Зураг
Зураг
Индэр    
Нэр дэвшигчдээсээ ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ 9 АСУУЛТ
Зураг
2020 оны 6 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Нэр дэвшигчдээсээ ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ 9 АСУУЛТ

"Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэж Үндсэн хуулийн 20.1-т зааж өгсөн ба УИХ-ын үндсэн эрх, үүргийг Үндсэн хуулийн 25-р хэсэгт дэлгэрэнгүй тусгасан бий. 

Тиймээс сонгогч та бүхэн УИХ-д суух төлөөлөгчөө сонгохдоо тухайн байгууллагын үндсэн үүргийг харгалзан сонголтоо хийх нь зөв юм.

Парламентын үүргийг товчхондоо:

  1. Хууль батлах,

  2. Төсөв батлах,

  3. Засгийн газрын үйл ажиллагааг хянах,

  4. Ард түмнийг төлөөлөх гэж багцалж болох талаар Үндсэн хууль судлаач, профессор О.Мөнхсайхан "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэгт оролцохдоо онцолж байв. 

Дээр дурдсан үндсэн дөрвөн үүргийн дөрөв дэх буюу "Ард түмнийг төлөөлнө" гэдэг нь Үндсэн хуулийн 23.1-т заасанчлан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж тодорхой зааж өгсөн байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн нь тухайн тойрогт нэр дэвшиж, сонгогдож байгаа ч нийт иргэдийн төлөөлөл байх ЁСТОЙ.

Тиймээс ч иргэд, сонгогчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс тухайн тойргийн харьяалах нутаг дэвсгэрт хамаарах нутаг, дэвсгэр, дүүрэг, хорооны хийх ёстой ажлыг бус нийт улсын, иргэдийн эрх ашгийг хангах бодлого, хөтөлбөрийг нэхэх учиртай юм.

Энэ тухай "Сонгогчийн боловсрол" төвийн тэргүүн С.Оюунтуяа "УИХ-ын гишүүнийг сонгох гэж байж бид СӨХ-ны хийх ёстой ажлыг нэхээд байдаг. Сонгогчид ийм зүйл нэхдэг учир нэр дэвшигчид ч ийм зүйл ярьдаг. Иргэд бид илүү бодлогын сонголт хийх ёстой. Намууд ч ийм мөрийн хөтөлбөрийг уралдуулах ёстой" гэж байв. 

Түүнчлэн сонгуулийн санал хураалтын идэвхийн хувьд бусад насныхнаас хамгийн бага байдаг залуу үеийн төлөөлөл сонгуулиа яагаад өгдөггүй вэ гэсэн судалгааны асуултад "Нэр дэвшигчдийг ялгаж салгаж харж чадахгүй байна" гэж хариулсан байгаа юм. Тиймээс ч улс төр судлаач С.Болдсайхан залуучуудыг сонголт хийхэд чиглүүлэх, нэр дэвшигчдийг шүүх шалгуур үзүүлэлтүүдийг гаргах санаачилга гаргаад байв.

Тэгвэл нэр дэвшигчдээс заавал асуух, мөн амлалт авах ёстой ЕСӨН асуудлыг дараах байдлаар тодорхойллоо.

"Зориг" сангийн хийсэн судалгаагаар залуу сонгогчдын өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал нь боловсролын чанар, хүртээмж гэсэн байгаа юм.

Мөн жил бүр "Сант марал" сангийн хийдэг Улс төрийн барометр судалгааны 2020 оны тавдугаар сард хийсэн судалгааны дүнгээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудад:

  1. Ажилгүйдэл
  2. Амьжиргаа
  3. Эрүүл мэнд (КОВИД 19)
  4. Авлига 
  5. Эдийн засаг, үйлдвэрлэл гэж хариулсан байна.

"Сант марал" сангийн нээлттэй байгаа мэдээллээр 2010-2020 оны нийт 11 жилийн судалгаа болгонд асуугддаг асуулт бол "Нийгэм-Улс төр-Эдийн засгийн тулгамдсан асуудлууд"-ыг тодорхойлдог. 

