Зураг
Зураг
Индэр    
УИХ-ын анхны НИЙТИЙН СОНСГОЛ ХҮҮХЭД хамгаалал, хөгжлийн асуудал байх нь...
Зураг
2018 оны 9 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

УИХ-ын анхны НИЙТИЙН СОНСГОЛ ХҮҮХЭД хамгаалал, хөгжлийн асуудал байх нь...

Үндэсний Статистикийн Хорооны өгсөн мэдээллээр 2017 онд гадны нөлөөт шалтгаанаар 0-14 насны 261 хүүхэд хорвоог орхисон бол 2018 оны эхний хагас жилийн дүн мэдээгээр 110 хүүхэд гадны нөлөөт шалтгаанаар амь насаа алджээ.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг болоод хүүхдийн аюулгүй орчин хангалтгүй байгаагаас үүдэж 2018 онд хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө Монголчууд тав дахин нэмэгдүүлж 6.4 тэрбум төгрөг болгосон ч энэ хэмжээгээрээ хүүхдүүд хамгаалагдаж чадаж байна уу.

Хүүхдийн гадны нөлөөт шалтгаанаар нас барсан тоог харахад л төдийлөн өөрчлөлт гарч чадсангүй. 2018 оны эхний саруудад дараалан гарсан олныг цочирдуулсан хүүхдийн осол эндэгдлүүд Монголчууд хамгийн чухал хүүхэд, багачуудынхаа төлөө ч чин сэтгэлээсээ ажиллаж, анхаарал тавих чадваргүй болсныг гэрчилсэн билээ.

Тэгвэл төсвөө нэмэгдүүлээд ч бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байгаа бол цаашид яах ёстой талаар нухацтай ярилцах цаг нэгэнт болжээ.

Тиймээс ч Ikon.mn мэдээллийн сайтын редакцаас мартаж, алгасаж эсвэл өөр нэг дуулианаар сольж болохгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачлагыг гаргасан билээ.

Бидний гаргасан энэхүү санаачлагыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжиж УИХ-д хүсэлтээ гаргахаар болоод байгаа сайн мэдээг бид дуулгасан.

З.Нарантуяа гишүүн 2017 онд 1.2 тэрбум төгрөг байсан хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг энэ онд тав дахин нэмэгдүүлэхэд гол санаачлагыг гаргасан гишүүн юм. Тиймээс ч тэрбээр ингэж хуваарилсан төсвийн зарцуулалт хэрхэн явагдаж байгаа талаар Засгийн газарт хандан асуулга тавьж өнгөрсөн сард хариугаа аваад байна. Харин Засгийн газраас ирсэн хариу тайлбар бидний хүссэн хэмжээнд байсангүй.

З.Нарантуяа гишүүн “Засгийн газраас ирүүлсэн хариунд нэмэгдсэн төсвөөр олон төрлийн сургалтуудад багагүй мөнгийг зарцуулсан нь харагдаж байна. Хоёрдугаарт, Хүүхэд, гэр бүлийн чиглэлээрх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулахад мөнгийг зарцуулсан гэж байгаа ч энэ ажлуудын яг бодит үр дүн нь юу байв гэдэг тодорхойгүй байна” гэж байв.

Тиймээс ч бид энэ асуудлаар зайлшгүй Нийтийн сонсгол хийж 2018 онд Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд төсөвлөгдсөн 6.4 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулсан, зөв, буруу, алдаа оноо юунд байв гэдгээ 2019 оны төсөв батлахаас өмнө ярьж хэлэлцэх нь зүйн хэрэг билээ.

2015 оны долоодугаар сарын 8-нд УИХ Нийтийн сонсголын тухай хууль баталсан ч өнөөдрийг хүртэл нэг ч удаа албан ёсоор сонсгол зохион байгуулаагүй байна.

Тэгвэл бидний нийтлэг эрх ашгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх ХҮҮХЭД түүний дотор хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар яагаад анхны Нийтийн сонсголыг хийж болохгүй гэж?!

Нийтийн сонсголыг хэд хэдэн төрлөөр хийх боломжтой бөгөөд бидний хийхийг санаачилж буй сонсгол холбогдох хууль дахь есдүгээр зүйл буюу Төсвийн хяналтын сонсгол хийх нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Энэ тухай З.Нарантуяа гишүүн “Засгийн газрын харьяа агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын энэ жилийн төсөв 14 тэрбум төгрөг гэж төсөвлөгдсөн байдаг. Энэ бол байгууллагын хөрөнгө оруулалтын төсөв.

