Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болд: Монголд гурван үнэгүй зүйлийн нэг нь эх хэл болчихоод байна

Б.Оюу, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.

-Хэдэн жилийн өмнө та “Тавантолгойн нүүрснээс хоёр шанагыг өгөөч. Эх хэлээ авармаар байна” гэж хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэгээд хувь хүртэж чадав уу. Өнгөрсөн хугацаанд юу болов?

-Үүнээс хойш яг дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидэнд тухайлбал, иргэн надад наалдсан зүйл байхгүй. Харин энэ салбарт юу хийж бүтээв гэвэл нэг зүйлийг онцолъё. Бүх юмыг үгүйсгэх аргагүй. Манай үе үеийн ерөнхийлөгчид эх хэлнийхээ талаар арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бидэнд “Цахим толь бичиг” боловсруулах үүрэг даалгавар өгч, үүнийг бид амжилттай гүйцэтгэлээ. Одоо хүн бүхний гар утсанд энэ хувилбар байгаа байх.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгож зарласан нь бас сайхан үйл явдал боллоо. Эх хэл бол Монголын ард түмнийг нэгтгэж байгаа том хүчирхэг зэвсэг мөн. Тиймээс Ерөнхийлөгч нарын хийж хэрэгжүүлсэн дээрх ажлыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй.

Хүнсний аюулгүй байдал монгол хүн бүрт хамаатай байдаг учраас энэ тухай улсын зөвлөгөөнийг хийж болоод байна. Үүнтэй адил эх хэл хүн бүрт хамаатай хэр нь үнэгүйдэж хаягдаад байна. Монголд гурван үнэгүй зүйл байгаагийн нэг нь эх хэл шүү дээ. Тийм учраас Тавантолгойн нүүрснээс хоёр шанагыг егөөч, бид эх хэлнийхээ тухай хурал хийе гэсэн юм. Бүтээгүй л байна. Удаа дараа ярьдаг ч бидэнд хувь дутдаг юм байна лээ. Дахиад хэлье, энэ дашрамд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хандаж “Эх хэлний улсын зөвлөгөөн хийж өгөөч” гэж хүсэж байна.

-Улсын зөвлөгөөн хийх зайлшгүй шалтгаан юу байна. Үүнийг зохион байгуулахад тийм их мөнгө хэрэгтэй юу? 

-Эх хэл бол эх орондоо хэрхэн хайртай, хэрхэн иргэнийнхээ үүргийг биелүүлж байна гэдгийн хэмжүүр юм. Эх хэлээ хөгжүүлж байгаа, улсынхаа аюулгүй байдлыг хамгаалж байгаа улс орнууд бол энэ уриаг бүгд хүлээн зөвшөөрнө гэж би хувьдаа боддог. Эх хэлнийхээ нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд олуулаа хэлэлцэх шаардлага тулгарч байна. Эх хэл нийгмийг бүхэлд нь хамарч байгаа биз дээ. Эх хэлнээс ангид хүн байна уу. Эх хэл гэхээр ганцхан юм бодоод байдаг.

Гэтэл эх хэл маань уран зохиолын хэл, албан бичгийн хэл, шинжлэх ухааны хэл, сурах бичгийн хэл, ярианы хэл гэж таван төрлөөр бидэнд хэрэглэгдэж байна. Энэ хэлний цаашдын хөгжлийн үнэлэмжийг дээшлүүлэхэд зөвхөн академич, судлаачид биш бүгдээрээ бодлоо нийлүүлэх хэрэгтэй. Нийгэмд эх хэлний үнэлэмж маш доогуур байна. Энэ нь өнгөцхөн харахад илүүц зүйл юм шиг санагдаж болох ч үүний цаана монгол сэтгэхүй, монгол ахуй, бидний дэлхийгээс дангаарших гэж хүсээд байгаа бүх үнэт зүйл оршиж байгаа юм.

