МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Одтой сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуульд харьцангуй олон бие даагч оролцохоо мэдэгдээд байна. Хэт олон бие даагч байгаагийн шалтгаан юу вэ гэдгээс ярилцлагаа эхлэе?
-Улс төрийн намын төлөвшил муу байна. Нам бол хамтын удирдлагын шийдвэр гаргадаг институц. Хамтаараа шийдвэр гаргасан бол намын гишүүний хувьд тэр шийдвэрийг хүндэтгэдэг байх ёстой. Үүнийг байгууллага талаас нь харж хэлж байна.
Нөгөө талаас үнэхээр залуучууддаа боломж олгохгүй байгаа тохиолдолд залуус нь намаасаа гараад бие дааж байгаа үзэгдэл ажиглагдаж байна. Энэ үзэгдэл нь үндсэндээ нам дотоод ардчилалгүй байгаагийн илэрхийлэл юм.
-Тэгвэл бие даагч олон байхын давуу болон сөрөг тал нь юу вэ. Тэдний дийлэнх нь залуус ажиглагдсан?
-Давуу тал нь сонголт олон байна. Энэ бол сайн зүйл. Иргэд сонгох, сонгогдох эрхээ сайн мэдэж байна.
Нөгөө талаас залуучууд үнэхээр сонгогдож чадах уу, үгүй гэдэг байна. Олон мандаттай, том тойрог, блок системийн хувьд яалтач байхгүй нөлөө бүхий, олны танил, их мөнгө зарцуулсан хүн сонгогдоно.
Тэгэхээр бие даан нэр дэвшиж байгаа залуучууд олны танил болж чадсан уу, нөлөө бүхий улстөрч болсон уу, их мөнгө зарцуулж чадах уу гээд харахаар залуус хүчтэй өрсөлдөгч болж чадахааргүй байгаа юм.
Энэ бол залуучуудын тухай асуудал биш цаад мөн чанар нь тогтолцооны тухай асуудал.
Хоёрдугаарт, улс төрийн намуудын төлөвшлийн тухай асуудал. Ийм тогтолцоонууд ихэвчлэн нөлөө бүхий намын давуу талыг хадгалж үлдсэн үр дүн гаргадаг. Энэ тохиолдолд залуучууд нэр дэвшиж байгаа нь сайн боловч бидний хүсч байсан үр дүн гарахгүй байх магадлалтай.
Бие даан нэр дэвшихээр горилж байгаа 208 хүн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Харамсалтай нь энэ их олон залуус гарч ирж чадах уу гэдэг асуултанд би чадахгүй гэж хэлнэ. Нарийн хэлж мэдэхгүй ч гарын таван хуруунаас хэтрэхгүй.
Дараагийн нэг зүйл нь мөнгө. Сонгуульд 360-760 сая төгрөг зарцуулж болно. Үүнээс хэтрүүлж болохгүй гээд төрийн аудитын байгууллага заачихлаа. Өөрөөр хэлбэл, энэ их мөнгийг гаргаж чадахгүй бол өрсөлдөж чадахгүй гэдэг дүрэм үйлчилж байна.
Нөгөө талаас манайд сонгуулийн маш муу соёл тогтчихлоо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд зуучийн үүргээ гүйцэтгэж чадахаа больчихлоо. Зуучийн үүрэг гэдэг нь мэдээлэл дамжуулах, бодитой байх, хараат бус байх шинж чанар нь байхгүй болчихсон. Монголын улс төр ийм хэмжээнд байгаад нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд.
Бохир улс төр төлөвшихөд нөлөөлж байгаа бас нэгэн хүчин зүйл нь сонгогчдын хандлага.
Энэ бас л тогтолцооноос улбаатай. Бид манай тойрогт юу хийсэн бэ, юу хийх вэ, надад юу өгөх гэж байна вэ гэж хүлээдэг. Үүнээс хамааралтайгаар бид саналаа өгдөг. Энэ бол сайн зүйл биш. Ийм болгоод байгаа зүйл нь сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн мажоритар тогтолцоо бол хүнээр нь сонгуулж, давуу байдлаа хадгалж үлдэж сонгуулийн үр дүнг тодорхойлох гэж оролддог улс төр.
Тэгэхээр яалт ч үгүй маш их мөнгө зарцуулсан, нөлөө бүхий улстөрчид сонгогдоно гэсэн дүр зураг ажиглагдаж байгаа.
