Зураг
Зураг
Индэр    
2018 оны 7 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Тав дахин нэмэгдүүлсэн төсөвтэй ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙЕ!

Зураг

Олон улсын хэвлэл мэдээлэл, дэлхий нийтийн анхаарлын төвд Тайландын хойд нутгийн агуйн гүнд байгаа үерийн усанд хашигдсан 12 хүү, нэг багшийг аврах ажиллагаа байх. 

Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг хүний хийж буй тэмцэл. 

Харин энэ Монгол Улсад бид давж болох хүчин зүйлсээр үр хүүхдүүдээ сүйдэлж байна. 

Өдөр хоног дараалан гарах хүүхдийн осол, эндэгдлүүд нь Монгол Улс ХҮҮХДИЙНХЭЭ эсрэг дайн зарласан мэт байна гэж хэдхэн өдрийн өмнө бичиж байжээ. Өдөр бүр шахуу таагүй мэдээлэл хүргэж байгаадаа хүлцэл өчье. Хамгийн харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийнхүү бичээд бичээд иргэд олон нийт нь, асуудал хариуцсан төрийн албан хаагчид, мэргэжилтэн нь анхаарч тоохгүй байгаад хэргийн гол байх аж. 

Энэ үед хүүхдийн осол гэмтэл, золгүй тохиолдол бүрт асуудал хариуцсан албан тушаалтнуудад ямар хариуцлага, шийтгэл хүлээлгэх вэ, ХЭН ЭНЭ БҮХНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ вэ?

Үүний хариулт нь:

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, 4 дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан. 

Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлдэг. 

Дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажилладаг. 

Ажлын албаны даргаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх ажиллаж байна. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.1. -т "Хүүхдийн эрхийг хангах талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ" гэж заажээ. 

Мөн тус хуульд "Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын чиг үүргийн дагуу гүйцэтгэнэ" гэж зааж өгсөн байна. 

Ингэхдээ бүх шатны Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах зөвлөлийг тэргүүлдэг гэдгийг та анхаарч харсан байх. 

Засаг дарга нар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх ҮҮРЭГТЭЙ. 

ТЭГВЭЛ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ДАРААЛАН гарсан ОСОЛ ГЭМТЛҮҮДЭД ЗАСАГ ДАРГА НАР ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАСАНЫГ ОЛОН НИЙТЭД НЭН ДАРУЙ МЭДЭЭЛЭХ ЭНЭ ҮҮРГЭЭ ЯАРАЛТАЙ БИЕЛҮҮЛНЭ ҮҮ?!

УИХ хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийддэг.  2018 оны хувьд Улсын Их Хурлаас хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд 6.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, батлуулсан бөгөөд энэ нь 2017 оноос 5.3 дахин нэмэгдсэн төсөв юм. 

Шалтгаан нь 2017 онд 1,692 гэмт хэрэгт 1,757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан байна.

Үүнийг задалж харвал, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон ба үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байна. Хурдан морины 394 уралдааны явцад 629 хүүхэд мориноос унасан ба 159 хүүхэд бэртэж, гэмтснээс 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тавдугаар сарын 18-нд төрийн ордонд болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  хурлаар мэдээлж байжээ. 

2018 онд хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 6.4 тэрбум буюу өнгөрсөн жилээс тав дахин нэмэгдүүлж оруулж ирснээс үүдэж хүүхдийн төлөөх олон олон ТББ -ууд мэндэлж тэндээс төсөв, мөнгө авахаар уралдаж байгаа сураг Сангийн Яамны хариуцлагатай албан тушаалтан мэдэгдсэн талаар нэгэн эх сурвалж ярьж байв. 

Үүний хариуд өдөр бүр шахуу хүүхэд аюултай орчинд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. 

Үр хүүхдээ хайрлан, хамгаалан, хүмүүжүүлэх нь эцэг, эх бүрийн хамгийн чухал үүрэг ч нийтлэг эрх ашгийг хангах албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас үүдэн МОНГОЛ ХҮҮХЭД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ТОГЛОЖ БАЙГААД, ЭМИЙН САНГИЙН ҮҮДЭНД, АМРАЛТЫН ГАЗАРТ, ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД, ХҮҮХДИЙН ПАРКАД, ХУРДАН МОРЬ УНАЖ УРАЛДАЖ БАЙГААД,  ГЭРИЙНХЭЭ ГАДАА гэмтэж, хохирч, үхэж үрэгдсээр. 

Үндэсний Статистикийн Хорооны өгсөн мэдээллээр 2017 онд гадны нөлөөт шалтгаанаар 0-14 насны 261 хүүхэд хорвоог орхижээ. 

Монгол Улс хүүхэд хөгжил, хамгааллын зардлаа тав дахин нэмэгдүүлсэн ч 2018 оны эхний хагас жилийн байдлаар 0-14 насны хүүхдийн гадны нөлөөт нас баралт 110 бүртгэгдсэн нь төсөв, зарцуулалтыг ТАВ ДАХИН нэмэгдүүлсэний хэрэг гарсангүй. ХАРИН ЭНЭ БАТАЛСАН ТӨСВӨӨ ЭРГЭН ХЯНАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ НЯГТАЛЖ НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙХ АСУУДЛЫГ УИХ -ЫН ГИШҮҮД САНААЧЛАХ БҮРЭН ЭРХ БАЙСААР БАЙГААГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. Бүр тодруулбал, Нийтийн сонсголын тухай хуулийн  6.2.3.-д төсвийн хяналтын зорилгоор НИЙТИЙН СОНСГОЛ явуулж болох тухай зааж өгчээ. 

Хамгийн тэнэг нь удаа дараа гарсан хүүхдийн осол эндэгдэлд тууштай арга хэмжээ авах талаар Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх бүх нийтэд хандаж ганц ч зөвлөмж тушаал гаргасангүй. Зөвлөлийн дэд тэргүүн, нийгмийн хамгааллын гэх сайд С.Чинзориг нь ч ганц удаа мэдэгдэл хийсэнгүй. 

Хүүхдийн орчны аюулгүй байдлыг бүрэн бүтэн байдлыг хангах ёстой Засаг дарга нар ч ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй байна. 

Эцэстээ бид өдөр бүр төрөл бүрийн осол аваараар золгүйгээр хорвоог орхих хүүхдийн тухай дуулаад л өнгөрдөг боллоо. 

Харин энэ бүх золгүй байдалд өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. 

Зөвхөн эцэг, эхчүүдийн асуудал гээд ингээд хаях бол МОНГОЛД ТӨР ЗАСАГ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ гэж байхын хэрэг байна уу?!

Энэ бүгдийг хариуцдаг, Засаг дарга нараа чиглүүлдэг хотын дарга С.Батболд өнөөдөр хариуцлага хүлээх ёстой юу?

Ерөнхий сайд та өөрөө юу?

Ажлаа хийдэггүй Үндэсний Зөвлөлийн Дэд тэргүүн С.Чинзориг чинь албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юу?