Яагаад ингэж харж болдоггүй юм бол гэж би хувьдаа эмзэглэж явдаг. Би Ц.Цогзолмаа сайд болон боловсролын яамнаас хоёр зүйлийг хүсэж байна. Нэгдүгээрт, эх хэлнийхээ нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх системтэй арга хэмжээ аваач. Үүний нэг нь Эх хэлний улсын зөвлөгөөн юм шүү. Хоёрт нь, эх хэлийг үнэлгээтэй болгож өгөөч. Нэг үе шашин төр хосолж явж байсан. Харин одоо бол шинжлэх ухаан, төр хоёр хослох цаг ирчхээд байна. Магадгүй төр бол ганцаараа биш байх ёстой гэсэн үг хэлэх гээд байна. Сүүлийн үед УИХ-ын ганц нэг гишүүний амнаас шинжлэх ухаанд тулгуурлах гэх мэт үг хааяа цухуйдаг болж. Үүнд эрдэмтэн хүний хувьд их олзуурхаж байгаа. Үүнийгээ тууштай болгоосой гэж хүсэж байна.

-Монголд үнэгүй гурван зүйлийн нэг нь хэл гэж та гэлээ. Тэгвэл эх хэл үнэтэй байсан цаг үе гэж байгаа юм уу?

-Байна. Бичиг үсэг, үе үеийн монгол хэл бол төрийн уламжлалт бодлоготой. Эх хэлээ хайрладаг дээдэлдэг байсан нэг баталгаа нь XIII зууны үед нэгдсэн Монгол Улс гэж байгуулахдаа одоогийн бидний хуучин үсэг гээд байгаа уйгаржин бичгийг уйгараас авч хэрэглэсэн явдал. Дараа нь Юан гүрэн гэж байгуулахад дөрвөлжин үсгийг Хубилай хаан Пагва ламыг урьж авчирч зохиолгоод хэрэглэсэн. Дараа нь Зүүн гарын хаант улсын үед тод бичиг гэдгийг хэрэглэсэн.

Үүнтэй зэрэгцээд Занабазар шашин соёлыг нэгтгэх үүднээс Соёмбо үсгийг зохиосон. Энэ бүх түүх бол эх хэлээ эрхэмлэж байсны тодорхой баталгаа шүү дээ. Мөн Ардын засгийн үед байгуулсан анхны таван яамны нэг нь Судар бичгийн хүрээлэн байсан. Судар бичгийн хүрээлэнгийн анхны ерөнхийлөгч нь Онходын Жамьяан гэдэг хүн байсан бөгөөд тэрбээр бүх бичгийг зөвхөн монгол хэлээр үйлдмой гэсэн тушаал гаргаж байсан байдаг. Энэ бол тухайн үед эх хэлний үүрэг ролийг нийгэмд гаргаж тавьж байгаагийн нэг тодорхой жишээ.

Ер нь монгол хэл хэдийд үүссэн бэ гэдгийг бид хэлж чадахгүй. Гэхдээ бичгийн хэл бол Хүннүгийн үеэс үүссэн. МЭ 425 онд Тобагийн хаан шинэ үсэг 1,000 гаруйг зохиож эх хэлээ төрийн хэл болгож байсан тухай манай түүхч эрдэмтэн судлаачид тодорхой бичсэн байдаг. Шинэ бичиг гэдэг үгийг Тобагийн хаан зүгээр нэг амны зугаа болгоод хэлчхээгүй. Тэгэхээр хуучин бичиг гэж байсан байна. Бид бол одоо уйгаржин бичгийг хуучин бичиг гэдэг.

Тэгэхээр Тобагийн үеийн бичгээс өмнөх хуучин бичгийг хятадын түүхчид Кэмо үсэг гэж тэмдэглэсэн байдаг. Монголчилбол мод хэрчих гэсэн утгатай. Гэхдээ энэ бол Робинзо Крузо арал дээр өдөр хоногоо мартахгүй гэж тэмдэглэдэг шиг бичиг биш. Энэ бол эртний Орхон бичгийн эхний элементийг монголчууд хэрэглэж байсны баталгаа. Түүхийн баримтаар тухайлбал бичиг гэдэг үгээ л аваад үзье л дээ. Бичих гэдэг маань сийлэх зурах гэсэн үг.