Тэгвэл яг өнөөдөр хүүхдийн хөгжил, хамгаалалтад хэдэн төгрөг зарж байна вэ гэдэг анхаарал татах гол асуудал юм.

Бид нэг асуудлаас буюу хамгийн чухал хүүхдүүдийнхээ төлөө зарцуулагдаж байгаа мөнгөний араас нэхэж чадах юм бол бусад төсвийн захирагч нарын хувьд ч энэ нь дохио болох ёстой.  Баахан мөнгө хуваарилагдсан сургаар мэдээлэлд ойр байгаа хүмүүс хэлбэрийн ажил хийгээд мөнгийг нь авдаг байдлыг үгүй хийх ёстой.  Цаашид ч Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн зүйл анги болгон дээр ингэж ажиллах төлөвлөгөөтэй байна” гэж байв.

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар төсөв тав дахин нэмэгдэх сургаар гэнэт баахан төрийн бус байгууллагууд мэндэлж хэрэгтэй, хэрэггүй зүйлст мөнгийг нь зарцуулж байгаад харамссан Сангийн яамны нэр бүхий мэргэжилтэн ам алдсан удаатай.

Энэ тухай З.Нарантуяа “Өөрийн чинь хэлж байгаа жишээг үнэн болохыг баталсан мэт Засгийн газраас ирсэн тайланд баахан сургалт хийсэн, баахан ТББ байгуулагдсан, баахан зөвлөл, албууд байгуулагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хүсээд байгаа яг хүүхдийн хамгааллын талдаа ажилласан нь  маш хангалтгүй, бага байгаад байгаа юм. Бид хүүхэд хамгааллын бэлтгэл ажилдаа нийт төсвийнхөө 61 хувийг зарцуулсан байна”  гэж байлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хийсэн судалгаагаар Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаарх холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг төсөвлөхөд хангалттай үр дүнд хүрнэ гэсэн судалгааг хийж байж. Тэгвэл үнэхээр 22 тэрбум төгрөг нь үгүй учраас өнөөдөр бид цаг бусаар алдсан хүүхдүүд, хүчирхийлэл дунд байгаа хүүхдүүдийн төлөө нийтээрээ нэг харуусчихаад л мартсаар байх уу. Яагаад заавал Нийтийн сонсгол хийх ёстой вэ.

Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцсанаа хүргэж байна.

 

- НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монголд хүүхэд хөгжил, хамгаалалтай холбогдолтой хуулийг хангалттай түвшинд хэрэгжүүлэхэд жилд 22 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг судалгааг гаргасан гэж байсан. Гэтэл хангалтгүй мөнгө анхнаас нь төсөвлөчихөөд сайн үр дүн нэхэх боломжгүй гэх тайлбарыг холбогдох хүмүүс нь тавих байх даа?

- НҮБ-ын энэ тайлангийн хүрээнд үнэхээр боломжгүй гэж үзвэл Монголд хүүхэд хамгааллын ажилд 11 тэрбум буюу тал хувиар нь гүйцэтгэх боломжтой гэсэн судалгааг мөн гаргасаныг хэлэх хэрэгтэй.

Тиймээс ч бид ядаж энэ тооцооллын дагуу төсвийг нь нэг байсныг таван тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ төсвийг хангалтгүй гэж хэлж магадгүй. Бид зөвхөн сургалт, бэлтгэлдээ зарцуулсан гэх байх. Тэгвэл хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь зөвхөн энэ жил хийгээд дуусах ажил биш. Тиймээс ч бид 2018 онд юун дээрээ алдаж оносон бэ. Ямар ажил нь үр дүнтэй байсан, байгаагүй тухайгаа ярих нь харин ч зөв болов уу.

Жишээ нь, 2019 оны төсөвт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд хэчнээн төгрөг төсөвлөх ёстой, одоогийн мөнгө нь үнэхээр хүрэлцээтэй эсэх, цаашдаа хүүхэд хамгаалалд хэчнээн төгрөг зарцуулах вэ гэдэг асуудлыг бид ярилцах шаардлагатай байна.

Засгийн газраас ирүүлсэн асуулгын хариултад хороо дүүрэг болгонд байгаа эрсдэлтэй бүлгийн хүүхдийн судалгааны тайлан тусгагдаагүй байна. Мөн энэ жил дараалан гарсан хүүхдийн осол эндэгдлийн шалтгаан болсон хүүхдийн хамгийн ихээр цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн аюулгүй орчны талаарх судалгааны тайлан, явуулсан арга хэмжээ ч мөн хариултад байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний хүсээд буй гол ажлуудын тайлан, судалгааг ирүүлээгүй баахан л хот, хөдөөгийн сургалтуудад төсвийн мөнгийг зарцуулсан байна.