График 1, Зөвхөн энэ асуултын хариу сүүлийн 11 жилийн хугацаанд ямар үр дүн үзүүлснийг харвал: 

 

Тиймээс ч сүүлийн 11 жилийн хугацаанд иргэдийн өмнө тулгамдсан хамгийн чухал асуудлуудыг шийдэх УИХ-ыг бүрдүүлье гэвэл нам, эвсэл, нэр дэвшигчдээс дараах 9 асуултыг асуух хэрэгтэй болох нь. 

Нэр дэвшигчдээсээ ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ 9 АСУУЛТ

1. Боловсролын реформ хийх үү?

Чанартай, хүртээмжтэй боловсрол нь дээр дурдсанчлан залуусын хувьд хамгийн чухал асуудал. Мөн бүх насныхны тулгамдсан асуудал байгааг "Сант Марал" сангийн судалгаанаас харж болно. 

iKon редакцын зүгээс 2019 онд Боловсролын тэгш бус хүртээмжийг бууруулах тал дээр олон цуврал нийтлэл, сурвалжилга бэлтгэсэн. Үүний хүрээнд Монголын боловсролын чанар ямар хэмжээнд байгааг илтгэсэн түүвэр судалгааны үр дүнг танилцуулж байв. Эргэн сануулбал, Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр ерөнхий боловсролын сурагчдын сурлагын чанарын түүвэр судалгааг хийдэг. 2018 оны байдлаар сурагчид хамгийн багадаа физикийн хичээл дээр 100-аас 23.1 оноотой байна. Хамгийн өндөр оноотой нь Монгол хэлний хичээл 53.2 буюу аль ч хичээл дээр сурагчдын дундаж оноо 60-д хүрч чадаагүй байгаа юм.

Түүнчлэн ЕБС төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын онооны зөрүү сурагчид хаана амьдарч байгаагаас шалтгаалж ямар хэмжээний зөрүүтэй байгааг ч танилцуулсан.

Тэгвэл боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх бодлого гаргаж, хууль батлах ёстой, нөгөө талд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж байх ёстой УИХ-ын гишүүд яагаад нийтийн боловсролын салбарт анхаардаггүй шалтгааныг ч ил болгосон. Тодруулбал, яг одоо гишүүн байгаа хүмүүсийн хүүхдүүдийн 95.5 хувь нь хувийн, өндөр төлбөртэй сургуульд сурдаг тухай сурвалжилгыг бид хүргэж байлаа.

Хамгийн сүүлд SICA судалгааны байгууллага Монголын үе хоорондын ялгааг тодорхойлох судалгааны үр дүнд бүх үеийнхний санал нэгдэж байгаа нэг зүйл нь Боловсролын чанар муу байгаа асуудал юм. Уг судалгаанд оролцогчдын 76.8 хувь нь Монголын боловсролд муу гэсэн дүн тавиад байна. 

Ийм үед нам, эвсэл, улстөрчдийн хувьд боловсролын салбарт реформ хийх нь нэгдүгээр зорилго байх ёстой сон.

Учир нь боловсрол нь тухайн улс үндэстний эдийн засаг, эрүүл мэнд, хүний эрх, шинжлэх ухаан гээд хөгжил дэвшлийн суурь салбар юм. 

Тиймээс ч иргэд, сонгогчид бид нэр дэвшигчдээс боловсролын салбарт хэмжигдэхүйц ямар өөрчлөлт, дэвшил гаргах зорилт байгааг сайтар асууж, амлалтыг нь авах чухал юм. 

Монголын боловсролын салбарт реформ зайлшгүй байгааг илтгэх дээрх тоо баримтаас гадна Дэлхийн эдийн засгийн форумын гаргадаг судалгаагаар:

  • Монголын багш, боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэх үзүүлэлтээр 187 улсаас 92-т
  • Ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр 187 улсаас 130-т 
  • Монголчуудын насанд хүрэгчдийн 98% бичиг үсэг тайлагдаж, энэ нь дэлхийд 11-р байр эзлэх үзүүлэлт болж байгаа ч боловсролын чанараараа 187 улсаас 101-р байр эзэлж байна.

Иймд Боловсролын Реформ хөдөлгөөн ТББ-аас боловсролын реформын хүрээнд дараах зургаан стратегийг хэрэгжүүлэх ёстойг онцлоод буй.

Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах
  2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэл зүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол
  4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх санал гаргаад байна.

Тэгэхээр иргэд, сонгогчид ЕБС-ийн сурагчдын хичээлийн чанар, агуулгыг хэрхэн сайжруулах, сайн, амжилттай яваа сургууль, хамт олны амжилтыг бусад тааруу үзүүлэлттэй сургуулиудад хэрхэн түгээх, орчин үеийн хүүхдүүдэд шаардлагатай боловсролын агуулгыг хэрхэн хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах, боловсрох эрхийг хэрхэн хангах, их, дээд сургуулийн чанар, хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх вэ гээд бидэнд асуух асуулт мундахгүй их. Гэхдээ хариулт болгоныг хэмжигдэхүйц зорилттой нь авахыг шаардах учиртай.

2. Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

Өнгөрсөн сард л гэхэд дөрвөн хүүхэд тоглох газар хайж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, бид халаглаад л өнгөрсөн. 

Монгол Улс 2018 оноос л анх удаа хүүхэд хамгааллын зардлыг төсөвтөө суулгаж эхэлсэн түүхтэй. 2019 онд энэ төсвийг бууруулах гэж байхад хэсэг хэвлэл мэдээлэл УИХ-ын зарим гишүүнтэй хамтарч байж 8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж байсан билээ. 2020 онд мөн энэ төсөв 8 тэрбум байгаа. 

Энэхүү хамгааллын зардалд төсөвлөгдсөн мөнгөөр хүүхдийн эрхийг хамгаалах бүтцүүдэд буюу урьдчилсан сэргийлэхэд 60 хувийг, хамгаалахад 40 хувийг зарцуулж байгааг ГБХЗХГ-аас мэдээлж байлаа. Ямартай ч ийм төсөвтэй болсон нь их юм.

Гэхдээ айл гэр бүлд хамгийн чухал нь хүүхэд байдаг шиг улс орон ирээдүйд оршин тогтнох нь үнэн л бол хамгийн чухал асуудал хүүхэд байх ёстой. 

Гэтэл өнөөдөр монголчууд хамгийн чухал асуудлаа хандиваар, бусдын сайхан сэтгэлд найдсан байдалтай аргацаасаар ирэв.

УИХ нь бодлого боловсруулж, төсөв баталдаг. Тэгвэл өнөөдрийн Монгол Улсын төсвийг төлөвлөдөг бус хуваарилдаг зарчмаар буюу тойрог болгонд хуваарилалтын зарчмаар зарцуулж ирснийг амтай болгон л ярьж байна. Зүй нь энэ улсын хамгийн чухал салбаруудад эрх ашгийн эрэмбийн дагуу ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ бодлого боловсруулж, төлөвлөх ёстой. 

Энэ байдал алдагдсанаар өнөөдөр нийслэл Улаанбаатарт хамгийн ойрхон Төв аймгийн хүүхдүүд гэхэд боловсон ариун цэврийн байгууламжгүй, хэзээ мөдгүй жорлондоо унаад үхэхэд бэлэн байдалтай байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хийсэн судалгаагаар Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаарх холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг төсөвлөхөд хангалттай үр дүнд хүрнэ гэсэн судалгааг хийж байж. Гэтэл Монгол Улс өнөөдөр ганцхан усан оргилуурт гэхэд 3 тэрбум, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд 100 тэрбум төгрөг зарцуулж байх жишээтэй. 

Өөрөөр хэлбэл, энэ улсад эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл алдагдаад удсан.

Ялангуяа, сонгуульд саналаа өгдөггүй хүүхдүүдийн эрх ашгийн асуудал хамгийн адагт, иргэдийн сайхан сэтгэл, хандив тусламж дээр тогтож ирлээ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын өгч буй мэдээллээр Монгол Улс зөвхөн хүүхэд хамгаалах зардалд л мөнгө төсөвлөж байгаа болохоос хөгжлийн асуудалд төсөвгүй байгааг тодотгож байв.

