Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол туургатны "Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо

Г.Сайнбилэг, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол туургатны “Миний монгол бичиг” улсын уралдаан гурав дахь удаагаа зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулан шагнал гардууллаа. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, “Монгол бичгийн нийгэмлэг" зохион байгуулж, БСШУСЯ, Төрийн хэлний зөвлөл “Лавайн эгшиг” радио, “Гурван эрдэнэ” сүсэгтний холбоо хамтран ажиллажээ.

Уг уралдаан нь энэ сарын 10-наас эхлэн оролцогчдын бүтээлийг хүлээн авсан байна. Тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрийн сурагч, багш нар болон Өвөрмонгол, Буриадын 1024 оролцогч бүртгүүлж таван ангилалд ур чадвараараа өрсөлдсөн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр уралдааны ерөнхий зохион байгуулагч Да лам Х.Бямбажав “Манай улсын хагацашгүй өв соёл бол монгол бичиг яах аргагүй мөн. Манай уралдааны оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс эрс өсөж хэдэн зуу байдаг байснаа одоо мянга давжээ. Соёлын энэ үнэт өвөө үр хойчдоо өвлүүлэхийг Гандантэгчинлэн хийдийн зүгээс өөрсдийн үүрэг гэж үзэж ажилладаг. Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ бичгийг залуучууд маань улам сонирхож, судалж байгааг харах маш сайхан байна” гэсэн юм.

Харин монгол туургатны оролцогчдын талаар “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн “Энэ уралдааны нэр хүнд хэр их өсөж байгааг оролцогчдынх нь тооноос шууд харж болно. Тэр тусмаа түүхийн явцад биднээс тусгаарлагдсан Өвөр монгол, Буриадын оролцогчид төрөлх монгол бичгээрээ уралдаанд оролцож, байр эзэлж байгаад туйлын их баяртай байна. Монголчууд монгол бичгээрээ бичдэг болох гэж олон жил хууль гаргаж, бүтэж, бүтэлгүйтэж байгаа энэ сэтгэлгээг энэ уралдаан тэмцээн, та бүхний сэтгэл л нөхнө” гэлээ.

Уралдааны бүтээлийн төрөлд уран бичээч Э.Ариунболд “Аргун хаанаас Ватиканы пап ламд илгээсэн захидлын хуулбар” бүтээлээр, мэргэжлийн багшийн ангилалд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын багш Ц.Цэрэнбалжид, насанд хүрэгчдийн ангилалд Цогт цагийн хүрдэн соёлын төвийн хөрвүүлэгч Т.Мөнхням, 10-12 дугаар ангийн ангилалд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Одбилэг, 7-9 дүгээр ангид Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Б.Энхчимэг нар тэргүүн байр эзэлж мөнгөн шатал, өргөмжлөл, медалиар шатууллаа.

Мөн шилдгийн шилдэг шагналыг Улаанбаатарын Монголын бурхан шашны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Мөнхцэцэг "Цаглашгүй дөрөв" бүтээлээр, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн багш Д.Амаргариг нар хүртлээ.

Зураг