Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай цэцэрлэгийн “Аав” багш

ikon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
 

2013 оны есдүгээр сарын 1. Хоёр настай Т.Номинсувд охины сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэсэн ядан хүлээсэн өдөр. Шинэхэн хувцсаараа гоёж, шинэ багшдаа бэлэглэх цэцгийн баглаагаа бариад, аав ээжтэйгээ хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгийг зорив. Зунжингаа эль хульхан байсан нийслэл хотын маань хичээл эхлэхтэй зэрэгцэн бужигнасан “эрчимлэг” өдрүүдийн нэг ч Т.Номинсувдын хувьд гэр бүлийнхнээсээ тусдаа бүтэн өдөржин шинэ орчинд анх удаа бие даан суралцах “том” даалгавартай өдөр.

Дуу хуур, бүжиг наадмаар тун чиг цоглог эхэлсэн хичээлийн шинэ жил маань аав, ээжийгээ дагаж уйлалдах багачуудын шаагилдаанаар үргэлжлэх нь тэр. Харин Т.Номинсувд болоод түүний гэрийнхний хувьд энэ өдрийн хамгийн сонирхолтой үйл явдал нь нямбайлан боосон цэцгийн баглаагаа Ч.Төгөлдөр хэмээх цэцэрлэгийн эрэгтэй багшид өгсөн явдал байв. Тэд анх удаа цэцэрлэгт ажилладаг эрэгтэй багштай таарч, ихэд сониучирхан хүлээж авлаа. Ах, эгч хоёрыг нь цэцэрлэг, бас бага ангид оруулахдаа эрэгтэй багштай таарч яваагүй тэдний хувьд ёстой л гайхалтай гэхээсээ хачирхалтай учрал болов. Тэгээд ч бүтэн өдөржингөө “Манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь эрэгтэй хүн юм байна” гэж эргэн тойрныхондоо ярих “сэдэв”-тэй буцав.

Гэтэл Т.Номинсувдын ангийн зарим хүүхдийн эцэг, эх хичээл эхэлсэн эхний өдрөөс л хүүхдээ эмэгтэй багштай ангид шилжүүлэх хүсэлт гаргаж, цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзжээ. Тэд “Анх удаа л цэцэрлэгийн эрэгтэй багш харж байна. Эрэгтэй хүн бүдүүн, бараг. Уян, зөөлөн ааштайгаар нь эмэгтэй багштай ангид хүүхдээ шилжүүлмээр байна” гэсэн нийтлэг хүсэлт тавьж ч үзжээ. Цэцэрлэгийн эрхлэгч “Эрэгтэй, эмэгтэй багшийн хооронд ур чадварын ямар ч ялгаа байхгүйг” тайлбарлаж, энэ ангид нь хэсэгтээ явуулж байгаад ул суурьтай шийдвэр гаргахыг зөвлөж. Үүнээс хойш дөрвөн жил улиран одоход Ч.Төгөлдөр багшийн ангиас нэг ч хүүхэд шилжихгүйгээр амжилт, бүтээлээр дүүрэн төгслөө. Тийм ээ, цэцэрлэгийн эрхлэгчийн хэлсэн зөв байлаа. Харин энэ үйл явдлын гол баатар Чойжилсүрэнгийн Төгөлдөр гэж хэн бэ? Түүнтэй уулзаж, ажил, амьдралынх нь талаар яриа дэлгэснээ хүргэж байна. 

