Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

1980 оноос хойш төрсөн Японы насанд хүрэгчдийн биеийн дундаж өндөр буурч эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 100 жилийн хугацаанд Японы насанд хүрсэн иргэдийн биеийн өндөр дунджаар 15 см өссөн гэсэн тоо бий. Гэвч 1980 он ба түүнээс хойш төрсөн иргэдийнх нь биеийн дундаж өндөр эргэн буурч эхэлснийг саяхны судалгаа харуулжээ.

Токио хотын Хүүхдийн Хөгжил, Эрүүл мэндийн Үндэсний Төвийнхөн 3.15 сая насанд хүрсэн иргэдийн мэдээлэл дээр шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлт гаргасан байна. Мөн буурсан шалтгаан нь шинээр мэндэлсэн хүүхдүүдийн биеийн жин буурч байгаатай холбоотой гэж таамаглажээ.

Японы шинээр мэндэлсэн хүүхдүүдийн дотор 2,500 граммаас бага жинтэй хүүхдийн хувь хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. 1978, 1979 онд төрсөн иргэдийн биеийн дундаж өндөр Япончуудын хувьд дээд үзүүлэлт болж байгаа гэнэ. Эдгээр онуудад төрсөн иргэдийн дундаж өндөр эрэгтэйчүүдийн хувьд 171.46 см, эмэгтэйчүүдийн хувьд 158.52 см байдаг ажээ.

Харин 1996 онд төрсөн эрчүүдийн дундаж өндөр 170.82 см, эмэгтэйчүүдийнх 158.31 см болж буурсан байна. 1980 он ба түүнээс хойш мэндэлсэн хүүхдүүдийн төрөх үеийн биеийн жин тогтмол буурсантай энэ нь хамааралтай байгааг тогтоожээ.

1970-аад оны сүүлээр бага жинтэй мэндэлсэн нярайн эзлэх хувь 5.1 хувь байснаа 2007 онд 9.7 хувь болж нэмэгдсэн байна. Өмнө хийгдэж байсан өөр нэг судалгаагаар төрөх үеийн бага жин нь тухайн хүний биеийн өндөрт нөлөөлдгийг баталж байсан юм. Өөрөөр хэлбэл бага жинтэй төрсөн хүүхэд насанд хүрэхдээ намхан хүн болдог гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today