УИХ-ын сонгуулийн санал авах өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Зургаадугаар сарын 2-ноос намууд, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нээлттэй болж олон нийтэд хөтөлбөр, бодлогоо танилцуулах ёстой. Тэгвэл бид сонголт хийхдээ юунд анхаарлаа хандуулах ёстой вэ?
Энэ талаар Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараар ярилцлаа.
Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:
Зочдын онцлох эшлэлийг хүргэж байна.
МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан парламентын үндсэн үүргийг тодорхойлохдоо “Ардчилал бол ард түмний өөрсдийнх нь байгуулсан засаг гэсэн Линкольнийн сонгодог тодорхойлолт бий. Парламент бол ардчиллын чухал институт.
Парламент нь:
Хууль батлах,
Төсөв батлах,
Засгийн газарт хяналт тавих
Ард түмнийг төлөөлнө гэсэн 4 үүрэгтэй. Тэгэхээр энэ ажлуудыг аль нам эвсэл, нэр дэвшигч илүү сайн хийх вэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй” гэж байв.
Тэгвэл парламентын бүрэлдэхүүн ямар байх тухайд “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас нас, хүйс, боловсрол, ажил амьдралын туршлагын хувьд аль болох өөр, олон янз байж чадвал ард түмнийг төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн аль болох алаг, өөр өөр байх ёстой” гэж байлаа.
Түүнчлэн нэр дэвшигчид өөрсдийн эзэмшсэн мэргэжлээ сонгуулийн нэг сурталчилгаа болгодог. Парламент хууль, төсөв баталдаг учир заавал хуульчид, эдийн засагчид зонхилж байх ёстой юу гэсэн асуудалд “Тухайн нэр дэвшигч ямар мэргэжилтэй вэ гэдгээс илүү юу хийх вэ гэдэг нь л чухал. Өөрөөр хэлбэл бид хуульч, эдийн засагч учраас заавал сонгоно гэсэн үг биш. Хуульч гээд ярихад Үндсэн хуулийн үнэт зүйлийн эсрэг ажиллаж байсан хуульч нар ч нэр дэвшиж байх жишээтэй. Тиймээс Үндсэн хуульт ардчилалд үнэнч эсэх нь тухайн нэр дэвшигчийн суурь шаардлага байх хэрэгтэйг хэлэх хэрэгтэй.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж гарах 40 гаруй чухал хуулийн батлах парламентийг бид сонгох гэж байна” гэсэн юм.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид нэр цэвэр, улстөрд шинэ гэж өөрсдийгөө сурталчилж байна. Тэгвэл энэ нь нэр дэвшигчийн гол шалгуур мөн үү?
Учир нь одоогийн УИХ-ын гишүүдийн 51 хувь нь 2016 онд шинээр сонгогдсон гишүүд байгаа юм. Тэглээ гээд энэ парламент тийм сүрхий байж чадав уу? гэсэн асуултуудад О.Мөнхсайхан багш “Хуулиар УИХ-д 25 наснаас дээш хүн нэр дэвшиж байгаа ч өнгөрсөн хугацаанд ихэвчлэн 30-аас дээш насныхан нэр дэвшдэг. Үүнээс харахад ажил, амьдралын туршлагатай хүмүүс нэр дэвшиж байна. Тэгэхээр эдгээр хүний өнгөрсөн түүхийг бид харах нь зүйн хэрэг. Өнгөрсөн хугацаанд энэ хүн нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарч байсан уу, тодорхой алхмууд хийж байсан уу гэх зүйлсийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч өнгөрсөн амаьдралдаа хэн байсан бэ гэдгийг харж чадвал ирээдүйд хэн бэ гэдгийг харж чадна. Насны хувьд залуу гэж бүгд туйлшрах нь утгагүй. Ахмад, залуу үеийн төлөөлөл аль аль нь байх ёстой.
Нэр дэвшигчийн хэн бэ гэдгийг харахын тулд өнгөрсөн амьдралыг харах нь зөв. Дараа нь ирээдүйд юу хийх вэ гэдэг хамгийн чухал” гэж байлаа.