Хүүхэд хөгжлийн асуудал дээр л гэхэд тэгш бус байдал гаарсан тухай судалгааг Бодлогод залуусын хяналт ТББ-ын танилцуулсан судалгаанууд баталсан. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, усан спорт, кино театр үзвэр үйлчилгээ, тоглоомын талбай, хүүхэд хөгжлийн төвүүдийн тэгш бус хүртээмж Улаанбаатар захын дүүрэг, гэр хорооллуудад гэхэд бараг байхгүй шахуу байна. 

Тиймээс ч иргэд, сонгогчид хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд нэр дэвшигчид нь ямар бодлого боловсруулж, төсвийн хуваарилалтыг хэрхэн төлөвлөхийг асууж, шаардах хэрэгтэй юм.

3. Уул уурхай ба баялгийн тэгш хуваарилалтыг хэрхэн хийх вэ?

Монгол Улсад тэгш бус байдал дундаж наслалтыг 13.1, боловсролыг 11.9, орлогыг 15.7%-аар бууруулж байна гэсэн судалгааг НҮБ-ын "Хүний хөгжлийн илтгэл 2019"-д дурджээ. 

Тус илтгэлд Монгол Улсад тэгш бус байдал анхаарал татсан асуудал болоод байгааг дурдаад тэгш бус байдал нэмэгдэх тусам хүний хөгжилд сөрөг нөлөөтэйг анхааруулсан байгаа юм. Тэгш бус байдлын зарим хэлбэрийг хүүхэд хөгжлийн асуудал дээр мөн дурдсан.

Тэгш бус байдлыг удирдах, шийдэх арга зам нь улс орон бүрийн шийдвэр гаргагчдын зөв ойлголт тун чухал. 

Юу гэхээр баялгийг ард иргэдэд тэгш хуваарилна гээд 30 гэр бүлийг цоллож, яллах бус, хэсэг хүний баялгийг төр хурааж аваад ард түмэнд тэгш хүртээх тухай асуудал руу зүтгүүлэх нь өөрөө маш их эрсдэлтэй. Мэдээж хууль зөрчин баялгийн эзэн болсон бол тэдгээрт хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ баялгийн тэгш хуваарилалт гэх чухал асуудалтай үүнийг хутган мушгиж, өөр тийш залах нь хортой.

Хараат бус судалгааны хүрээлэн болох IRIM-ийн хийж буй Субъектив сайн сайхан байдлын үндэсний хэмжээний судалгаагаар "Монголчууд тийм ч их баян тансаг амьдралыг хүсээгүй, ядаж анхдагч хэрэгцээнүүдээ л хангаад амьдрахыг хүсэж байгаа нь харагдаж байна. Чанартай боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ, анхны хөрөнгөтэй болох боломж бага байгаа нь иргэдийн санааг хамгийн их зовоож байна" гэж судлаач А.Долгион ярьж байлаа.

Өөрөөр хэлбэл, баялгийг тэгш хүртээнэ гэдэг нь иргэн болгонд ижил тэнцүү хэдэн төгрөг тарааж, хуурах тухай асуудал биш юм. Жинхэнэ баялгийн тэгш хуваарилалт нь тусламж, дэмжлэг зайлшгүй хэсгийн суурь асуудлыг шийдэх тухай юм. Мөн дээр дурдсан судалгаагаар боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх нь иргэд ядуу, боломжгүй байдлаас шалтгаалах тэгш бус байдлыг бууруулах хамгийн оновчтой хувилбар билээ.

Нөгөө талд анхны хөрөнгө буюу орон сууцны тохиромжтой зээлийн нөхцөл, уул уурхайгаас олсон баялгийг бизнесийн бусад салбарыг дэмжихэд зарцуулж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх нь баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах оновчтой алхмууд юм.

Хэдийгээр Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдэж байгаа ч энэ салбар нь ажлын байрны ердөө 4.6 хувийг хангаж байгааг ҮСХ-ны судалгаанд дурдсан байдгийг хэлэх хэрэгтэй. Уул уурхайн асуудал мөн баялгийн тэгш бус хуваарилалтад байгаль орчин, экологи, нөхөн сэргээлт, уугуул иргэд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийгдэх алхмууд бас хамаарах юм. Тэгш бус байдлыг бууруулах тухай НҮБ-ын зөвлөмжинд уур амьсгалын өөрчлөлт нь тэгш бус байдлыг улам гааруулах эрсдэлтэйг анхааруулсан байдаг.

