Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нус, цэр, шээсний ЦАГДААГАА ТОМИЛЖ ӨГНӨ ҮҮ Ц.НЯМДОРЖ САЙД АА!

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2017 онд УИХ-ын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Зөрчлийн тухай хууль  5 дугаар бүлгийн 1.1 зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэвч өнөөдөр уг хууль хэрхэн хэрэгжиж байгаа эсэхийг та бүхэн Улаанбаатар хотын  хэсэгхэн газраас авсан эдгээр хэдхэн зурагнаас харж болно.

 
 
 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 3.1 сая хүн амьдарч байгаагаас 40 орчим хувь нь нийслэл хотод суурин аж төрж байгаа тоо баримт байдаг. Тэгвэл хөл хөдөлгөөн бужигнасан энэ хотод маань нийтийн бие засах газар байх нь чухал. Гудамж талбай, байшингийн булангаас эхлээд  энд тэнд ил задгай бие зассан байхыг харсан хэнд ч сайхан санагдахгүй ээ. Гэр хорооллын модон жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол хэдийнээ аюултай хэмжээнд очсоныг мэргэжлийн хүмүүс мэдэгдсээр байхад хотын төвийнхөн ч хаа таарсан газраа биеэ хөнгөлсөөр л ... 

 

Олон улсын автомашингүй өдрийг тохиолдуулан  “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулагддаг. Өнгөрсөн жилийн “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээний үеэр хотын төв талбайн орчимд буюу Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын байрны гадна гадаадын хоёр иргэн ил задгай бие зассан гэх зураг цахим сүлжээгээр тархсан нь ердөө өнгөрсөн 2017 онд болсон үйл явдал юм.

Асуудлыг бүх талаар тохиромжтой шийдэх боломжтой хотын төв дэх ариун цэврийн байгууламжийн талаар Улаанбаатарчууд өнөөг хүртэл шийдэж чадаагүй л байсаар. 

Энэ талаар сурвалжлахаар нийслэлийн зарим нийтийн бие засах газрууд болон тэдний үйл ажиллагааг хариуцсан алба болох Хот тохижилтын газрыг зорилоо.

 

Биднийг Хархорин захаас Сансар орох төв зам дагуу явахад ердөө хоёр л нийтийн бие засах газар нээлттэй харагдсан нь, Төв талбайд байрлах “Эко 00”, нөгөөх нь 13-р хорооллын зам дагуу байрлах “City toilet” байлаа.

Замдаа автобусны буудал дээр ирэх автобусаа хүлээн зогсох нэгэн эмэгтэйгээс нийтийн бие засах газрын хүрэлцээ, мөн ил задгай бие засдаг хүмүүсийн талаарх сэтгэгдлийг асуухад тэрбээр “Ихэнх нийтийн бие засах газрууд ажилладаггүй. Гэхдээ тийм байлаа гээд ил задгай бие засах нь бүдүүлэг хэрэг. Ямар нэг аргаар аль нэг албан байгууллагын бие засах газар луу орох ёстой. Тухайн байгууллага нь ч бас оруулдаг байх хэрэгтэй шүүдээ. Ер нь хаа таарсан газраа ил бие засдаг иргэдтэй улс манайхаас өөр байхгүй л болов уу” гэсэн юм.

ӨДРИЙНХӨӨ ЦАЛИНГ ОЛЖ ЧАДАХГҮЙ ХАРЬДАГ
    
Бид онгорхой байсан нийтийн бие засах газрын ажилтангуудаас өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж хэдэн төгрөгийн орлого олдог талаар асуухад Нийтийн бие засах газрын ажилтан Ч.Баяраа “Би энэ газрыг ашиглалтаар ажиллуулдаг түрээс төлдөггүй гэсэн үг. Сард манайх тог ус дулаан нийлээд 500-600 мянган төгрөг болдог. Даанч ойрд ашиглалтын зардлаа төлөхөд хэцүү байна. Өглөө би найм гэж ирээд өдрийн 14 цаг болж байхад 2,000 төгрөгтэй л сууж байна. Манай энэ хавийн буюу 13-р хорооллын автобусны буудлын хажуугийн гарцыг хааснаас хойш хүн улам багассан. Урьд нь 15-30 мянга ордог байсан бол одоо сайндаа л 16,000 төгрөгийн орлого олж байна. Ер нь зун хүний хөл хөдөлгөөн ихсээд ирэхээр их сайн ордог юм. Улирлын онцлогоосоо шалтгаалж үйлчлүүлэгч өөр, өөр байдаг” гэлээ.