Сийлэх гэдэг утга нь модон дээр бичихийг хэлсэн бөгөөд эл бичгийг Рашид Аддины тэмдэглэлд яг түүхч хүний тэмдэглэл шиг гэж хэлсэн байгаа юм. Дээр үеийн хятадууд өөрийнхөө бичгийг хятад бичиг гэж үзээд бидний Кэмог бичиг гэж үзээгүй нь өөрийнхөө бичгээс бусдыг үгүйсгэж байсан баримт шүү дээ. Кэмогоос нэлээд боловсронгуй болсон хадны бичгийг Туркууд авч хэрэглэсэн байдаг. Ганцхан туркийн үед ч хэрэглэсэн биш, эртний монгол аймгуудын хэрэглэж байсан бичиг л дээ. Шинэ бичиг үсэг сольсон түүхийг одоо ч зарим мэргэжилтнүүд үгүйсгэдэг.

Би бол хувьдаа дэмждэг. Энэ бүх бичгийн түүх юуг харуулж байна гэвэл ярианыхаа хэлэнд ойртсон, хэлнийхээ авиаг тодорхой тусгасан бичиг үсгийг л хэрэглэх гэсэн тэмүүлэл байсан. Жишээ нь хаан гэдэг үгийг хуучин үсгээр хаган, дөрвөлжин үсгээр хаан, тод үсгээр болохоор ха-аан гэж бичдэг. Энэ нь хэлний тодорхой хөгжлийг харуулж байгаа баримт юм.

-Хамгийн сүүлд кирил үсэгт шилжсэн нь зөв сонголт байсан уу?

-Зөв байлгүй яахав. Шинэ бичиг авах нь одоогийн нөхцөлд хамгийн зөв арга байсан. Бичиг үсгийн ийм өөрчлөлт шинэчлэлт хийснээрээ бид өнөөдөр дэлхий дахинтай хөл нийлэн алхаж байна. Хөрш орнууд болоод бидэнтэй хувь заяа нэгтэй Турк улсыг хар. Ата Турк гэдэг хүн бол Туркийн эцэг гэсэн үг. Орчин цагийн Турк Улсыг бий болгосон хүн. Энэ хүний гол гавьяа нь араб үсгийг халаад латин үсэгт шилжүүлэх ажлыг хийсэн. Бичиг үсгийн шинэчлэл хийсэн.

Үүнийг одоо ч дэлхий дахинаараа туркууд өөрсдөө шагшин магтдаг. Биднийг бас дэлхий дахин маш өндөр үнэлдэг. Үүний баталгаа нь 1970 онд бүх хүмүүс бичиг үсэг тайлагдсан хэмээн үзэж ЮНЕСКО-гоос нэрт сурган хүмүүжүүлэгч Грускаяагийн нэрэмжит алтан медалийг Хэл зохиолын хүрээлэнд олгосон байдаг.

Бас Монголын энэ сайхан үлгэр жишээгээр 2002-2012 он хүртэл "Дэлхий нийтээрээ бичиг үсэг тайлагдъя” гэсэн уриаг Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа НҮБ-д уриалга гаргаж, түүнийг нь дэмжих тогтоол гарч байсан. Ард түмнийг бичиг үсэгт сургахад нөлөөлөх хэл шинжлэлийн хүчин зүйлийг эрдэмтэд боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлоготойгоо нийлж байж үр дүнд хүрдэг.

-ШУА-ийн Хэл бичгийн хүрээлэнгийн нэрээр толь бичиг гаргасан хоёр эрдэмтэн байдгийн нэг нь та, нөгөө нь Ц.Дамдинсүрэн гуай. Та хоёрын толь бичиг юугаараа ялгаатай юм бэ. Үсгийн дүрэмд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор маргаан үүсээд олон жил өнгөрч байна. Энэ асуудал хэзээ цэгцрэх вэ?

-Ц.Дамдинсүрэн, Б.Осор гуай хоёрын эмхэтгэсэн толь бичигт ороогүй үгсийн нэмэлт баяжилтыг л би хийсэн. Тэрнээс зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй. Ер нь бол энэ маргаан дуусчихсан. Ц.Дамдинсүрэн гуай үсгийн дүрмийн толь бичгийг зохиохдоо өөрийнхөө үзэл бодлыг тулгаагүй, цаашид үгсийн дүрмийг боловсронгуй болгох ажлыг хийх хэрэгтэй. Гэхдээ олон түмнийнхээ санаа бодлыг тусгах хэрэгтэй гэж захисан.