Бие даан нэр дэвшигч олон байгаа нь саналаа хуваах эрсдэл маш өндөр байна гэсэн үг. Уг нь бие даагчдын эвсэл гээд байгаа албан бус институц маягийн зохион байгуулалтад ороод байгаа үзэгдлүүд сонгуулиас нэлээд эрт нам болж төлөвших байсан юм. Ингэсэн бол аль болох л сонгогчдын саналыг хуваахгүй байх байсан. Хуваахгүй байна гэдэг нь хүчтэй дэмжлэг авна гэсэн үг. Энэ нь өрсөлдөхүйц хүчин болж төлөвших боломжийг бүрдүүлнэ.
-Манай улс төрд гуравдагч хүчин үгүйлэгдсээр ирсэн. Энэ удаагийн сонгуулиар гуравдагч хүчин гарч ирж чадах болов уу?
-Монголын улс төрийн систем нэлээд савлаж байна.
Сонгуулийн дараа ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ систем өөрөө задралд орж байгаа нь системийн дотор тодорхой байр суурь эзэлж байгаа нөлөө бүхий намуудын байр суурь өөрчлөгдөхөд нөлөөлж магадгүй.
Гуравдагч хүчнээс илүү Ардчилсан нам хоёрдагч хүчнийхээ орон зайд хүчтэй тоглож чадах уу гэдэг асуулт бий болж байна. Магадгүй ШИНЭ гэдэг нам тэдний дэмжлэгийг нэлээд хувааж болох юм. Энэ бол сайн зүйл биш. Жишээ нь, 2012 онд Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээ солиод Монгол Ардын Нам гэдэг нэртэй болоход нэлээдгүй улстөрчид хуучин нэрээ авна гээд тусдаа нам байгуулчихсан. Сонгуульд тусдаа орсныхоо төлөө энэ хоёр нам цөөнх болсон. Шалтгаан нь саналаа хуваасан.
Манай улс төрийн түүхийг харвал хүчтэй өрсөлдөе гэвэл том блок бол, тусдаа олон нэр нэр дэвшигч нэгдэж чадахгүй бол өрсөлдөж чадахгүй гэдэг дүр зураг харагддаг.
-208 бие даан дэвшигч мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн. Гэхдээ албан ёсоор бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргах нь үүнээс хамаагүй цөөрөх юм шиг байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хүртэл энэ тоо яагаад багасж байна вэ?
-Тэр хүмүүс юу бодож нэр дэвшиж байгааг би мэдэхгүй. Гэхдээ эцсийн байдлаар нэр дэвшигчийн мандатаа авснаас хойш нэрээ татах эрх нь хаагдана. Тэр үеэс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Санал хуваах, хоорондоо тохиролцох улс төр байгаа бол тэр процесс өмнө нь явагдаад дуусна гэж л хэлэх гээд байна.
Одоо бол тэр хүн байгаа учраас би тэр тойрогт очиж саналыг нь хуваана гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байна. Ингэснээр сонгуулийг шударга, өрсөлдөөнтэй явуулахгүй байх, сонгогчдын төр барих эрхийг үндсэндээ улстөрчдийн тоглоомын хэрэгсэл болгож байна. Гунигтай зүйл.
Сонгууль бол парламент дахь төлөөллөө л сонгох үйл явц.
Тэр төлөөлөл нь тодорхой хэмжээний дэмжлэг авч байна гэдэг нь хүмүүст итгэл найдвар төрүүлсний шинж. Гэтэл сонгогчдод итгэл найдвар төрүүлж санал авах биш харин би энэний эсрэг явж байгаа, түүнийг унагаах гэж байгаа юм гэж нэр дэвшиж байгаа нь Монголын улс төрийг улам бохир болгож харагдуулж байна.
Цаанаа ямар нэгэн санаатай байж болно. Гэхдээ үүнийгээ зарлаад байх шаардлагагүй. Зарлаж байгаа шалтгаан нь сонгуулийн сурталчилгааных нь пиар байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, ноцож байгаа хүнийг ноцох юм бол дагаж өснө гэдэг зарчим барьж байхыг үгүйсгэхгүй. Эсвэл өөрийгөө таниулахын тулд хэн ч хамаагүй хүнийг очиж амлаж авч байгаа зүгээр л таниулах тактик ч байж болох юм.
Аль нь ч байсан энэ бол сонгогчдыг доромжилж байгаа үйлдэл.