О.Мөнхсайхан багшийн хувьд нэг сонгогчийн сонгуулийн саналын жингээр мөн судалгаа хийж байсан. “Сонгуулийн шинэ хуулиар Улаанбаатарын тойргоос хассан нь тэгш сонгох зарчим зөрчигдөж байсныг залруулж чадаагүй” гэдгийг мөн онцолж байв.
Зориг сангаас саяхан залуу сонгогчдын сонгуулийн оролцооны талаар сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд тус судалгаанд зөвлөхөөр ажилласан улс төр судлаач С.Болдсайхан судалгааны үр дүнгийн талаар “Залуучуудын сонгуульд оролцохгүй байгаа хамгийн гол шалтгааны нэг нь нэр дэвшигчдийг ялгаж салгаж харж чадахгүй байна гэж судалгааны явцад хариулсан бол нэр дэвшигчдэд боловсрол, өмнө нь хийж байсан ажлын туршлага, нэр цэвэр, ёс зүйтэй гэсэн шаардлага тавьж байна” гэв.
Мөн дээрх судалгааны өмнөхөн SICA судалгааны байгууллагаас залуу сонгогчдын талаар судалгаа хийсэн. Энэ тухай С.Болдсайхан судлаач “SICA судалгааны байгууллагаас залуучуудын дунд явуулсан судалгаагаар 70 хүртэлх хувь нь 25-40 насны нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна” гэж байлаа.
Түүнчлэн энэ удаагийн сонгуульд КОВИД-19-ийн нөлөөгөөр хөл хөдөлгөөн бага байгаатай холбоотойгоор залуус сонгуульд идэвхтэй оролцох хүлээлт байгаа юм. Энэ талаар “Өмнөх сонгуульд 18-25 насны залуучуудын 51 хувь нь саналаа өгч оролцсон.
Бидний хийсэн судалгаанд оролцсон залуучуудын 36 хувь нь завгүй, итгэл даах нэр дэвшигч байхгүй гэсэн шалтгаанаар өмнөх сонгуульд саналаа өгөөгүй гэж байсан.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд завгүй гэх шалтгаан бага байх болов уу. Тиймээс сонгуулийн ирц нэмэгдэх магадлалтай. Мөн нэр дэвшигчдийн хувьд харьцангуй сонголттой сонгууль болох болов уу” гэв.
Сонгогчийн боловсролтой холбоотойгоор зайлшгүй яригддаг асуудал бол иргэд саналаа зардаг, эсэх тухай юм. Энэ талаар С.Болдсайхан судлаач хэд хэдэн судалгаа хийж байсан бөгөөд “Иргэд саналаа зардаг уу, үгүй юу гэдэг дээр тооцоолол хийхэд судалгаанд оролцсон иргэдийн 1 хүрэхгүй хувь нь саналаа зардаг гэж хариулсан байгаа” гэж байлаа.
Мөн “2004 онд МУИС-ийн багш нарын хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон 1,000 хүний 6 хувь нь бэлэн мөнгө авсан, 7 хувь нь бэлэг сэлт авсан, 9 хувь нь найр наадам цайллаганд уригдаж байсан гэж хариулсан. 2016 онд Бүгд найрамдахчуудын хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцсон нийт сонгогчдын 14 хувь нь хахуул авсан гэж хариулсан” байдаг гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэд, сонгогчдын саналыг худалдан авах оролдлогууд нэр дэвшигчид, улстөрчид хийсээр байна.
Гэхдээ мөнгө авсан сонгогч яг өөрийг нь сонгож байгаа эсэхэд ямар ч баталгаа байдаггүй гэж мөнгө тараасан хүмүүс ярьж байсныг С.Болдсайхан онцолсон юм.
Зориг сангийн хийсэн судалгаагаар залуучуудын хувьд боловсролын салбарт ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал шаардлага байх нь тодорхой болсон байна.