Тиймээс ч баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах тал дээр тухайн нам, эвслүүд, нэр дэвшигчдийн бодлого, баримжаа тун чухал юм.

4. Ядуурлыг хэрхэн бууруулах вэ?

Монгол Улсын иргэдийн ядуурал сүүлийн 30 жилд 20 хувиас бууж үзээгүй. Хамгийн сүүлд танилцуулсан 2018 оны үр дүнгээр ядуурал 28.4 хувь буюу Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг ангилалд багтаж буй. Сард хүнсний болон хүнсний бус хэрэглээндээ 166.5 мянган төгрөг зарцуулж чадахгүй байгаа хүн ядуу гэсэн үг. 

Дээрээс нь ямар нэгэн хямрал боллоо гэхэд ядуу гэх ангилалд орох хэсэг 15 хувь байгааг Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банк танилцуулж байв. 

Энэхүү судалгаагаар нийт ядуу иргэдийн 41.8 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар ядууралд нэрвэгдсэн. Ядууралд нөлөөлж буй гол хүчин зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэдгийг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа онцолж байлаа. 

"Сант марал" сангийн судалгаанд ч иргэдийн тулгамдсан асуудлуудын дээгүүрт үнийн өсөлт орсон байгаа юм.

Үнийн өсөлт олон хүчин зүйлээс хамаардаг, Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэл, экспорт, гадаадын хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйлийн хамааралтай. Төгрөгийн ханшийн сулрал нь ч инфляцад өндөр нөлөөтэй. 2020 оны эхний улирлыг эс тооцвол сүүлийн 3-4 жилд эдийн засгийн өсөлттэй он жилүүд байв.

Гэвч энэ үед төгрөгийн ханш америк долларын эсрэг гэхэд л 900 орчим төгрөгөөр сулраад байна. Ийм нөхцөлд иргэдийн орлого нэмэгдлээ ч зардал нь эргээд өссөөр байгаа нь иргэдийн амьдрал дээшлэх боломж өгөхгүй байна. 

Тиймээс нэр дэвшигчдээс бид Монгол Улсын ядуурлын түвшинг хэрхэн бууруулах, инфляцыг хэд болгож бууруулах ямар зорилтууд дэвшүүлж байгааг заавал асууж, тодорхой хэмжиж болохуйц амлалтуудыг нэхэх учиртай билээ. 

Нөгөөтэйгүүр ядуурлыг бууруулах асуудалд Улаанбаатар дахь төвлөрлийг бууруулах, иргэн бүр төрсөн нутагтаа эсвэл орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар асуух нь зөв юм. 

5. Шударга шүүхийг хэрхэн бий болгох вэ?

Одоогийн эрх баригчдын хувьд шударга шүүхийг бий болгож, шударга бусын хонгилыг нураах нь ажлын гол хэсэг нь байв. Асуулт: шударга бусын хонгил нь яг нурсан уу?

Шүүхийн салбарт хуулиас шалтгаалах болон шүүгчдийн ёс зүйгээс хамаарч шударга бус зүйл цөөнгүй байдгийг тухайн салбарынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг билээ.

Иргэдийн хувьд ч тулгамдсан асуудалд байнга орж байгаа зүйл нь нийгмийн шударга ёс алдагдсан, хууль хэрэгжилт гэх зүйлээр илрэн гарсаар байгааг "Сант марал"-ын судалгаанаас (График 1) харах боломжтой.

Шүүх шударга байхын гол баталгаа нь мэргэжлийн байхаас гадна хараат бус байх явдал. Энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн хараат бус байдлыг хамгаалах чухал заалтууд тусгалаа олж чадлаа. Гэхдээ Үндсэн хуулийн хэрэгжилт нь түүнийг дагалдан гарах органик хуулиудаас шууд хамааралтай. 

Уг нь ҮХНӨ-ийг хийсэн парламент нь хамгийн чухал гэгдэх Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах хуваарь байсан ч тэд энэхүү хуулийг хэлэлцэхээс түдгэлзлээ.

Өөрөөр хэлбэл шударга бусын хонгил нурсангүй, бүр түлхүүрийг нь өөртөө эсвэл хэн нэгэнд нь үлдээв.

