Банкуудад хийгдэж буй үнэлгээний эхний үр дүн 11 дүгээр сарын 30-нд гарна
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ /AQR/ хийж байгаа билээ.
Үнэлгээний үйл явцын талаар өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир "Активын чанарын үнэлгээ хийгдээд гурван долоо хоног болж байна. Үнэлгээний процесс шат дараатай, төлөвлөгөөний дагуу явж байгаа.
Гүйцэтгэгч компани /PWC, Чех/ Монголбанктай хийсэн гэрээнийхээ дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-н гэхэд үнэлгээнийхээ эхний тайланг гаргаж өгнө. Тиймээс тухайн үед үнэлгээний үр дүнгийн мэдээлэл олон нийтэд хүрнэ" гэсэн юм.
Активын үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарт цаашид авах арга хэмжээг тодорхойлох бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ гэж Монголбанкнаас мэдээлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

