Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй. Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд зарим зардлыг 10-100 хувь бууруулах тухай тусгажээ.
Энэ дунд төсвийн байгууллага тавилга худалдан авах, сургалт семинар зохион байгуулах зэрэг зардлыг 100 хувь, төсвийн ерөнхийлөн захирагч нарын гадаад, дотоод томилолтын зардлыг 50 хувиар бууруулах тухай гэхчлэн хасалтуудыг тусгасан байна.
Гэтэл будаач будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэрээр зардлыг 10 хувиар бууруулах арга хэмжээний хамгийн эхэнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоолны материал худалдан авах зардлыг оруулжээ.
Өөрөөр хэлбэл, төсөв хэмнэх үүднээс ирэх онд цэцэрлэгийн багачууд, бага, дунд ангийнхны үдийн хоол, дотуур байрны сурагчдын хүнснээс таналт хийх нь.
Тогтоолын төсөлд "Боловсролын салбарын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар санхүүжих арга хэмжээ, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоолны материал худалдан авах, гадаад дотоодын их дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургуулийн суралцагчид тэтгэлэг олгох, төрийн өмчийн их дээд сургуулиудын тогтмол зардлыг төлөх, боловсролын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох , олимпиад зохион байгуулах зэрэг арга хэмжээний санхүүжих зардлыг 10 хувиар бууруулна" хэмээн заасан байна.
Энэ талаар Сангийн яамнаас "Ирэх онд хоолны зардлыг нэмэхээр болсон. Түүнээсээ 10 хувь бууруулж байгаа. Тиймээс одоо хүүхдүүдэд өгч байгаа хоолны хэмжээ болон илчлэг буурахгүй" гэдэг хариулт өгөв.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төлбөрт төрөөс 3,000, эцэг эхээс 1,000 төгрөг гаргадаг болсноор 2-5 насныхан нийт 4,000 төгрөгөөр өглөө, оройн цай, өдрийн хоол иддэг болсон. Энэ үнэ ирэх онд нэмэгдэхгүй. Харин үүнээс 10 хувийг бууруулна.
Бага ангийнхныг хамруулдаг Үдийн хоол хөтөлбөрөөр нэг хүүхдэд 1,500 төгрөгийн хоол өгч байгааг ирэх оноос 2,500 төгрөг болгон нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Гэвч төсвийн зардлыг бууруулах хүрээнд 2,500 болж нэмэгдсэн өртгөөс 10 хувийг хасах нь.
Харин дотуур байрны сурагчдын хоолны тухайд 1-5 дугаар ангийнхан өдөрт 4,000 төгрөг, 6-12 дугаар ангийнхан 4,300 төгрөгөөр хооллож байгааг ирэх оноос тус бүр 2,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Гэвч мөн л нэмэгдсэн үнээс 10 хувийг нь хасаж "хэмнэлт" хийх нь.
Бага ангийнхан болон дотуур байрны сурагчдын хоолны төсвийг нэмсэн боловч буцаагаад 10 хувийг хасаж байгаа нь үндсэндээ ямар ч өөрчлөлт болохгүй. Сангийн яамны төлөөллийн хэлсэнчлэн хүүхдүүдэд одоо өгч байгаа хоолны хэмжээ, илчлэг өөрчлөгдөхгүй.
Харин цэцэрлэгийн багачуудын өдрийн хоол, өглөө, оройн унданд арайхийн хүрдэг 3,000 мянган төгрөгийн 10 хувийг төр буцаагаад авах нь.
Ямартай ч Засгийн газраас өргөн мэдүүлснээр хүүхдийн хоолны мөнгөнд дээрх өөрчлөлт орно. Харин хүүхдүүдээс хоолны мөнгийг нь хумслах уу үгүй юу гэдгийг УИХ шийдэх юм.