 

Төв талбайд байрлах “ЭКО 00”-ын ажилтан “Би саяхнаас ажилд орсон. Манайх нэг удаа үйлчилэхдээ 300 төгрөг авдаг. Би өдрийн 15,000 төгрөгний цалинтай Өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл ажилладаг. Гэвч зарим тохиолдолд өдрийнхөө цалинг олж чадалгүй бүр хоёроос гурван мянган төгрөгтэй ч буух үе бий. Гэхдээ зун орлого илүү сайн байдаг гэж сонссон” гэв. 

Тэндээс гараад цааш явж байхдаа хэдэн хүнээс нийтийн бие засах газраар хэр их үйлчлүүлдэг талаар сонирхлоо.

Нэгэн нэрээ нууцалсан иргэн “Мэдээж гадаа бие засаж байгаа хүнийг хараад муухай мэдрэмж төрдөг. Гэхдээ заримдаа нийтийн бие засах газар олдохгүй албан газрууд оруулахгүй үед хэцүү биз дээ. Миний бодлоор нийтийн бие засах газрууд болон зарим байгууллагын бие засах газраар үйлчлүүлэхэд төлбөр нь хэтэрхий үнэтэй.  Учир нь 200, 300 төгрөг чинь ядарсан нэгэнд үнэтэй санагдана. Тийм хүн бол гадаа л хүний нүд хариулаад бие засчихна шүү дээ” гэсэн юм.

БИЕ ЗАСАХ ГАЗАР ИРГЭДЭД ЗОРИУЛАЛТААРАА, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ЦЭВЭР БОЛОВСОН ҮЙЛЧЛЭХ БОЛНО ГЭВ

Нийслэлийн хэмжээнд 20 нийтийн бие засах газрыг Хот тохижилтын газрын ОНӨААТҮГ-т харьяалалтай байдаг боловч яагаад эдгээр нийтийн бие засах газрууд үйл ажиллагаагаа явуулахгүй байгааг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын орлогч дарга С.Батбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Манайх 20 нийтийн бие засах газрыг хариуцаж ажилладаг. Үүнээс тухайн барьж гүйцэтгэсэн компани нь албан ёсоор хүлээлгэж өгөөгүй хоёр, улирлын чанартай ажилладаг нэг байгаа бөгөөд бусад 17 нь хэвийн ажиллагаатай. Харин ажиллахгүй хаалттай байна гэх шалтгаан нь байршлаасаа хамаардаг юм. Өнөөдрийн байдлаар “City toilet”-ийн арав нь түрээсийн, найм нь ашиглалтын зориулалтаар ажиллаж байна.

Байршлаас нь хамаарч ашиглалтаар, түрээсээр гэж ялгаж ажиллуулдаг юм. Түрээсээр гэдэг нь хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт байрлах нийтийн бие засах газрыг ашиглалтын зардлаас гадна 189 мянган төгрөгөөр хувь хүнд түрээслүүлдэг. Ашиглалтаар гэдэг нь хүний хөл хөдөлгөөн багатай газрыг тухайн иргэнд хүлээлгэж өгөөд үйл ажиллагаа явуулуулдаг. Гэвч зарим нь зардлаа нөхөж олж чадахгүйгээс болоод ажиллуулахаас татгалздаг. Харин дараагийн түрээслэгч хүнийг олтол тухайн “Сity toilet” ажиллахгүй уддаг. Мөн эдгээрийн тав нь төвийн дулаанд холбогдсон, дөрөв нь бохирыг нь соруулдаг, 14 нь төвийн дулаанд холбогдоогүй цахилгаанаар дулаанаа хангадаг.

Харин эдгээр нийтийн бие засах газруудын асуудлыг 2017 оны тавдугаар сард Нийслэлийн Засаг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Уг хурлаар олон улсын стандартад нийцсэн төвлөрсөн системд холбогдож болох байршлуудад болон голдуу эцсийн буудлуудад өөр давхар үйлчилгээ явуулж болохоор нийтийн 00 дахин шинээр барихад бэлэн болго гэж Газрын Алба болон холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байгаа” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Энэ өдий хүртэл ямар ажил хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын 20 бие засах газрын үндсэн зардал нь 2.1 тэрбум төгрөг байдаг. 