Тиймээс ирэх парламентад сонгогдох гишүүдийн хувьд Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь, шударга шүүхийг хэрхэн цогцлоох вэ гэдэг хамгийн чухал даалгаврын нэг болж байгааг судлаачид онцолж буй. 

6. Улс төрийн намуудыг шинэчилж чадах уу?

"Сонгуулийн тухай хууль сонгууль болгоны өмнө өөрчлөгддөг бол Улс төрийн намын тухай хууль сүүлийн 15 жилд өөрчлөгдсөнгүй" гэж МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од iKon-д өгсөн ярилцлагадаа онцолж байв. 

Энэ нь улс орны хөгжлийн бодлого, хөгжлийн загварыг тодорхойлох тал дээр түүчээлж байх ёстой намуудын байр байдлыг илтгэж буй юм.

Өөрөөр хэлбэл, өөрсдөө шинэчлэгдэж, орчин үеийн нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй институтүүд улсын бодлогыг манлайлж чадахгүй нь ойлгомжтой асуудал.

Намуудын санхүүжилт, сонгуульд нэр дэвшүүлэх процесс, гишүүдийн ёс зүйн хэмжүүр, авлигажсан байдал, нам бол зөвхөн албан тушаал, мөнгөний гишгүүр болсон өнөө үед бид хөгжлийн тухай ярих нь утгагүй болж байна. 

Тийм ч учраас УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид түүхэндээ хамгийн олон байв. Бие даан нэр дэвшигчдийг бид гайхан, элдэвлэхийн оронд улс төрийн намуудын төлөвшил, хүмүүжлийн тухай нухацтай хэлэлцэх цаг нь аль хэдийнээ болоод, бүр өнгөрчээ. 

Улс төрийн намын тухай хууль гэхэд парламент болгонд яригддаг ч аль ч эрх баригчид энэ хуулийг зориглон барьж авсангүй, өөрөөр хэлбэл эрх баригчид өөрсдийгөө шинэчлэхийг хүссэнгүй. Уг нь хуулийн төсөл нь бэлэн болоод хүлээж буй.

Монголд тасралтгүй уруудаж байгаа нэг үзүүлэлт бол улс төрийн намуудын рейтинг. Тиймээс ч иргэд сонгогчдын 60-70 хувь аль нэг намыг дэмжихгүй гэдгээ төрөл бүрийн судалгаагаар илэрхийлсээр ирсэн. Сүүлд хийгдсэн "Зориг" сангийн залуу сонгогчдын судалгаагаар ч залуучууд нэр дэвшигчийн нам бус хувь хүнийг нь илүү харж сонголт хийх талаараа дурдаад байна. Гэвч намууд шинэчлэгдэхийг хүсэхгүй байна, яг одоо байгаа хуучинсаг, авлигажсан, 60 тэрбумдсан, ЖДҮдсэн аргаараа иргэдийг хүчирхийлэхийг хүссээр байх юм.

  • Нэр дэвшигчдээс асууя. НАМАА ЯАЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ вэ?
  • Улс төрийн эр зориг гаргаж чадах уу?
7. Өнгөрсөн хугацаанд нийтийн эрх ашгийн төлөө юу хийсэн бэ?

Дээр дурдсан 6 асуудал нь танай нэр дэвшигчийн ирээдүйд хийх зүйлсийн, авах ёстой амлалтуудын нэг хэсэг билээ. 

Тэгвэл 7, 8, 9-р асуулт бол нэр дэвшигчийн хувийн шаардлага байх юм. Хувийн шаардлагын нэгдүгээрт тухайн нэр дэвшигч хэн байх, ямар ажил төрөл эрхэлдэг, ямар боловсролтой байхаас үл хамаарч дээр дурдагдсан 6 асуудалд өмнө нь буюу сонгуулийн сурталчилгаанаас өмнөх хугацаанд ямар байр суурьтай байсныг сонгогч та нягтлан шалгаарай.

