Зураг
Зураг
Индэр    
Монгол Улс ХҮҮХДҮҮДДЭЭ ДАЙН ЗАРЛАВ
Зураг
2018 оны 6 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монгол Улс ХҮҮХДҮҮДДЭЭ ДАЙН ЗАРЛАВ

Томчуудын дутуу, буруу хийсэн бүхэн хүүхдийн осол, гэмтэл, амь насаа алдах хүртэл золгүй тохиолдлоор илрэх боллоо.

2018.03.18

2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жил бүр зохион байгуулагддаг "Дүнжингарав" хурдан морины уралдааны нэг насны хурдан морины уралдааныг харанхуй шөнөөр зохион байгуулж, олон хүүхдийн эрхийн эсрэг ноцтой халдлага хийсэн билээ.

Тус "Дүнжингарав" уралдаанд нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) мэдээлж байсан юм. Эдгээр хүүхдийн хоёр нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж уралдааны үеэр машин мөргөж унаад, ухаан алдсан гэж ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдэгдэж байв. 

2018.05.18

Хурдан морь уралдуулах хүүхдийн нас, аюулгүй байдал зэрэг олон асуудал араасаа хөвөрч байх зуур тавдугаар сарын 18-нд Дорнод аймагт нэгэн айлын хийсэн бэсрэг наадмын үеэр эцэг нь хоёр настай хүүхдээ моринд мордуулж, уралдуулсан хэрэг гарч, нийгэм даяараа түүнийг буруутган шүүв. 

2018.06.13

Энэ явдлаас сар гаруйхан хугацааны дараа буюу энэ сарын 13-нд Хүүхдийн паркийн Сансрын хөлөг тоглоом дээр зургаан хүүхэд, хоёр том хүн тоглож байгаад зогсох үед тоглоомын хоёр гарны нэг нь хугарсны улмаас дөрвөн хүүхдийн сууж байсан дээд талын бүхээг доор байрласан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан осол гарсан билээ. 

2018.06.18

Тус ослоор дөрвөн хүүхэд хүнд, хөнгөн бэртэж хүүхдийн аюулгүй орчны талаар нийгэм даяараа хэлэлцүүлэг өрнүүлж байх үед буюу дөнгөж тавхан хоногийн дараа, зургаадугаар сарын 18-нд 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч, амиа алдав. 

2018.06.25

Ердөө 30 минутын өмнө аавтайгаа утсаар ярихдаа зайрмаг, бас хөлбөмбөгийн хувцас захисан 11 настай хүүгийн дээрх хэрэг шалгагдаж дуусаагүй байтал өчигдөр буюу зургаадугаар сарын 25-нд есөн настай А гэгч хүү 11-р хорооллын нэгэн эмийн сангийн гаднах цахилгааны утсанд тогонд цохиулан харамсалтайгаар амь насаа алдав. 

Энэ бол олныг цочирдуулсан осол, гэмтлүүд. 

Харин үүний цаана нэг их олон хүний анхаарлыг үл татан гэмтэж бэртэж, өвдөж шаналж, хорвоог цаг бусаар орхиж буй олон мянган хүүхэд байна. 

2017 он

Хоёрхон тоо баримт хэлэхэд улсын хэмжээнд 2017 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд амь насаа алдсан 55 хүүхэд, гэмтэж, бэртсэн 1,058 хүүхдийн 186 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан бол жилд 2,500 хүүхэд халуун тогоо гэгч зүйлд хүнд, хөнгөн байдлаар түлэгдэж, шалзлагдаж байна. 

Зөвхөн осол гэмтлээс гадна бид хүүхдийн сурч боловсорсны баталгаа, амьдралаа шийдэх элсэлтийн ерөнхий шалгалтыг нь л гэхэд улс орон даяараа сайн зохион байгуулж чадахгүйгээсээ болж олон хүүхэд хохирсныг бид мэдээлсээр байгаа билээ. 

Дээрх хэргүүд нь олонд мэдээлэгдэж, ил гарч буй нь.

Харин үүнийг бичиж байх зуур хэчнээн хүүхэд эцэг, эх гэр бүлдээ хайрлагдаж чадахгүй, гадуурхагдаж, сурч боловсорч чадахгүй, хүчирхийлэлд өртөж байгаа бол. 

Хуульч Б.Болорсайхан The Defacto Gazette сэтгүүлд бичихдээ "Хүчирхийлэл бол зөвхөн нударгаар цохих, хөх няц үлдээх биш, бүр хүүхдээ анхаарахгүй байх, хайраар дутаах, итгэлийг нь мохоох, доромжлох, дарамтлах, айлгах, цочоох, хаалгаар мөрлөөд урдуур нь орох гээд маш олон хэлбэртэй байдгийг томчууд тэр бүр мэддэггүй. Заримдаа багаасаа тийм таатай орчинд өсөөгүй тул хүүхэд аюулгүй, айдсаас ангид, баяр хөөртэй “Таатай нөхцөлд амьдрах ёстой” гэдгийг бүр төсөөлөхгүй үе байдаг" гэж бичжээ. 

2018.06.29

Хүүхдийн хүчирхийллийн хэргийн хамгийн ноцтой хэргүүдийн нэг болох 13 настай охин "Очир төв"-ийн зочид буудлын өрөөнд хүчирхийлүүлж амь насаа алдсан хэргийн шүүх хурал бараг жилийн дараа буюу зургаадугаар сарын 29-нд болох гэж байна. 

Хохирогчийн гэр бүлийнхэн илт тодорхой хэрэг байхад өдий хүртэл хэргийг шийдэхгүй байгаад гомдолтой байгаагаа хэвлэлээр олон удаа мэдэгдсэн. 

Тийм ээ. Монгол Улс ХҮҮХДИЙН ЭСРЭГ ДАЙН ЗАРЛАСАН.