Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Сүнжидмаа: Биологийн суурь ойлголт хаа газар ялгаагүй ч боломжтой газар нь монгол жишээ оруулахыг хичээсэн

МОНСУДАР
2017 оны 11 сарын 1
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцаас эрхлэн гаргасан “Суурь мэдлэг” цоо шинэ цувралын “Биологи” номыг герман хэлнээс орчуулсан Док. Р.Сүнжидмаатай ярилцлаа.

- Та өөрийгөө товч танилцуулна уу.

- Би Завхан аймгийн Яруу суманд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, мөн сургуулийн Биологийн факултетийг тус тус төгсөж, 2009 онд ХБНГУ-ын Гөттинген хотын Георг-Аугустын их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо МУИС-ийн Экологийн боловсролын төвд ажиллаж байна. Герман хэлний багш, орчуулагч, биологич, экологич мэргэжилтэй.

- Таны орчуулсан ном саяхан хэвлэгдэн гарсан. Номын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу.

- Ерөнхий сэтгэгдэл их сайн байгаа (Инээв). Амьтай болгоны талаар хүн бүрийн мэдвэл зохих ерөнхий мэдлэг, наад захын суурь ойлголтуудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой бичигдсэн ном байна.

Хүүхэд гэлтгүй томчууд ч, ер нь мэргэжлийн болоод мэргэжлийн бус хэн бүхэнд хэрэгтэй, амьд ертөнцийг таньж мэдэх, тэр дундаа хүн өөрийгөө амьд амьтан талаас нь ойлгоход их дөхөмтэй ном юм.

Уншигчдын анхны сэтгэгдэл ч “Биологи ийм амархан, ийм сонирхолтой билүү” гэсэн үг байгаад баяртай байгаа. Энэ номыг Монсудар хэвлэлийн газрын ДиДо редакц бүрэн эрхтэйгээр анх сонгон авч ирээд орчуулах санал тавихад миний бие их баярлаж хүлээж авсан. Яг л ийм ном хүүхдэд хэрэгтэй байгаа юм даа.

- Манай лавлах, сурах бичгүүдээс ялгаатай юу? 

- Ялгаатай. Юуны өмнө Германы нэртэй хэвлэлийн газрын бүтээл гэдгээрээ, мөн агуулгаараа ч тэр, илэрхийлэл, дизайн хийцээрээ ч тэр, хөгжилтэй улс орны хүүхэд, олон нийтэд зориулсан ном ямар байдаг билээ, яг л тийм. Хүн бүрт хүртээлтэй, сонирхол татахуйц, бас амьдралд ойрхон мэдээлэл их агуулсан, хэт онолдоогүй, хүн уйдаахааргүй, ёстой л суурь мэдлэг гэсэн тодотголдоо дүйсэн.

Нүүр болгонд шахуу энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрүүлэхүйц ном байна билээ.

Хүүхдэд биологийн янз бүрийн шалгалтад бэлтгэх гарын авлага болохоос гадна ерөнхий мэдлэгийнх нь суурийг маш сайн тавьж өгөх цогц мэдээлэлтэй тул гүнзгийрүүлэн судлахын бат сайн үндэс болж өгч чадахаар байна. “Бие даалт, даалгавар хийхэд яг хэрэгтэй юм байна” гэж 7-р ангийн хүү минь хэлж харагдсан. Хүүхдийнхээ асуултад хариулж чадахгүй үед аав, ээжүүд энэ ном руу заачихаад сууж байхад их зүгээр санагдсан шүү (инээв).

- Энэ номын давуу тал, онцлог юунд байна вэ?

- Юуны өмнө биологи гэдэг хичээлийн ном гэхээсээ илүү танин мэдэхүйн ном юм уу даа. 5-12-р ангийн хүүхдэд голчлон чиглэсэн боловч амьд бүхний тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн хэн бүхний гарын ном болохоор юм. 

Амьдралын үүслээс өгсүүлээд амьд организмын бүлгүүдийн онцлог, ач холбогдол, тэдгээрийн хоорондын харилцаа, хамаарал, амьдралын аливаа үзэгдэл, түүний зүй тогтол, зохилдолгоог өгүүлэхээс гадна “Хүн” гэдэг тусгай томоохон бүлэгтэй юм байна.

Хүн өөрийгөө, ер нь амьдралыг үндсээс нь эхлэн таних, бие эрхтнийхээ онцлог, үүрэг, үйл ажиллагааг ойлгож мэдэх, зөв хооллохоос өгсүүлээд аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөхөд суралцах зэрэг эрүүл мэндийн наад захын боловсрол ч олж авахаар юм.

- Энэ ном германы хэвлэлийн газрын гэсэн боловч монголтой холбоотой мэдээ баримтууд бас нэлээд харагдах шиг болсон. Энэ талаар? 