Өнгөрсөн долоон удаагийн парламентын сонгууль, долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад яг үнэндээ сонгогчийн эрхийг дээдэлсэн, сонгогчийг хамгаалсан эрх зүйн орчинтой улс төрийн өрсөлдөөн болдоггүй. Энэ утгаар нь харвал Монголын сонгууль ардчилсан сонгууль мөн үү гэдэг асуултыг ахиж асуумаар.
-COVID19 дэгдсэн цаг үе сонгуулийн хугацаатай давхцаж байгаа нь эрх баригч намд ашигтайгаар тусч байх шиг?
-Би сонгуулийг шударга, өрсөлдөөнтэй болоосой гэж хүсдэг. Гэхдээ яг одоогийн нөхцөлд чоно борооноор гэдэг дүр зураг ажиглагдаж байна.
Дээр нь манай сонгуульд олон улсын ажиглагчид ирж, ардчилсан, шударга болсон эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй болж байх шиг байна. Ингэвэл Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, сонгуулиа шударга зохион байгуулсан, ардчилсан улс мөн гэдгийг нотлохуйц үр дүн авчирч чадахгүй. Энэ талаас нь харвал айдастай, чоно борооноор гэдэг сонгууль болно.
-Та судлаачийн хувиар энэ удаагийн сонгуулийн үр дүнг юу гэж харж байна вэ?
-29 тойргийн нэлээдгүй нь хоёр мандаттай. Ихэнх нь гурван мандаттай. Жишээ нь, гурван мандаттай нэг дүүрэг байлаа гэж бодъё. Нэг нь сонгогчдын маш сайн танил, нөгөө нь маш их мөнгө зарж, өөрийгөө таниулах гэж оролдсон нөхөр, гурав дахь нь санал маш их задрах учраас тэр саналуудаас түүж чадсан арай эрүүл юм уу магадгүй дараагийн олны танил нөхөр нь гарч ирэх магадлалтай.
Манай өнөөдрийн сонгуулийн тогтолцоог хаанаас нь ч харсан сайн тогтолцоо биш. Зөвхөн МАН-д ашигтай. 1992, 2008 онуудад ашигтай байсан. 2020 онд ч мөн л МАН-д таатай тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулж байна.
Хоёрдагч хүчний орон зайд гуравдагч хүчин орж ирж чадах уу гэдэг асуудлыг хэлж мэдэхгүй ч бүлэг байгуулахуйц хүчтэй хэмжээнд өрсөлдөж орж ирж чадахгүй байх.
-Сонгуультай зэрэгцээд сонгогчийн боловсрол гэдэг зүйл яригддаг. Монголд сонгогчийн боловсролын түвшин хэр байна гэж харж байна вэ?
-Сонгогчийн боловсролыг юу гэж ойлгож байна гэдгээс шалтгаална. Санал авах байраа олж очоод, саналаа цагт нь зөв өгөөд, машинд зөв уншуулж байгааг сонгогчийн боловсрол гэж үзэх үү.
Эсвэл сонгуулийн кампанит ажлын үед өөрийн улс төрийн байр суурь, үнэт зүйлээ тодорхойлоод түүнийхээ дагуу саналаа өгч, нэр дэвшигчдээс өөрийн үнэт зүйлд нийцэх эсэхийг нягталж, хөгжлийн хөтөлбөр, бодлогуудаа яаж хэрэгжүүлэх вэ хэмээн лавлаж асуудаг гэж ойлгох юм бол энэ өргөн хүрээтэй ойлголт.
Би бол хоёр дахийг буюу сонгогчид ийм боловсролтой байгаасай гэж хүсдэг.
Харамсалтай нь манай сонгогчид ямар нэгэн тоон амлалт, олон зуун мянган хүний ажлын байр бий болгоно гэхчлэн ямар нэгэн хийсвэр амлалтад баригддаг. Энэ нь цаанаа хэрэгжих боломжтой юу. Хэрэгжих бол яаж гэдэг асуултыг асууж сураад, үүний цаана тухайн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга зам нь өөрсдийнх нь философитой нийцэж байгаа эсэхийг тодруулдаг болох ёстой. Энэ бол жинхэнэ сонгогчийн боловсрол.
Гэтэл манайд сонгогчийн боловсрол гэдгийг зарим улс төрийн байгууллага, сонгууль зохион байгуулж байгаа байгууллагууд буруу ойлгоод байх жишээтэй. Сонгуульдаа л идэвхтэй оролцож, аль болох алдаагүй саналаа өгч байвал болно гэх мэтчилэн зөвхөн техникийн тал руугаа илүү анхаараад байгаа нь ажиглагддаг.