Дээр нь хүүхэд хамгааллаас гадна хөгжлийн хүрээнд чухам яг юу хийж байна вэ гэдэг асуудалтай. Хүүхэд хөгжлийн тухайд ердөө орон даяар 50 сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Тэгэхээр энэ 50 сая төгрөгөөр бид яг юу хийх боломжтой вэ.

- Төсвийн зарцуулалтын тухайд үрэлгэн, учир утгагүй зүйлс маш их байгаа талаар хоёулаа өмнө нь ярилцаж байсан. Хэдийгээр төсөв боловсруулагчид төсвийг алдагдалгүй болгохоор хичээж байгаа ч доторх агуулгад реформ хийхгүй л бол Монголын өнөөгийн зовлон арилахгүй мэт.

- Тийм. Улс орнууд төсвөө боловсруулж төлөвлөхөөсөө өмнө хэтийн зорилго, дунд, богино хугацааны зорилттойгоо нийцүүлж боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбартаа хэчнээн төгрөг зарцуулах вэ гэдэг бодлогоо тодорхойлдог. Энэ бодлогыг уг нь Сангийн Яамны дэргэдэх мэргэжлийн судалгааны институт хийж байх учиртай.

Эдийн засгийн бодлого тодорхойлж байгаа байгууллагуудын дэргэд ийм судалгааны институтгүй бол төсөв цаашдаа энэ байдалтайгаа байсаар л байна.

Зөвхөн 2017 оны төсвийн хөрөнгө оруулалт дээр шинжилгээ хийгээд харахаар үнэхээр замбараагүй байгаа юм. Хэнд хэрэгтэй, ямар бүтээн байгуулалтыг, ач холбогдлын ямар дарааллаар хуваарилсан бэ гэдэг нь маш тодорхойгүй байна.

100 айл амьдардаг сум руу 50, 60 тэрбумын зам тавьчихсан жишээ ч байгаа юм. Мөн ижил төрлийн бүтээн байгуулалт, барилга байшингууд маш их зөрүүтэй үнэ ханшаар боссон байх юм. Миний хувьд өнгөрсөн жил Төсвийн зарлагын хяналтын дэд хороог төлөөлж төсөв дээр ийм зөрүүтэй санхүүжигдсэн зарцуулалтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Ижил түвшний барилгыг нэг газар нь 800 сая төгрөгөөр, нөгөө газар 1.2 тэрбум төгрөгөөр, бүр өөр газар нь хоёр тэрбум төгрөгөөр барьсан байх жишээтэй.

- 2019 оны төсөвт таны хэлж байгаа өөрчлөлт, ахиц гарах шинж ажиглагдаж байна уу?

- Одоогоор 2019 оны төсөв өргөн баригдаагүй байгаа учир чухам ямар өөрчлөлт гарах нь тодорхойгүй байна.

Би өөрийн сонгогдсон тойргийг жишээ болгож өнгөрсөн нэг жилийн хугацаанд төсөв, хөрөнгө оруулалтын судалгааг хийлээ. Бүх сум, аймгийн төвийн хөгжилд юу нэн тэргүүнд шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлохыг зорьсон. Ингэж судалгааг хийхдээ яг сонгогчидтойгоо хамтарч сууж байгаад ажилласан. Шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтуудын зураг төсөв, судалгаануудыг мөн давхар хийж байж болохуйц хамгийн хэмнэлттэй төсвийг Сангийн Яаманд хүргүүлсэн. Бүх гишүүн, аймаг, дүүргийн засаг дарга нар ийм сэтгэлгээгээр асуудалд хандах юм бол Монгол Улсын төсвийг хэмнэх боломж байгаа гэж би үзэж байна.

Төсөв хуваарилахдаа аймаг, сумдын судалгааг яагаад хийх хэрэгтэй вэ тухай арай илүү ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Завхан аймгийн зарим сумд гэхэд 1986 оноос хойш нэг ч халуун усны газар байгуулагдаагүй байх жишээтэй. Мөн огт цэцэрлэг, сургууль баригдаагүй газар ч байна. Тэгтэл зарим шаардлагагүй сумдад нь хоёр, гурваар нь барьчихсан жишээ ч бас байгаа юм. Сонирхоод харвал, УИХ-ын гишүүн нь сонгогдоогүй сумдуудад гэхэд огт хөрөнгө оруулалт очихгүй байх тохиолдлууд байх жишээтэй.