Урьд нь янз янзын хугацаанд баригдсан учраас зарим нь бодит төсөв нь үндэслэл муутай асар их үнэтэй баригдсан комисс шаардлага хангасан эсэхийг тэр үед нь шалгаагүйгээс болоод хүлээж аваад ийм  бие засах газар Нийслэлийн төсөвт бүртгэлтэй байдаг. Зарим нь ажиллуулах гэхээр ашиглалтын зардлаа даадаггүй, үйл ажиллагааны доголдолтой, зарим төвийн дулаанд холбогдоогүй байршил муу учраас ажилладаггүй. 

Өнөөдөр (2018.2.23) Засаг даргын зөвлөлийн хурлаар хоёр хувилбар оруулж ирсэн. 

Нийслэл өөрөө авч явахад үйл ажиллагааны зардал өргөтгөх чиглэлээр дулаанд холбох гээд улсын төсвөөс нийслэлийн төсөвт тодорхой хөрөнгө шаардалагатай. Энэ боломжгүй гэж авч үзвэл энэ бие засах газруудыг удирдлагын хувьд менежментийн гэрээгээр үйл ажиллагааны чиглэл нь алдагдахгүйгээр хуулийн нэр дээр хувь хүнд менежментийн гэрээгээр тодорхой хугацааны дараа  ажлууллах гэсэн хувилбараар хэлэлцлээ.

Энэ хурлаар олон талаас нь ярилцаад цаашид нийтийн бие засах газрыг хотын иргэдийн төлөө зориулалтаар нь ашиглая гэвэл нийслэл тодорхой хөрөнгө гаргаж алдагдлыг нь хариуцаж хөрөнгө гаргах ёстой гэсэн шийдвэрт хүрлээ. 

Энэ шийдвэрийн тооцоот судалгааг бид дараа танилцуулах болно. Энэ шийдвэрийн дагуу 20 бие засах газар иргэдэд зориулалтаараа, үнэ төлбөргүй, цэвэр боловсон үйлчлэх болно” хэмээлээ. 

Үүнээс үзвэл нийслэлээс ямартай ч нийтийн бие засах газруудынхаа асуудлыг шийдэх бололтой. Гэхдээ бие засах газар ажиллуулдаг иргэдийн мэдээллээр үйлчлүүлэгчид тун ховор байдаг бололтой. Зун л үйлчлүүлэгчид жаахан нэмэгддэг аж. Үүнээс үзвэл Улаанбаатарчууд нийтийн бие засах газар байсаар байтал орж үйлчлүүлдэггүй гудамжиндаа хөнгөрч, хүндрэхийг илүүд үзэж байна.  Эдгээр бие засах газруудын байрлал хэр хүртээмжтэй талаар ч дахин бодолцох хэрэгтэй цаг болжээ. 

Нөгөө талаар үйлчилгээний газрууд ч нийтэд үнэтэй, үнэгүй үйлчлэх, ер нь хүссэн хүн ариун цэврийн өрөөгөөр нь үйлчлүүлж болох эсэх нийтийн нэгдсэн ойлголт үгүй байсаар байна. 

 

Харин гудамжинд хөнгөрч, хүндрэгчдийг торгох хууль өнгөрсөн жилийн долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Гэвч Зөрчлийн хууль дахь энэ хэсэгт хэн хариуцлага тооцох буюу ХЭН НУСНЫ, ЦЭРНИЙ, ШЭЭСНИЙ, БААСНЫ ЦАГДАА хийх нь тодорхойгүй байсаар байгаа юм. 

Хууль тогтоогчид маань хуулиа баталчихдаг ч хэрэгжүүлдэг, хянадаг, дагадаг хүн үгүй учир "Монголын хууль гурав хоног" гэдэг үлгэр л үргэжилсээр байна. Хэдийгээр нийтийн бие засах газар, өтгөн шингэнээ гадагшлуулах тухай нь жижиг асуудал мэт боловч энэ Улаанбаатарын хамгийн хүнд сэдэв болоод удав. 

Хавар болж урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн газар гэсч булан тохой бүр дэх өтгөн, шингэний үнэрт "дарлуулах" цаг ирлээ.