Залуус үнэхээр чанартай, хүртээмжтэй боловсрол хүсч байгаа бол сонгуульд оролцож саналаа өгөхөөс өөр замгүй гэдгийг гэж С.Болдсайхан ярьж байлаа.
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гишүүн Х.Номингэрэл “Ямар нэр дэвшигчийг сонгох вэ гэхээсээ юу хийх хүнийг сонгох вэ гэдэг л хамгийн чухал байх шиг” гэдгийг нэвтрүүлгийн үеэр онцолж байв.
Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийн гол уриа шахуу болоод байгаа нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш юм.
Нөгөөтэйгүүр өндөр боловсролтой гэж өөрийгөө сурталчилж байгаа ч яг тэр өндөр боловсролоо нийтийн эрх ашгийн төлөө зориулна гэх баталгаа биш билээ.
Уг асуудлаар Х.Номингэрэл “Өмнө нь зөв шийдвэр гаргаж байсан хүн УИХ-д очсон хойноо буруу шийдвэр гаргахгүй гэсэн баталгаа биш. Тэгэхээр иргэд, сонгогчид өөрсдөө байнгын хяналттай л байх хэрэгтэй болж байгаа юм.
Нэр дэвших явцад нь тухайн нэр дэвшигчийн амлалтыг авч, хэрэв сонгогдоод гараад ирлээ гэхэд тухайн гишүүнээс амлалтыг нь байнга нэхэж, хянаж байх шаардлагатай. Иргэд, сонгогчдын ийм идэвхтэй бүлгүүд л үүсч байж бид хүсч буй өөрчлөлтөө авчирна” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл, Монголчууд бид төлөөллийн ардчиллын хамгийн чухал хэсэг нь УИХ-д өөрсдийн төлөөллөө сонгохоос гадна сонгогдоод гараад ирсний дараах хяналтын 4 жил хамгийн чухал гэдгийг ойлгох цаг болжээ.
Гэхдээ өндөр боловсрол, өнөөдрийг хүртэл шударга, нэр цэвэр байдал нь тухайн нэр дэвшигчийн чухал шалгуур мөнөөсөө мөн ч тухайн хүн УИХ-д нийтийн, улс орны өмнө тулгамдаад асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь хамгийн чухал юм. Нөгөөтэйгүүр ард түмний төлөөлөгч нь бодлого боловсруулж, хууль батлах, шийдвэр гаргахын зэрэгцээ хяналт тавих гэх чухал үүрэгтэй. Эрх баригч намын бодлого, шийдвэрийг хянах, олон ургальч хувилбарыг дэвшүүлэх, засгийн газарт хяналт тавих гэсэн чухал үүрэгтэйг мартаж болохгүй. Тиймээс ч УИХ-д аль болох олон бүлгийн төлөөлөл чухал гэдгийг О.Мөнхсайхан багш онцолж байсныг санах хэрэгтэй.
Өнгөрсөн хоногуудад одоогийн УИХ-ын гишүүд иргэдэд тайлангаа хүргүүлсэн. Тайланг харвал гишүүд хөгшчүүдийн эмчилгээ, хүүхүүдэд англи хэлний курс хичээллүүлсэн, зам талбай зассан гээд олон ажлыг бичжээ. Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүний үндсэн ажил нь мөн үү? гэсэн асуултад Х.Номингэрэл “Сонгогчдын хувьд яг амьдралд бодитоор харагдах зүйл нэхэж байхыг үгүйсгэхгүй.
Ерөнхий боловсролын сургууль найдвартай англи хэл заадаг бол бид англи хэлний курс хичээллүүлж байгаа нэр дэвшигчийг хайхгүй” гэж байлаа. Уг нь тухайн гишүүн хүүхдүүдэд англи хэл зааж явахын оронд үндсэн үүрэг болох боловсролын холбогдолтой хуулиудыг нь сайжруулахыг санаачилж, боловсруулж, батлах явдал байв.
Дээр дурдсан сонгогчдод санал хураах өдөр бэлэн мөнгө тараадаг байдал бол ил цагаандаа гарсан ардчиллын эсрэг дээрэм юм.