Бид хоёрын гол сэдэв болох хүүхэд хамгааллын асуудалд гэхэд өнгөрсөн жил Ховд аймагт хоёр ажил төсөвлөгдсөн байгаа юм. Яагаад гээд харахаар өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ховд аймгийнх байсан учир гэж таамаглаж болж байна.

- Гишүүн болгон  тойрогтоо ахисаар байгаад 10 орчим  тэрбум төгрөг тусгуулдаг тухай мэдээлэл явсаар байдаг. Ингэхдээ хийж байгаа хөрөнгө оруулалт нь нүдээ олох нь ч байдаг байх. Дийлэнхдээ буруу зорилгын мөнгө болоод дуусаад байхаар бид төсвөө хэзээ ч шинэчилж чадахгүй мэт.

- Тийм ээ. Энэ нь яах аргагүй манай сонгуулийн тогтолцоотой холбоотой. Сонгуулийн тогтолцоо жижигхэн болоод л байвал төсвийн үрэлгэн байдал нэмэгдсээр л байна.

Тиймээс ч үнэмлэхүй олонх байгаа 65-ын бүлэг энэ сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх л хэрэгтэй. Бид улс орны хөгжлийн асуудал ярина гэвэл хувь тэнцүүлсэн тогтолцоо руу орохгүй л бол бидний алсын хараа, бүс нутгийн хөгжлийн асуудал улам холдсоор л байх болов уу.

Юуны түрүүнд УИХ-ын гишүүд дахин сонгогдохын тулд тойргийнхондоо бэлэг тараадгаасаа ядаж татгалзчихмаар байгаа юм. Энэ бол манайд хийж буй маш том хувьсгал гэж ойлгоод үүнээс нийтээрээ татгалзчихмаар байна.

 

- Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаарх төсвийн зарцуулалтаар Нийтийн сонсгол хийлээ гэхэд энэ үеэр хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох боломжтой юу?

- Нийтийн сонсгол хийснээр татвар төлөгчдийн мөнгөөр тэдний хүүхдүүдийг хамгаалах асуудалд хэр зэрэг оновчтой, үр дүнтэй мөнгөө зарцуулсан бэ гэдгээ бид гол нь сонсоно, дүгнэнэ. Хэрэв мөнгөө буруу зарцуулсан бол дараагийн удаад энэ алдаагаа давтахгүйн тулд яах ёстой талаар хэлэлцэх байх. Түүнээс хэн нэгнийг яллах сонирхолгүй байна.

Төсвийн захиран зарцуулалтад ингэж хяналт тавьж чадвал дараа дараагийн хүмүүс үүнээс сургамж авах ач холбогдолтой.

- Сонгогчид, олон нийтийн хувьд татварын мөнгийг зарцуулж байгаа нэгэн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг болохыг хүлээсээр байгаа шүү дээ. Тухайлбал, энэ жил дараалан гарсан хүүхдийн осол эндэгдэлд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Уг нь харьяа засаг дарга нь хүүхдийн асуудлаа тэргүүлж ажилладаг юм билээ шүү дээ.

- Хариуцлага алдаад хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдолд хамаарал бүхий хүмүүст нь хэрэг үүсгэгдээд шалгагдаж байх ёстой. Гаргасан алдаа, дутагдал нь захиргааны зөрчил үү, эрүүгийн хэрэг үү гэдгийг нь мөн холбогдох газраас нь Нийтийн сонсголын үеэр авах боломжтой.

- Хүүхэд хамгааллын асуудлаар Нийтийн сонсгол хийх гэхээр та мэдээж тодорхой тооны гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай болно. Юун түрүүнд ямар алхам хийх вэ?

- УИХ дахь эмэгтэй гишүүдийн хувьд нам харгалзахгүй тодорхой есөн асуудал дээр хамтарч ажиллахаар санал нэгдсэн. Есөн асуудлын нэгт нь хүүхдийн эрхийг хамгаалах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах гэж байдаг. Тэгэхээр эмэгтэй гишүүд маань бүгд энэ тал дээр дэмжинэ гэж бодож байна.

Гэхдээ хүүхэд хамгаалал гэхээр зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал мэдээж биш шүү дээ. Эрэгтэй гишүүд маань ч санаачлагатай хандаж асуудлыг дэмжих байх.