Цэцэрлэгийн багш гэдгээ “тас” нуудаг байв 

Цэцэрлэгийн багш болно гэж тэр хэзээ ч төсөөлж байгаагүй. Уг нь инженер болох хүсэл мөрөөдөл тээж явж. Тиймдээ ч арван жилээ төгссөний дараа их сургуулийн сургалтын төлбөрөө олохын тулд хоёр жил гаруй хувиараа хөдөлмөр эрхэлжээ. Энэ хугацаанд барилга, нарийн боовны цехэд туслах ажилтан, зах дээр хүртэл бараа зарсан байна. Нэг өдөр танил эгч нь залгаад хувийн шинэ цэцэрлэгт туслах ажилтнаар хэсэгтээ ажиллах санал тавьжээ. Хүүхдүүдийг салхинд гаргаад, хамт тоглоход л болно гэсэн учраас шууд л саналыг нь зөвшөөрсөн байна. Урьд нь төрөл бүрийн ажил хийж үзсэн Ч.Төгөлдөрт хүүхдүүдтэй ажиллах л хамгийн гэгээн, сайхан ажил мэт санагдав. Өнөөх цэцэрлэгийн эзэн нь ч “Чамд хүүхэдтэй ажиллах эв дүй байна. Чи цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаач” гэж зөвлөжээ. Ингээд 2004 онд Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцаж эхлэв. Энэ мэргэжлээр суралцаж байхад сургуулийн хэмжээнд дөрвөн эрэгтэй хүүхэд, өөрийнх нь ангид хоёр эрэгтэй, бусад нь дан охид байсан гэдэг. Үе тэнгийн найз нөхөд, хамаатан саднаасаа цэцэрлэгийн багшаар сурч байгаагаа тас нуудаг ичимхий оюутан явснаа Ч.Төгөлдөр багш дурсав. Арван жилийн сурагч байхдаа ч ангидаа даруу төлөв, бүрэг ичимхий зан ааштай байсан түүнийг ажлын талбарт гарахад тэс өөр орчин угтав.

Багш болж “хөглөсөн” анхны жил

 

Их сургуулиа 2008 онд төгсөөд ажлын гараагаа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгээс эхэллээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдрөө дурсахдаа Ч.Төгөлдөр багш “Эхэндээ ч чанга байсан даа. Хүүхдүүд эцэг, эхээ дагаж, зарим нь бусдыгаа дуурайж уйлаад ангиар нэг дуу шуу болж үлддэг байлаа. Тэврэхийг нь тэврээд, аргадахыг нь аргадаад л аль болох арга эвийг нь олох гэж их хичээдэг байсан даа” гэсэн юм. Дээр нь цэцэрлэгийн багш ангийнхаа бүх хүүхдүүдийн ээж, аав заримдаа өвөө, эмээ гээд маш олон хүнтэй харилцах шаардлагатай болно. Хүн болгон өөр өөр зан араншинтай болохоор хүүхдүүдийн арга эвийг олохоос илүүтэй том хүмүүстэй нь учраа ололцох нь хааяа төвөгтэй санагдаж, нэг бус удаа шантарч ажлаасаа гарах тухай бодол толгойд нь зурсхийж байж. Цэцэрлэгтээ нэг төгсөлтийн хоёр эрэгтэй найзтайгаа хамт ажилладаг байсан болохоор шантарсан үед нэгнийгээ сэтгэл санаагаар дэмжиж, хамтдаа урагшилсны хүчинд Ч.Төгөлдөр багш өдгөө 10 дахь жилдээ мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Их сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй 9 жилийн турш Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгт ажиллаж байгаад 2017 оны наймдугаар сараас Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт багшилж эхэлжээ. 

“Багш аа би, би”

Түүний ажлын нэг өдөртэй танилцахаар би Нисэхийн 134 дүгээр цэцэрлэгийг зорив. Ч.Төгөлдөр багшийн өдөр тутмын ажил 7.30 цагт эхэлнэ. Намайг очиход тэр аль хэдийнэ ирчихсэн хувцсаа сольж өмсөөд үүдэнд ангийн хүүхдүүдээ хүлээж байв. Эхнээсээ ”Сайн байна уу, багш аа” гэж цовоо цолгиун дуугаар мэндчилсээр багачууд уван, цуван орж ирэв. Ч.Төгөлдөр багш энэ жил ахлах бүлэг хариуцаж авсан бөгөөд эднийх 40 гаруй хүүхэдтэй. Ээжийгээ дагаж уйлсныг нь өвөр дээрээ суулган аргадаж, хүүхдүүдийнхээ шүдийг угаалгахаас түүний ажил эхэлнэ. Багачууд орж ирэнгүүтээ гүйлдэж, шуугилдаж, энэ тэнд хэд хэдээрээ хуваагдан тоглож эхлэв. Удалгүй ангийнхныгаа тойрог болгон зогсоогоод Ч.Төгөлдөр багш дасгал хөдөлгөөн хийж, дуу хамт дуулав. Ингэхдээ тухайн өдрийн хариуцлагатай жижүүрээр хоёр хүүхдийг томилж, өглөөний цай уух ширээ засахад туслах багштай хамт бэлтгэх үүрэг оноов. Мэдээж хүүхдүүдээр хүнд ажил хийлгэхгүй. Аяга, сэрээ, халбага зөөлгөх төдий ч гэсэн хүүхдүүд хариуцлага жижүүр болох гэж “Багш аа би, би” гэж хамаг чадлаараа хашгирч гараа өргөнө. Ч.Төгөлдөр багшийн ярьснаар хамгийн ачаалалтай үе нь хүүхдүүдийг хоол, цайнд оруулж, унтуулах үе байдаг аж. Хүүхдүүдээ унтуулсны дараа л Ч.Төгөлдөр багшид бичиг цаастай “ноцолдох” багахан цаг гардаг гэнэ. Түүний өдрийн ажил багачуудын баяр хөөр, дуу чимээн дунд нэг иймэрхүү өнгө төрхтэй өнгөрсөөр 10 жилийг үдэж байна. 