Биологийн суурь ойлголт хаа газар ялгаагүй ч боломжтой газар нь монгол жишээ оруулахыг хичээсэн. Редакцийн зүгээс болон орчуулагчийн зүгээс холбогдолтой монгол мэдээ баримт оруулж, монгол агуулга бүхий фото зургаар сольсон тохиолдол цөөнгүй бий.

- Номыг орчуулахад бэрхшээл, хүндрэл байв уу? 

- Онцын бэрхшээл байгаагүй. Гэхдээ эхэлж хараад маш хөнгөхөн орчуулчихна даа гэж бодож байснаар бас болоогүй шүү. Эхний өгүүлбэр дээрээ л гацчихсан. Хорин үгтэй өгүүлбэрийг орчуулахад хэдхэн минут зараад хоёр үгтэй дээр нь хэдэн өдөр бодох тохиолдол цөөнгүй байлаа. Миний хувьд орчуулсан төдий бөгөөд номын онцлог, ерөнхий өгүүлэмжийг эхнээс нь аваад дуустал алдахгүй, тэгсэн хэрнээ монгол хүн эх хэлээрээ уншихад өөрийн юм шиг уншигдахаар орчуулахыг хичээсэн.

Мэргэжлийн нэр томьёог буулгахад Б.Болдгив докторын “Экологи, эволюцийн нэр томьёоны англи-монгол тайлбар толь” их дөхөм болсон. Мэргэжлийн сайн редактор, бас шаардлага сайтай редакц, техник болон ерөнхий редактор, монгол эхийг бэлтгэх чимхлүүр ажлыг нугалсан олон хүний ачаар ном маань бүхэлдээ дажгүй сайхан болсон байх аа гэж бодож байгаа.

- Хойшид ийм төрлийн номыг орчуулан нийтийн хүртээл болгох хэрэгцээ шаардлага байна уу?

-Байна. Ер нь цаашид ийм төрлийн агуулга, аргазүйтэй сайн ном олныг орчуулах, болж өгвөл өөрийн орны чадварлаг эрдэмтдийн баг бүрдүүлж, өөрсдөө эрхлэн гаргах хэрэгцээ шаардлага байна. Одоогийн боловсролын тогтолцоо нэг л болж өгөхгүй байгааг бид бэлхнээ харж байгаа. 

“Үр дүнд нь бүх нийтээрээ л ерөнхий суурь мэдлэг муутай байцгаана. Гэтэл гадаад оронд хүүхдэд бүх суурь мэдлэгийг бүр багаас нь эхлээд энгийн үг хэллэгээр, насанд нь тааруулаад суулгаад өгчихөж байна. Ийм номтой газар ямар ч тэнэг хүн юм сурахгүй гээд хаачихав дээ гэж бодогдохоор. Манайд бол шатны эхний хэдэн гишгүүрийг хийлгүй орхичихоод шууд л 3, 4 дэхээс эхлээд харай, өгс гээд хүүхдээ түлхээд байгаатай адил санагддаг. Суурийг нь тавиагүй байж өндөрт гарахыг хүснэ. Хүүхэд мэдээж бэрхшээнэ. “Би чадахгүй, би яагаад ч барахгүй нь ээ, ер нь хэцүү юм байна, больё оо” гэх жишээтэй. Ингээд л суурь мэдлэг дутаад явчихна”. 

Мэдээж аливаа зүйлийг оновчтой цөөн үгээр, хүн бүрт ойлгомжтой хэлбэрээр, хүний алтан цагаас бага авахаар, голыг нь олж илэрхийлж чадна гэдэг, тэгэхдээ тухайн шинжлэх ухааны мөн чанарыг хүний толгойд бат суухаар тусгаж өгнө гэдэг хэн бүхний амар чадах ажил биш байх.

Номын зохиогчоос мэргэжлийн ур чадвараас гадна маш нарийн мэдрэмж, авьяас, аргазүй, сэтгэмж шаардсан ажил байж таарна. Цаг хугацаа ч их хэрэгтэй. Тиймд үндэсний чадварлаг боловсон хүчин тэр бүх шаардлагыг хангасан ном, сурах бичиг гаргатал гадны сайн бүтээлийг орчуулан хүргэж, хүүхдийнхээ суурь боловсролд анхаарч байх нь тун чухал байна.

Монсудар хэвлэлийн газраас цаашид математик, физик, химийн чиглэлээр энэхүү “Суурь мэдлэг” цувралын номуудаас орчуулан гаргах гэж байгаад баярлаж, хүүхдүүддээ авч өгөхийг тэсэн ядан хүлээж байгаа. Биологи номын адил сайн номууд байгаа гэдэгт итгэж байна.

 

Ярилцсан Л.Анх-Оюун