- Энэ жил дараалан гарсан хүүхдийн осол эндэгдлийн дараа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд хүүхдийн асуудлаар нэг нээлттэй мэдээлэл солилцсон. Энэ үеэр холбогдох төрийн байгууллагуудын өгсөн мэдээллээр хүүхэд хамгааллын байрны асуудал хүрэлцээгүй, тулгамдсан асуудал болж байгаа тухай ярьж байсан. Тэгвэл бэлээхэн хийчихсэн байгаа Ид шидийн орон гээд төсөл байж байхад нэг ч төсвийн дэмжлэг аваагүй. Тэгтэл хажуугаар нь баахан ТББ байгуулагдаад яг хэрэгтээ газраа мөнгө нь хүрэхээс нь өмнө авчихсан байх жишээтэй.

- Тийм ээ. Өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хүрээнд хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээ бол харьцангуй сайжирсан байгаа юм. Харин яг хамгаалах шаардлагатай хүүхдүүдэд зориулсан хамгаалах байруудын ихэнхийг нь олон улсын байгууллага, ТББ хийж байна. Тэгэхээр бид аливаа зүйлийн ач холбогдлын дарааллаа эргэж харах хэрэгтэй байна гэдэг энэ шүү дээ. Ер нь бид хүүхэд, залуус буюу энэ улс орны ирээдүйд нэгдүгээр ач холбогдлоо өгөх нь зүйн хэрэг. Жишээ нь 2017 онд 2018 оны төсвийг баталж байхдаа энэ хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэж 9.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгэхээр энэ мөнгөний зарцуулалт хэрхэн хэрэгжсэн бэ. Өнөөдөр хүүхэд бүр цэцэрлэгтэй болж чадсан уу. Нийт санхүүжигдэх хүүхдийн тоогоо 26 мянга гээд үзээд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэж зорьсон. Тэгэхээр энэ зорилго биелэсэн үү. Үүнийг бид асуух л хэрэгтэй.

- Хамрагдаж чадаагүй шүү дээ. Сугалаа явдгаараа явсан.

- Тэгэхээр эндээс л асуулт гарч ирж байгаа юм. Яагаад бид нэг зорилт тавьчихаад тавьсан зорилтдоо хүрч чадахгүй байна вэ. Бид мөнгөө дутуу тавиад байна уу. Эсвэл зохион байгуулалтын алдаа байна уу. Үүнийхээ учир холбогдлыг бид Нийтийн сонсгол хийж байж л олох ёстой шүү дээ. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг гэхэд бүрэн хоёр ээлжинд шилжүүлнэ гэдэг зорилго тавьсан. 0.8 тэрбум төгрөг хуваарилсан. Ийм бага мөнгөөр бүх гурван ээлжийн сургуулийг хоёр болгоно гэхэд тухайн үед миний хувьд шүүмжлэлтэй хандаж байсан. Өнөөдөр тэгээд зорилтдоо хүрч чадсан уу.

- Чадаагүй. Бүр 19 байснаа нэмэгдээд 38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ.

- 2018 онд 78 тэрбум төгрөгийг сургууль барихад зарцуулсан. Үүний үр дүнг харах хэрэгтэй. Ингээд бид эхний ээлжинд хамгийн чухал хүүхдийн асуудлаас эхлээд төсвийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт тавимаар байна. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах чинь хүүхдийн хамгаалал, хөгжилд хамгийн зүйлсийн нэг шүү дээ.

- Ерөнхий сайд өнгөрсөн жил гурван ээлжийн сургуульгүй болно гэж амалж байсан санагдаж байна.

- Тийм ээ. Тэгтэл тэгж чадсангүй шүү дээ. Үүнээс харахад л бид ямар ч тооцоо судалгаагүй иргэддээ үргэлж худал амлалт өгдөг нь харагдаж байна.



 

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулсан төсвөөр УИХ дээр Нийтийн сонсгол хийх асуудлаар З.Нарантуяа гишүүн удахгүй УИХ-д хүсэлтээ өргөн барих болно.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд тусгасан төсвийн зарцуулалтад бүх нийтээр хяналт тавьсанаар бидний олон жилийн ужиг болсон төсвийн үрэлгэн зарцуулалт, төрийн алба дахь мэргэжлийн бус, нам, улстөрийн томилгоо зэрэг хөндүүр асуудлууд ч сөхөгдөх учиртай.

Энэ Нийтийн сонсголыг дэмжихгүй гишүүн бол Монголын ирээдүйд “ҮГҮЙ” гэж хэлсэнтэй адил мэт л…