Хүүхдүүд нь багшдаа дасах, багш нь хүүхдүүдээ санах мөч

 

“Хүүхдүүдтэй хамт байх тааруухан хошин шог үзсэнээс ч илүү хөгжилтэй шүү” гэсээр тэр яриагаа үргэлжлүүлэв. “Хүүхэдтэй ажиллах сайхан шүү дээ. Та даарч байна уу гээд зарим нь цамцаа өгч халамжилдаг” гэсэн юм. Манай ангид Цагаан сарын золголт гэж сүртэй юм болно оо гэж Ч.Төгөлдөр багш инээмсэглэл тодруулан ярив. Түүний хувьд хүүхдүүд насны онцлогт нь тааруулж хичээлээ хэрхэн сонирхолтой орох вэ гэдэгт үргэлж анхаарч өөрийгөө хөгжүүлж явдаг нэгэн. Дүүргийн болоод улсын хэмжээний багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлж байсан нь энэ хөдөлмөрийнх нь үр дүн. Хүүхдүүдийн анхаарлыг сайн төвлөрүүлж чадвал аливааг хүлээж авах чадвар нь маш өндөр байдаг аж. Тиймээс Ч.Төгөлдөр багш ангийнхантайгаа хамтдаа тоглож, тоглохдоо зориудаар шургаж унах эсвэл амандаа дуугардаг тоглоом хийх гэх мэтээр анхаарлыг нь татахад л хүүхдүүд инээлдэн хичээлдээ төвлөрч эхэлдэг байна. Ч.Төгөлдөр багшийн хувьд хүүхдүүдтэй ойр дотно харилцаж, анхаарал халамж тавьж, багш хүүхдийн хамтын оролцоотойгоор тэднийг хөгжүүлэхийг эрмэлздэг байна. Тэр дундаа ээжтэйгээ хамт амьдардаг, аав нь хол байдаг хүүхдүүд цэцэрлэгийн эрэгтэй багшид дасах нь элбэг байдаг аж. Тийм хүүхдүүдэд “аав” багш болж, илүү их ойлгож, харилцахыг хичээдэг. Их сургуулиа төгссөний дараа анх дааж авсан ангид нь суралцаж байсан хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд орсон ч Ч.Төгөлдөр багштай уулзахаар Улаанчулуутаас автобусанд суугаад ганцаараа хүрээд ирдэг байсан тухай сонирхуулсан юм. Нэг, хоёрдугаар анги хүртлээ гэнэтхэн л “Сайн байна уу, багш аа” гээд ороод ирдэг байж. Энэ мэтчилэн багшдаа дасах, багш нь хүүхдүүдээ санах тохиолдол бишгүй олон тохиолддог байна. 