-Энэ удаагийн парламент Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх боломж байсангүй юу эсвэл сонирхол байхгүй байв уу?
-Улс төрийн намын тухай хуулийн сүүлийн нэлээд хэдэн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувиар хэлэхэд Монголын улс төрийн намуудад угаасаа улс төрийн хүсэл сонирхол байхгүй. Тэд аль болох хяналтгүй байхыг л хүсдэг. Өнөөдрийн улс төр аль болох бохир байх тусам надад давуу тал олдоно гэж хардаг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намууд дотоод ардчилалтай, хөрөнгө санхүү нь ил тод байна гэсэн заалт орсон боловч энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Улс төрийн намын тухай хууль батлагдах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл батлахгүй байсаар дараагийн чуулгантайгаа золгож байгаа дүр зураг харагдаж байна.
Хамгийн наад захын жишээ, АН Улс төрийн намын тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцээд магадгүй засаж сайжруулах зүйл байсан бол засаад баталсан бол өнөөдрийн улс төрийн намууд ийм болохгүй байх байсан. 2017 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийн хүртэл Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж байна. Энэ бол мөн л МАН хүсэхгүй байгаагийн илрэл.
МАН хүссэн бол 2017 оны намар, 2018 оны оны хавар, намар, 2019 он, 2020 оны хавар ч батлах боломжууд байсан. Харамсалтай нь хүсэхгүй байна. Бараг гурван жил шахам хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.
Хуулийн төслийг ерөнхийд нь бичсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бид Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа" гэж ярьдаг. Гэхдээ улс төрийн хүсэл зориг байдаггүй. Ийм л байна.
Хэрэв хууль эрт батлагдсан бол өнөөдрийн улс төрийн намууд арай ч ийм байхгүй байсан. Нэгдүгээрт, хяналттай болох байсан. Санхүүгийн тодорхой хэсгийг төрөөс дэмжлэг үзүүлдэг, маш хүчтэй хяналтын байгууллагууд ажилладаг, намын гишүүнчлэл харьцангуй эрт цэгцрэх боломж байсан. Би хувьдаа боломжууд байгаа, тэр юу вэ гэхээр шинэ парламент намрын чуулганаараа хэлэлцээд урагшлуулах боломж бий гэж харж байна.
-Сонгуулийн хуулийн тухайд?
-Мөнгөний сонгууль болгоод байгаагийн нэг шалтгаан нь Сонгуулийн тухай хууль юм. Сонгуулийн тухай хууль маш муу хууль учраас улстөрчдөд бизнесийн байгууллагууд хандив өгөөд, улс төрд нөлөөлөөд байгааг бид мэдэж чадахгүй байна.
100 сая төгрөгийн хандив гэж яриад байгаа. Үнэндээ 100 сая төгрөгөнд асуудал байгаа юм биш Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд асуудал байгаа юм.
Бид хуулиа л засаж чадахгүй бол ийм зүйл үргэлжлээд л байна.
-Хуулиа засна гэхээр яах вэ. Парламентад олонх болсон нам өөрт ашигтайгаар сонгуулийн хуулийг өөрчилж байна шүү дээ?
-Миний хүсэж байгаагаар шинэ парламент Сонгуулийн тухай хуулийг хамгийн түрүүнд батлаад, улс төрийн санхүүжилт цуглуулах орчныг нь эрүүл, хяналттай болгоод дансаар хуримтлуулдаг соёл руу шилжүүлчих юм бол сонгуулийн өмнө хэн, хаанаас, хэдэн төгрөг хандивлаад байгааг мэдэх боломжтой болох юм. Харамсалтай нь тийм боломж алга. Манайд наад зах нь Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль хоёр өөр зарчим дээр яваад байна.
Сонгуулийн тухай хууль нь сонгууль болгоны өмнө өөрчлөгдөж байна. Улс төрийн намын тухай хууль нь сүүлийн 15 жилд өөрчлөгдсөнгүй. Гэтэл энэ хоёр хуульд санхүүжилтийн асуудлыг өөр өөр зарчимаар зохицуулсан байх жишээтэй.