Тэгвэл ийм ил цагаан биш ч эрх барьж байгаа нам давуу талаа ашиглан иргэдийн саналыг худалдан авах зүйлээ далдуур хийж байдаг. Тус асуудлаар Х.Номингэрэл “Сонгуулийн жилийн төсөв Ковид-19-с шалтгаалаад маш их нэмэгдсэн. Энэ бол сонгуулийн ажлаа төсвийн мөнгөөр хийх гэж байна гэдэгт хардах үндэслэл мөн. Хөрөнгө оруулалтын зардлууд маш их байгааг бид харж байна” гэж байлаа.
“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн С.Оюунтуяа “УИХ-ын гишүүнийг сонгох гэж байж бид СӨХ-ны хийх ёстой ажлыг нэхээд байдаг. Сонгогчид ийм зүйл нэхдэг учир нэр дэвшигчид ч ийм зүйл ярьдаг. Иргэд бид илүү бодлогын сонголт хийх ёстой. Намууд ч ийм мөрийн хөтөлбөрийг уралдуудах ёстой.
Бид ямар байгууллага сонгох гэж байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэр дэвшигчийн хувьд боловсрол чухал үзүүлэлт мөнийн хувьд мөн. Гэхдээ бид бодлогын мэтгэлцээн дундаас сонголтоос хийх хэрэгтэй” гэж байв.
Намууд, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хувьд ялсан намын мөрийн хөтөлбөрийн дагуу Засгийн газар хөтөлбөрөө боловсруулдаг учир мөрийн хөтөлбөр бол иргэдийн сонголт хийх хамгийн чухал баримт бичиг гэдгийг мөн тэрбээр онцолж байлаа.
Энэ удаагийн сонгуулийг цар тахлын үед хийх гэж байна гэдгээрээ онцлогтой. Энэ талаар С.Оюунтуяа “Цар тахлын үед сонгуулийн бэлтгэл ажил хурдтай байх хэрэгтэй байна. Санал өгөх байранд эрүүл ахуйн ямар дэг журам үйлчлэх, санал өгөх үйл явцад ямар өөрчлөлт орох мэдээлэл одоо хүртэл сонгогчдод очоогүй байна. Залуучууд сонгуулийг ойлгодоггүй учир оролцдоггүй гэж байсан. Тэгвэл одоогийн сонгууль яаж явах гээд байгаа нь бүр ойлгомжгүй байна.
Мөн сонгуулийн санал авах байранд камер байршуулна гэж байгаа. Энэ нь сонгогчийн саналын нууцлал алдагдах вий гэсэн болгоомжлол иргэдэд бий болохыг үгүйсгэхгүй" зэрэг анхаарах асуудал олон байгааг сануулж байлаа.
УИХ-ын гишүүний үндсэн үүргийг О.Мөнхсайхан доктор дээр тодорхой тодорхойлсон. Гэтэл иргэд яагаад гудамжны гэрэл сольж өгсөн, зам талбай тохижуулсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулсан эсвэл амралтад явуулсан хүнийг сонгож ирээдүйгээ зардаг вэ?
“Монголчуудын хувьд сонголт хийхэд танил байдал маш чухал байдаг. Нутагтаа очиж нэр дэвшинэ гэх хандлага их байдаг нь үүнийг баталж буй” гэж С.Оюунтуяа оролцогч хэлж байв.
Сант марал судалгааны байгууллагын жил бүр хийдэг судалгаагаар Монголчуудын амьдралд тулгамдаж буй хамгийн чухал асуудал нь ажлын байр, амьжиргаа, авлига зэрэг асуудал байсаар байдаг. Зориг сангийн залуу сонгогчдын хийсэн судалгаагаар залуусын хувьд хамгийн чухал асуудал нь чанартай боловсрол гэж байсан.
Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх асуудлуудыг шийдэж чадаагүй ирсэн МАН, АН-ыг монголчууд сонгосоор ирсэн нь их гайхалтай, судлууштай зүйл билээ…