Заяаны ханьтайгаа цэцэрлэгт учрав

Түүний амьдрал бүхэлдээ л цэцэрлэгтэй холбоотой. Тэр заяаны ханьтайгаа ч 101 дүгээр цэцэрлэгт учирчээ. Ч.Төгөлдөр багш эхнэрийнхээ ангийг дааж авснаар гурван хүүхдийнх нь ээж, ханьтайгаа анх танилцжээ. Гэр бүлийн хоёр нэг мэргэжилтэй, нэг газар ажиллах нь тийм ч тохиромжтой биш гэж үзсэн учраас эхнэр нь анх эзэмшсэн мэргэжил болох нягтлангаараа ажиллаж байна. Ч.Төгөлдөр багшийнх гурван охинтой бөгөөд том нь долоон настай дундах нь гурав, бага нь ой дөрвөн сартай. Хүүхдүүдтэй харилцах, хичээл номыг нь давтуулахад хүүхэдтэй ажилладаг мэргэжлийнх нь ач тус ихээхэн тус нэмэр болдог.
Ч.Төгөлдөр багшийн хувьд үнэнч, шударгаар хөдөлмөрлөж, зөв сайхан амьдрахын төлөө хичээж яваа Монголын мянга, мянган залуучуудын төлөөлөл. Бусдын амьдралд төвөг болохгүйгээр аль болох чадах чинээгээрээ нийгэмдээ гэрэл гэгээ тусгаж явах нь түүний амьдралын зарчим. Энэ зарчим түүний амьдралын нэгэн сургамжтай холбоотой. Тэрбээр дотнын найздаа итгэж аав, ээжийнхээ байрыг банкны барьцаанд тавьж, зээл авч өгөөд хулхидуулж, гэр бүлийнхнээ хэсэг хугацаанд хүнд байдалд оруулж байсан удаатай. Амьдралынх нь хамгийн хэцүү жилүүдэд тэр цаашид баримтлах зарчмаа олж авсан гэдэг. Тухайн үед аав, ээжийнхээ байрыг алдах дээрээ тулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдаас нуугдаж дотроосоо цоожилчихоод байрандаа чимээ ч гаргаж чадахгүй суудаг үе байж. Үүнээс хойш Ч.Төгөлдөр “Хэн нэгний амьдралд хэзээ ч төвөг учруулахгүй, бусдыг хүнд байдалд оруулахгүй амьдрах ёстой юм шүү” гэсэн хатуу итгэл, үнэмшилтэй болжээ.

“Салхи хагалагч”

 

Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт ажиллаж байгаа анхны эрэгтэй багш нь Ч.Төгөлдөр. Тиймээс нийгмийн өнөөх л гайхсан хандлага мэр сэр ажиглагдах нь бий. Эрэгтэй багш гэхээр “Хүүхэдтэй ширүүн харьцдаг, ганц нэг гар хүрчихдэг байж магадгүй” гэсэн олон нийтийн өрөөсгөл ойлголтыг Ч.Төгөлдөр багш өөрийнхөө ажил, хөдөлмөрөөр “баллуурдаж” яваа нэгэн. Анх ажилд ороход нь зарим найз нөхөд нь “Эрэгтэй хүн олон цагаар хүүхэдтэй “ноцолдож” чадахгүй. Наадах чинь эмэгтэйчүүдийн хийж чадах ажил” гэж дургүйцэж байсан гэдэг. Түүний 10 жилийн хичээл, зүтгэл хүйсээс хамаарахгүйгээр аливаа ажлыг сайн хийж болдог, сургуулийн өмнөх боловсролын салбарт зөвхөн эмэгтэй багш ажилладаг гэсэн найзуудынхаа болоод нийгмийн хэвшмэл ойлголтыг “эвдэж” чадсан. Яг л анх Т.Номинсувд охины ангийн эцэг, эхчүүд эрэгтэй багш хараад гайхан хүлээж авч, удалгүй эрэгтэй, эмэгтэй багшийн ялгаа үгүйг ойлгож, ур чадварыг нь хүлээн зөвшөөрсөн. Үүн шиг нийгэмд ч цэцэрлэгийн эрэгтэй багш нар хүлээн зөвшөөрөгдөх эхлэл суурийг Ч.Төгөлдөр багш өөрийнхөө туршлага, амьдралын уйгагүй зам мөр, хичээл зүтгэлээр сайн тавьж өгч байна. Одоо цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцдаг эрэгтэй оюутнуудын тоо өмнөх жилүүдийг бодвол харьцангуй нэмэгдэж байгаа гэж тэрбээр ярив. Энэ бол түүний нийгмийн хуучинсаг ойлголтыг залруулах “салхи хагалагч” байсны ач тус билээ. 

2017 оны есдүгээр сарын 1. Т.Номинсувд маань нэгдүгээр ангид орлоо. Цүнхээ үүрч, цэцгийн баглаагаа бариад урьдын адил сургуулиа зорив. Одоо анги даасан багш нь эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь түүнд болоод гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөд нь сонин, хачин сэдэв байхаа аль хэдийнэ больжээ. 

Ц.Оюунтунгалаг