Төмөр Замчдын Мэргэжлийн холбоодоос өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбооны дарга Л.Болд "Төмөр зам мэргэжил бүр дээр үйл ажиллагаа явуулдаг цогц байгууллага. Энэ дотроо мэргэжил бүрээ хөгжүүлье гэсэн зорилготой нэгдсэн холбоод байдаг. Холбоо болгон өөрийн ажлын онцлогтой. Эдгээр холбоо нь 2015 оноос Төмөр Замын Нэгдсэн холбоонд нэгдсэн.
Харин нэгдсэн холбоо бидэнтэй уулзаж ярьж, ажил мэргэжлээ хөгжүүлэх дорвитой бодлого боловсруулахын оронд бидний өмнөөс, бидэнтэй хуралдаж шийдээгүй асуудлуудаа Хэвлэл Мэдээллийн Хэрэгслээр удаа дараа мэдээлж, төмөр замын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байна.
Тиймээс Төмөр замын нэгдсэн холбоонд оролцдог бид энэ холбооноос гарахаар шийдвэрлэсэн. Тус тусынхаа үйл ажиллагааг цаашдаа шийдэж явцгаая. Дахин нийлж, нэгдэх асуудал бол бидний өөрсдийн дотоод хэрэг юм.
Манай Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбооны хувьд вагоны мэргэжлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдэд зөвлөгөө өгөх үүрэг чиглэлтэй. Энэ чиглэлээрээ цаашдаа тусдаа үйл ажиллагаагаа явуулах болно.
Төмөр замын Нэгдсэн холбооноос гаргасан аливаа мэдээлэл манай Вагоны мэргэжилтний холбоонд огт хамаагүй гэдгийг хэлье. Бидэнд улстөржих шаардлага байхгүй, бид өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж, мэргэжилтнүүдээ бэлтгэж явахыг л хүсэж байна" гэв.
Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!