Боловсронгуй болгох нь нээлттэй шүү гэж удаа дараа хэлснээр боловсронгуй болгож байгаа. Үсгийн дүрмийн толь гаргах ажлыг манай хэлний бодлогын үндэсний зөвлөл түүний ажлын алба Нарангэрэл гэж хүн ахлаад бид оролцоод, санал хүсэлтээ өгЧ ажилласан. Толь удахгүй хэвлэлтэд орно. Энэ толь бичгээ бариад явахад маргаан үүсэхгүй. Монгол хэл таван төрлийн хэлбэртэй байна гэж би түрүүн хэллээ.

Нийт хэрэглэгддэг үгээс давтамж ихтэйг нь аваад бүгдийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй энэ толь бичигт оруулсан уу гэвэл бас чадаагүй. Учир нь хэлний судалгаа бол маш үнэтэй. Программ хангамж янз бүрийн техник технологи өчнөөн юм байна. Бид харин уран зохиолын 108 ботийг бүгдийг нь цахим хэлбэрт оруулсан. 108 ботид аав гэдэг үг хэдэн удаа орж вэ, ямар ямар зохиолд байна гээд сонирхох юм бол нэг товч дараад л харж болдог болсон. Өөрөөр хэлбэл хэлний таван төрлөөс зөвхөн уран зохиолын төрлийг л дээрх толь бичигт оруулсан. Нөгөө дөрвийг оруулж чадаагүй. Тиймээс цаашдаа толь бичиг маань баяжигдаад явна гэж ойлгох хэрэгтэй. Зарчмыг нь өөрчлөхгүй.

-Латин үсэгт шилжих тухай яриад байгаа. Бас л нэг маргаан дагуулсан ажил болох вий дээ?

-Бид бол 1930 хэдэн онд латин үсгийг туршаад үзчихсэн шүү дээ. Одоогийн шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийг дагаад хэлэнд маань маш их үүрэг роль нэмэгдэж байна. Үүний нэг нь интэрнэтийн орчин дахь хал. Үүнд латин хэл тохирч байгаа бол, зайлшгүй хэрэгцээ нь байгаа юм бол тэр хэрэгцээг нь зөв шийдэх хэрэгтэй. Би латин үсэгт шилжихийг үгүйсгэдэггүй.

Гэхдээ энэ бол төрийн хэлийг үгүй хийх тухай асуудал огт биш. Дунд сургуульд сургалт явуулдаг бас шинжлэх ухааны академик мэдлэг олгоход тулгуур болж байгаа үсгийг л төрийн бичиг, төрийн хэл гээд байгаа шүү дээ. Тэрийгээ бүгдийг латин болгоё гээгүй, хосоор нь аваад явах хэрэгтэй. Үүний тулд манай эрдэмтэд их ажиллаж байна. Дэлхий нийтэд яаж гарах уу, хуучин үсгээ яаж коджуулж индексжүүлэх үү гээд ярьж байна. Энэ бол үгүйсгэхийн аргагүй хэлэнд ногдож байгаа үзэгдэл. Гадагшаа бүгд латин үсгээр бичиг сэлт, захиа явж байхад бүгдтэй нь хөл нийлүүлээд явахад юу нь буруу байх юм.

-Таны үндсэн мэргэжил бол хадны бичиг судлаач. Энэ чиглэлээрээ өнгөрсөн жил хэд хэдэн ном хэвлүүлсэн гэж сонссон. Номынхоо тухай сонирхуулаач?

-Би 1979 онд МУИС-ийг монгол хэлний мэргэжлээр төгссөн. Манай төгсөлтөөс хоёр хүүхдийг Шинжлэх ухааны академи авна гэж Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрт оруулж тэр дагуу бидэнд ирж байлаа. Хоёр хүүхдийн нэг нь академич Х.Сампилдэндэв, нөгөө нь би.