Бид суурь, концепцоор нь харж чадахгүй, хууль баталдаг хүмүүс нь ч тийм түвшинд ажиллахгүй байна. Сонгууль тулгаж байгаад л хуулиа баталдаг. Гэнэтхэн мөнгөтэй хүмүүс гарч ирдэг. Нам ч гэсэн гэнэт мөнгө шаарддаг. Энэ соёлоосоо бид нэг хэсэгтээ салж чадахгүй байх.
-Монголын улс төр доод түвшиндээ хүрчихлээ гэдэг. Үүнээс доош түвшин байна гэж үү?
-Ахиад байна. Ёроол гэж бий. Өнөөдрийн хувьд яагаа ч үгүй байна. Манайхан хэр давалгаалахыг хэлж мэдэхгүй юм. Герман, Франц, Унгар, Италид болж байгаа сонгуулиудыг харахаар цоо шинэ популист улстөрчид, популист улс төрийн намууд олонх болж гарч ирж байна. Гэхдээ энэ бол сайн зүйл биш.
Нийгэмд ийм нөхцөл байдал үүссэн ч гэсэн МАН дахиад л олонх болно. Энэ бол бодит зүйл. Дээрх нь COVID19 нөлөөлнө.
Хамгийн гунигтай нь бид олон улсын ажиглагчгүй сонгууль явуулна. Энэ удаагийн сонгуульд сайн дүр зураг харагдахгүй байна. Шалтгаан нь манай улстөрчид ямар ч хамаагүй үнээр засгийн эрхийг дахин авахыг хүсэж байна. Гэхдээ төрийн нөөц хөрөнгийг ашиглаж.
Өмнө нь ч гэсэн АН эрх барьж байхдаа ямар ч үнээр хамаагүй дахин гарч ирэхийг хүсэж байсан. Энэ бол манай улс төр ямар бохир вэ гэдгийг харуулж байгаа явдал.
Ерөөсөө нам гэдгийг дээрэмчдийн бүлэг юм шиг харагдуулж байна. Нам гэдэг засгийн эрхийг авах эрмэлзэл бүхий бүлэг хүмүүс. Яг энэ ойлголт нь дээрэмчдийн бүлгээс юугаараа ялгаатай юм бэ гэхээр хариулж чадахгүй болчихоод байна. Нам бол бодлогоор өрсөлддөг, хөгжлийн удирддаг түүчээлдэг, мэдлэг оюун санааны цөм байх ёстой гэдэг ойлголтыг яриад ч хэрэггүй.
-Нэр дэвшигчид харьцангуй залуужсан ажиглагдсан. Үүнийг дагаад сонгогчдын нэлээд хувийг эзэлдэг залуучуудын сонгуульд оролцох идэвх, сонирхол нэмэгдэх болов уу. Ер нь залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд юу шаардлагатай гэж харж байна вэ?
-Залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон талаас анхаарах ёстой гэж би хараад байгаа юм. Нэгдүгээрт төр өөрөө анхаарах ёстой. Хоёрдугаарт, улс төрийн намууд анхаарах хэрэгтэй байна. Гуравдугаарт, иргэний нийгмийн байгууллагууд, эцэст нь залуучууд өөрсдөө иргэд гэдэг утгаар хандах ёстой. Ийм олон талын оролцоон дээр залуусын оролцоог дэмжсэн, хүсэл зорилго, тэмүүллийг нь өдөөсөн, сургалтын шинжтэй олон ажил хийх ёстой гэж хардаг.
Төрөөс залуусын улс төрийн, иргэний боловсролыг дэмжсэн олон талт ажлууд хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй байна.
Хоёрдугаарт, улс төрийн намууд залууст дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаа огт явуулахгүй байна. Зүй нь намууд залуучуудын байгууллагаараа дамжуулан зөвхөн намын гишүүдээр хязгаарлахгүйгээр 18-35 насны иргэдэд олон талт, улс төрийн идэвх, сонирхол, оролцоог төрүүлсэн ажил зохион байгуулахгүй байна. Намууд ажиллаж байгаа гэж байгаа боловч энэ нь зөвхөн удирдлагад байгаа тэдний нэр дэвших квотыг хангах зорилготой, дээр нь өөрсдийн гишүүдийг хэт улс төржүүлж нэг талд нь бэлтгэх зорилготой ажлуудыг хийгээд байна.
Харин иргэний нийгмийн байгууллагууд нэлээд ажиллаж байна. Ялангуяа энэ жил. Залуучуудын улс төрийн боловсрол, оролцоонд анхаарч ажиллаж байгаа бололтой байна. Залуучуудад чиглэсэн ажлуудыг тасралтгүй хийж байх нь зүйтэй.
