Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Угаалтуур ч үгүй ИРЭЭДҮЙ

Б.Ану
2019 оны 11 сарын 25
iKon.MN
 

Таны харж байгаа энэ зургууд хэдэн жилийн өмнөх ч биш хэдхэн хоногийн өмнөх зургууд юм.

Энэ нь алслагдсан аймаг ч биш Улаанбаатарт хамгийн ойр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дэлгэрхаан цэцэрлэгийн 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ариун цэвэр сахих үйл ажиллагааны үеэрх зураг.

Зургууд: (Дэлгэрхаан цэцэрлэгийн Фэйсбүүк хаягнаас ашиглав)

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр нийт хүн амын дөнгөж 35 хувь, орон нутгийн иргэдийн ердөө 29 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн өрөө ашиглаж байна.

21-р зуун гарсан ч Монголд ариун цэврийн байгууламжид хүүхэд унах, бохирт живж үхэх, хөлдүүс дээр халтирч гэмтэх асуудал өнөөг хүртэл тулгарсаар буй. 

Нөгөөтэйгүүр 2018 онд улсын хэмжээнд 6 төрлийн гэдэсний халдварт өвчний 10,240 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 24.3 хувийг эзэлж байна.

Нийт халдварт өвчлөлийн 59.5 хувийг сургууль, цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд 0-16 хүртэлх насны хүүхдүүдийн цусан суулгалт өвчний шалтгааныг судалсан судалгааны дүнгээс харахад хүүхдүүдийн халдвар авах зам нь бохир гар болон баталгаагүй ундны усыг хэрэглэснээс үүдэлтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл, Монголчууд бид өнөөдөр хамгийн чухал нь хүүхэд, Засгийн газрын тэргүүний зорилго нь боловсрол гэж тодорхойлсон ч хамгийн чухал зүйлсдээ иймэрхүү байдалтай хандсаар байна.

Монгол Улсын төсвийг харвал хамгийн өндөр дүн буюу төсвийн зардлын 15 орчим хувийг бид чухал гэж үзэж буй боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын салбартаа зарцуулдаг.

Тодруулбал, боловсролын сайд 2020 онд 2.1 их наяд төгрөг зарцуулах төсөвтэй.

Үүний 622 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал, 1.5 их наяд нь урсгал зардалд зарцуулагдахаар төсөвлөгдөөд байна.

Тэгвэл хөрөнгө оруулалтын зардал нь хүүхдүүдийн, боловсролын амин чухал хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу? гэх асуултыг бид тавьсаар ирсэн.

Боловсролын агуулга чанараас гадна цэцэрлэг, сургуулийн багачуудын ариун цэврийн байгууламж, цэвэр усны хангамжийн асуудлыг төр засгаас орхигдуулсаар олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхэн л энэ асуудалд анхаарлаа хандуулж байна.

2020 оны улсын төсвөөс хөрөнгө оруулалтын зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумын бэрх тосгонд 1.35 тэрбум төгрөгөөр хөлбөмбөгийн спортын талбай бүхий цогцолбор 2020 ондоо бүтэн санхүүжүүлж, гүйцэтгэхээр төсөвлөжээ.

Хүүхдүүд багачуудад энэ спортын цогцолбор чухал ч өнөөдөр орон нутгийн 70 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн өрөөгүй улсад тийм дээгүүр тавигдах чухал ажил гэж үү?! 

Тэгвэл орон нутгийн сурагчдыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг сүүлийн 5 жил гүйцэтгэсэн Мобиком корпорацийн тайланд 2014 оноос хойш хөдөө орон нутгийн сумдын нийт 88 сургууль, цэцэрлэгийн 58 мянган хүүхдэд зориулсан ариун цэврийн байгууламж байгуулахдаа 1.9 тэрбум төгрөг зарцуулжээ.

1.3 тэрбум төгрөгийн үнэтэй хөлбөмбөгийн талбайтай болох гэж буй Бэрх тосгон гэхэд 2 мянга гаруй хүн амтай. 

Яг үнэндээ өнөөдөр Монгол Улсын төсөв өнөөдөр ийм байдлаар зарцуулагдаж байна.