байна гэж хардаг” гэсэн.  
 
Хүүхэд уран зураг сонирхсоноор нэгдүгээрт их мэдрэмжтэй болно. Хоёрт хүүхэд биеэ дааж, сонирхсон зүйлдээ төвлөрч чаддаг болдог.
 
“Хүүхэд уран зураг сонирхсоноор нэгдүгээрт их мэдрэмжтэй болно гэж боддог. Хоёрт хүүхэд биеэ дааж, сонирхсон зүйлдээ төвлөрч чаддаг болдог. Түүнээс гадна стрессээ сайн тайлдаг гэж боддог. Дотоод сэтгэлээ уудалж, уурлаж байгаагаа ч, баярлаж байгаагаа ч гаргаад зурчихдаг. Үүгээрээ өөрийгөө бусдад илэрхийлдэг. Ялангуяа, манай Ирмүүн шиг чимээгүй хүүхдэд өөрийгөө илэрхийлэх сайхан арга юм болов уу гэж боддог” хэмээн М.Нүрмаа нэмж хэлсэн юм. 
 
Техник технологийн энэ эринд хүүхдүүдийг гар утас, PC тоглоомоос хөндийрүүлж, цагаа зөв ашиглаж сурахад дүрслэх урлаг, зургийн ертөнц маш чухал.
 
“Бум Арт” галерейн куратор Л.Бумандорж ч үүнтэй санал нэг байлаа. Ялангуяа, техник технологийн энэ эринд хүүхдүүдийг гар утас, PC тоглоомоос хөндийрүүлж, цагаа дэмий үрэхгүй байхад дүрслэх урлаг, зургийн ертөнц маш чухал болохыг тэрбээр онцолсон юм. Хүүхэд сууж, хөдөлмөрлөж сурахаас гадна том болоод хаа ч явсан музей үзэж, уран зургийн гайхамшгаас сайн сайхныг мэдэрдэг болох нь маш том боловсрол бөгөөд үнэлж баршгүй ач холбогдолтой болохыг тэрбээр тайлбарласан. 
 
Хүүхэд бүхэн авьяастай. Түүнийг хөгжүүлэх нь ээж, аавуудын том үүрэг. Хүүхдүүдийнхээ зурсан зургийг зөвхөн өөрсдөө үзэх биш, бусдад дэлгэн үзүүлж байгаагаараа энэ үзэсгэлэн “Бум Арт” галерейн хувьд онцлог ажээ. “Д.Дуулал бол урлаг соёлд маш их сэтгэлтэй, дүрслэх урлагт чармайлттай орж ирсэн хүн. Дүрслэх урлагийн олон үзэсгэлэн дотооддоо гаргаснаас гадна саяхан Европын хэд хэдэн орноор явж, гадны музей, галерейнуудыг үзээд ирсэн. Тэрээр бага насны хүүхдүүд юу хийдгийг мэдэрсэн учраас энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа болов уу” хэмээн Л.Бумандорж куратор ярилаа. 
 
“Ирээдүйн өнгө” бяцхан ураан бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.