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан "Хуулиар УИХ-д 25 наснаас дээш хүн нэр дэвшиж байгаа ч өнгөрсөн хугацаанд ихэвчлэн 30-аас дээш насныхан нэр дэвшиж ирсэн. Үүнээс харахад ажил, амьдралын туршлагатай хүмүүс нэр дэвшиж байна. Тэгэхээр эдгээр хүний өнгөрсөн түүхийг бид харах нь зүйн хэрэг. Өнгөрсөн хугацаанд энэ хүн нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарч байсан уу, тодорхой алхмууд хийж байсан уу гэх зүйлсийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч өнгөрсөн амьдралдаа хэн байсан бэ гэдгийг харж чадвал ирээдүйд хэн байх вэ гэдгийг нь харж чадна" гэж байв. 

Тиймээс тухайн нэр дэвшигч сонгууль болохоор сайн сайхан зүйл яриад гараад ирсэн "амилсан хүүхэлдэй" мөн, биш эсэхийг өнгөрсөн хугацааны түүхээс нь хараарай.

Үнэхээр нийтийн эрх ашгийн төлөө сэтгэл нь зовнидог, тодорхой байр суурь илэрхийлж, тодорхой алхмууд хийж байсан уу, одоо ярьж, амалж буй зүйлийнхээ төлөө өөрийнхөө чадах хэмжээнд юу хийж байсан бэ гэдгийг намтар түүхээс нь, уулзалт танилцуулгын үеэр нь асууж, лавлаарай. 

8. Ёс зүйн ба шударга байдлын баталгаа бий юу?

"Сант марал" сангийн 11 жилийн судалгааны явцад иргэдийн тулгамдсан асуудалд байнга нэрлэгдэж ирсэн зүйл, бүр дээгүүр ордог асуудал бол авлига. Мөн төрийн удирдлага, нийгмийн шударга ёс. 

УИХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны энэ жилийн онцлох үг бараг "нэр цэвэр, шударга, ёс зүйтэй" гэх үгнүүд байхаар байна. Гэтэл уг нь тухайн нэр дэвшигчид буюу нийтийн төлөө, та биднийг төлөөлөх хүний наад захын шалгуур бол ёс зүйтэй, шударга байдал байх ёстой. 

Гэтэл ийм байж чадахгүй байгаа учир нэр дэвшигчид нь өөрсдийгөө ийнхүү сурталчилж ялгарахыг хичээж байна. 

Бид төлөөлөгчөө сонгохдоо ирээдүйд шударга, ёс зүйтэй байж чадахыг тааж мэдэхгүй учир юун түрүүнд дээр дурдсанчлан өнгөрсөн хугацаанд тухайн нэр дэвшигч хууль зөрчиж байсан уу, нийтийн өмчийг шамшигдуулсан асуудалд холбогдож байсан уу, та бидний мэдэх тендер, концесс, 60 тэрбум, хууль бус өмч хувьчлал, ЖДҮ гэх мэт асуудалд буюу ядаж нийтэд мэдэгдэж буй авлига, ашиг сонирхол, ёс зүйн доголдолтой асуудалд холбогдож байсан эсэхийг нягталж сонголтоо хийнэ үү. Одоогийн нэр дэвшигчид дунд гэхэд ЖДҮ-гийн асуудалд холбогдсон 9 хүн байгааг бид сануулсан. 

Дээрээс нь өнөөдөр ямар нэгэн асуудалд холбогдоогүй байлаа гээд ирээдүйд тухайн хүн сайн сайхан, шударга байна гэсэн баталгаа биш юм. 

Энэ тухай хуульч, судаач Х.Номингэрэл “Өмнө нь зөв шийдвэр гаргаж байсан хүн УИХ-д очсон хойноо буруу шийдвэр гаргахгүй гэсэн баталгаа биш. Тэгэхээр иргэд, сонгогчид өөрсдөө байнгын хяналттай л байх хэрэгтэй болж байгаа юм.

Нэр дэвших явцад нь тухайн нэр дэвшигчийн амлалтыг авч, хэрэв сонгогдоод гараад ирлээ гэхэд тухайн гишүүнээс амлалтыг нь байнга нэхэж, хянаж байх шаардлагатай. Иргэд, сонгогчдын ийм идэвхтэй бүлгүүд л үүсч байж бид хүсч буй өөрчлөлтөө авчирна” гэж байлаа. Өөрөөр хэлбэл, төлөөллийн ардчилал гэдэг нь зөвхөн ардчилсан сонгуулиар дуусдаггүй. Байнгын хяналт, шахалт, тэмцэл дунд бүрэн бүтэн байдаг зүйл билээ.