Тэр үед халамжлан хүмүүжүүлэгч гэж тосож авдаг эрдэмтэд байлаа. Намайг академич А.Лувсандэндэв гэж хүнд хуваарилсан. Багш маань намайг Турк судлалаар мэргэшихийг зөвлөсөн. Хөвсгөлийн хойгуур цаатан урианхайн хэл аялгууг судлуулж нэг жил явуулсан. Тэр л судалгааны ажлаараа би дэд эрдэмтэн болсон хүн.

Тэр үед хадны бичиг гэдэг юм судлах ажил ид явж, ЮНЕСКО ч шаардаж байсан юм байна лээ. Тэгээд намайг турк хэлний захтай хүн гээд энэ чиглэл рүү оруулж байлаа. Үндсэн мэргэжил гэвэл дэд эрдэмтэн цол хамгаалснаа ч бодсон, докторын зэрэг хамгаалсан сэдвээ бодсон ч би турк судлаач хүн. Энэ чиглэлийн судалгааны ажлуудаа нэгтгэж зохиолын хэлбэрт оруулж дөрвөн ном болгож өнгөрсөн жил хэвлүүллээ. 5-6 дахь номыг нь энэ жилдээ гаргачих санаатай сууж байна.

-Эх хэлэнд хариуцлагагүй ханддаг, ялангуяа үгсийн дүрмийн алдаатай хэвлэгддэг сонин, сэтгүүлүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй гэж та хэлсэн байсан. Хариуцлага тооцох боломжтой юу?

-Бүх зүйлд хариуцлага тооцдог байх ёстой. Гэвч манайд хаана ч хариуцлага тооцохгүй байна. Оюутолгойн гэрээнээс эхлээд Монголд хариуцлага тооцож байгаа юм алга. Эх хэлэн дээр аваад үзсэн ч хариуцлага гээч юм алга. Уг нь эх хэлний хариуцлагыг дээшлүүлэх их амархан арга байна. Монголд хүнс бол арай гайгүй байна. Яагаад гэвэл мэргэжлийн хяналт хүрч ирээд “Энэ жимс чинь хугацаа нь дуусчихсан байна, устга” гэж шаарддаг.

Эх хэлэнд үүнтэй адил мэргэжлийн хяналтын газар дор хаяж хоёр мэргэжилтэн ажиллуулах хэрэгтэй. Алдаатай, завхай зайдан юм бичсэн сонин хэвлэлд тэд шаардлага тавьдаг. Шаардлагыг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь хаах эрхтэй. Тэгвэл асуудал цэгцрээд л ирнэ.

-Тавантолгойн нүүрснээс шанагадах тухай яриагаар хоёулаа ярилцлагаа эхлүүлсэн. Тэгвэл Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар яриагаа дуусгамаар санагдлаа. Энэ гэрээний талаар та эрдэмтэн хүний хувьд, энэ улсын иргэний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би бол нарийн ширийнийг их муу мэднэ. Гэхдээ иргэн хүний хувьд сэтгэл зовж нийтэд гарч байгаа мэдээллийг маш анхааралтай үзэж сонирхож байна. Үнэхээр энэ гэрээг үр дүнгүй, ашиггүй юм бол зогсоогоод цаашаа яваасай. Бид ийм их баялагтай хэрнээ үеийн үед гуйлгачин амьдарч болохгүй. Үүнтэй холбогдуулаад би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Яагаад энэ хүнийг онцолж байна вэ гэвэл манай хоёр зуслангийн хөрш. Айл хүний амь нэг гэгчийн үлгэрээр энэ хүний үйл ажиллагааг би сонирхож хардаг юм.

Д.Тэрбишдагва бол Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан тухайн үеийн УИХ-ын ганц хүн. Эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж байхыг нь сонссон. Одоо энэ дуулиан шуугиан үүсээд ирлээ. Ёстой ялагдашгүй ганцаардал байж дээ гэж хөршийнхөө тухай сэтгэл хангалуун бодох боллоо. Энэ мэт улс төрч байгаа цагт зөв замдаа орно гэж итгэж байна. Зөв буруу нь шүүгдээд гараад ирэх биз дээ.

Зураг