Иргэдийн хувьд сайн дураараа, өөрийн хүсэл эрмэлзлэлээр олон талт ажлуудыг хийж өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн улс орнуудад залуучууд ямар байдаг, бид яаж оролцох вэ гэдгийг судалж эрэл хайгуул хийн, хэвлэл, сошиалаар явж байгаа мэдээллийг шүүж, нягталж үздэг улс төрийн боловсрол эзэмших шаардлагатай байгаа юм. Гэтэл энэ нь хангалтгүй байна. Өнөөдрийн нийгмийг харахад улстөрчдийн хаясан өгөөшийг мэрж, хуйларч байна. Энэ бол залуусыг улс төрийн боловсролтой болоход саад хийж байгаа бохир явуулга.
Ер нь цаашид юу хийх хэрэгтэй вэ гэхээр, дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн квот гэдэг нэр томьёог хэрэглээд эхэлсэн. Үүнийгээ зарим улс орнууд хүлээн зөвшөөрчихлөө. Зарим нь тийм ч ахицтай биш байна. Гэтэл дахин залуучуудын квот гэдэг зүйл гараад ирлээ.
Олон улсын парламентын холбоо дэлхийн улс орнуудын 30-аас доош насны залуучуудын төлөөлөл хэд сонгогдсон, 40-өөс доош насынхан хэд сонгогдсон гээд 10, 10 жилээр бүгдийг нь судлаад тодорхойлоод байна.
Гэтэл манайд 2016 онд л хоёрхон удаа 30-аас доош насны эрэгтэй сонгогдсон тэмдэглэл байдаг. Үүнээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр төрөөс залуучуудын улс төрийн оролцоог дэмжих зорилгоор бодлого явуулах хэрэгтэй.
Нөгөө талдаа улс төрийн намууд залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бодлогыг уян хатан болгох хэрэгтэй. Мөнгөний сонгууль болдог нь илэрхий болсон. Сонгуульд илүү их мөнгө төлөх чадвартай нь, илүү хөрөнгөтэй залуусыг дэвшүүлнэ үү гэхээс мөнгөгүй ч итгэл үнэмшилтэй, хүсэл мөрөөдөлтэй, боловсролтой залуучуудыг намаас дэмжихгүй хандлага байгаа.
Тэгэхээр намууд бодлогоороо залуусыг яаж дэмжих вэ. Магадгүй улс төрийн нам залуучуудыг квоттой байх ёстой юу үгүй юу гэдгийг анхаарах ёстой байх.
Манайд бол их муу туршлага бий. Намын дэргэдэх залуучуудын байгууллагууд нь 18-35 насны идэвхтэй гишүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн байгууллага юм шиг боловч нөгөө талдаа нэр дэвшихдээ ашиглах гэж байгаа. Улстөрчид залуучуудыг яаж ашиглах вэ гэж л бодож байгаагаас биш яг залуучуудын улс төрийн боловсрол олгох үйл ажиллагааг намаас явуулахгүй байна. Энэ бол сайн зүйл биш.
-Монголд 36 улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Эдгээр улс төрийн намууд таны саяны хэлсэн залуучуудын квот гэдэг зүйлийг олж харж чадсан болов уу?
-Яг квот гэдэг үндэслэлийг хэрэглэхгүй байх шиг байна. Квот болгож байгаа нь Монгол Ардын Нам, Ардчилсан Нам. Ялангуяа МАН-ын залуучуудын байгууллагыг төлөөлж байгаа нөлөө бүхий улстөрчид нь бид орох ёстой гэдэг албан бус байдлаар ашиглаж байгаа түүх өнгөрсөн хугацаанд байлаа.
Монголын улс төрийн намуудад сонгуульд нэр дэвшихтэй холбоотой хамгийн бохир, далд болдог зодоон нь нэр дэвших квот авах тухай асуудал юм. Тийм учраас энэ зодоонд залуучууд, эмэгтэйчүүд орж чаддаггүй.
Намуудын нэр дэвшүүлэх бодлого нь ил тод, нээлттэй байдаг байсан бол энэ нам тогтвортой, тодорхой квоттой, квотынхоо хүрээнд залуучуудын оролцоог дэмжих боломжтой гэдэг төсөөллийг харж чадах байсан. Гэвч тийм төсөөлөл алга.