УИХ-ын сонгуулийн 2016 оны сонгуулиар ч иргэд шинэ хүмүүсийг дэмжсэн байдаг. Тодруулбал, одоогийн УИХ-ын гишүүдийн олонх нь буюу 51% нь УИХ-д шинээр сонгогдсон "ШИНЭ" хүмүүс байв. Гэхдээ тэд яг сайн байж чадсан уу гэдэгт иргэд сонгогчид өөрсдөө дүнгээ тавина.

9. Хяналтын үүргийг хэр сайн биелүүлэх вэ?

УИХ-ын хамгийн чухал үүргийн нэг нь Засгийн газарт хяналт тавих.

Засгийн газарт хяналт тавих ажлыг тухайн эрх баригч намын гишүүд ч тавих үүрэгтэй. Гэхдээ ардчиллын сонгодог зарчим нь төлөөллийн гэдэг утгаар аль болох нийгмийн олон талт төлөөлөл байж эрх баригч намыг, Засгийн газрыг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүйгээр хянах боломжтой. 

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас нас, хүйс, боловсрол, ажил амьдралын туршлагын хувьд аль болох өөр, олон янз байж чадвал ард түмнийг төлөөлж чадна.  Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн аль болох алаг, өөр өөр байх ёстой” гэж байв. 

Энэ жилийн хувьд олон бие даагч нэр дэвшлээ, тэд сонгогдоод бодлого хэрэгжүүлж чадахгүй гэх байр сууриуд бий. Гэтэл бие даагчдын хувьд аль нэг улс төрийн эрх ашгийн нөлөөлөлд оролгүй хяналтын үүргийг биелүүлэх боломжтой ганц хувилбар юм. 1992 оноос өнөөдрийг хүртэл УИХ-д ердөө 10 бие даагч сонгогдож байжээ. Хяналтын үүргээ онцгойлон сайн биелүүлсэн нь байхад бие даагчийн хэрэг байна уу гэх дүгнэлтэд хүргэх нэгэн нь ч байжээ. 2000 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх 72-ын бүлгийн эсрэг нэг л бие даагч байсан ч эрх баригчдыг багагүй сандаргаж байсныг хэлэх хэрэгтэй. Мөн одоогийн парламент дахь нэг бие даагчийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцролгүй үлдэж чадаж байсан гээд бие даагчдын үүрэг оролцоо их юм. Нөгөө талд бие даагч нь хууль санаачилж, олонхыг шахах, хуйвалдааныг дотроос нь илчлэх гэх мэт олон боломж бий.

Бие даагчдын хувьд олноор сонгогдох магадлал өнгөрсөн сонгуулиудыг харахад тун бага байна. Тиймээс бие даагчаас гадна бусад намын төлөөлөл нь эрх баригчдыг шахаж, олон ургальч үзэл бодлын хяналт дор, илүү сайн ажиллуулах боломж юм. Ямартай ч одоогийн парламент нь нэг намын төлөөлөл үнэмлэхүй олонх буюу 85.5 хувь нь нэг намын төлөөлөл байв. Нэг намаас хэтэрхий олон төлөөлөл байх нь ямар үр дагавар дагуулдгийг тухайн намынхан ӨӨРСДӨӨ гэхэд янз бүрээр л дүгнэсэн байдаг. Зарим нэг нь шившгийн хөндий гэсэн байхад зарим удирдагч нь ч үүнд сэтгэл дундуур явдгаа өнгөрсөн хугацаанд хэдэнтээ илэрхийлсэн удаатай. 

Бидний сонгосон ардчиллын суурь зарчим бол хянаж тэнцэх. Тэгвэл хяналт, тэнцлийг аль болох олон бүлгийн тэнцүү төлөөлөл илүү сайн хангах боломжтой. Тиймээс УИХ-ын гишүүдийн чухал үүргийн нэг болох хянах, төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлэхийг нэр дэвшигчдээсээ асуух нь зөв хэрэг билээ.