Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд автомашины онцгой албан татварын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Суудлын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр болсон.
Иймээс иргэд, автомашин импротлогчид татвар нэмэхийг эсэргүүцэж, хууль батлагдахаас өмнө Японы дуудлага худалдаанаас авсан автомашинаа хуучин татварын хуулиар тооцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Автомашин импортлогч Н.Шагдар “Бидний эсэргүүцэж байгаа гол үндэс бол дөрөвдүгээр сарын 15-нд автомашины албан татварын хуулийг баталсан.
Бид гуравдугаар сарын сүүлчээр дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл татвар нэмэгдэнэ гэж мэдээгүй байхад авчихсан байгаа асар олон Hybrid хөдөлгүүртэй машин бий. Тэдгээр машиныг оруулж ирэх хугацаа нь дор хаяж 45 хоног байдаг.
Одоогоор нэг машин импортлогч л гэхэд 20-30 машинтай. Ард түмний ихэвчлэн унаад байгаа Приус машин дээр онцгой татвар нь 5 сая төгрөг, гаалийн татвар нь 15.5 хувьтайгаа нийлээд 6 сая төгрөгийн татвар нэмэгдсэн.
Үүнийг ард иргэдэд ойлгуулахдаа 300,000 төгрөг л нэмэгдэж байгаа мэтээр ярьж байна. Ингэж их нэмэгдэж байгаагаас болоод бид ямар ч машин оруулж ирэхгүй, татварт ч мөнгө хуримтлагдахгүй.
Нөгөө талаас, эко машины татвар нэмэгдсэнээр мэдээж машин импортлогчид бензин хөдөлгүүртэй машин оруулж ирнэ. Ингэснээр утаа, агаарын бохирдлын асуудал бүр л хүндэрнэ.
Ганц машин оруулж ирдэг хүмүүс биш хэрэглэгчид хүртэл хохирч байна. Тухайлбал, нэг хүн 9 сая төгрөгийн Приус авдаг байсан бол өнөөдөр 16 сая төгрөгөөр худалдаж авах нь. Авч байгаа хүмүүс нь дандаа өр зээл тавьж л авдаг” хэмээн тайлбарлалаа.
Төрд Гомдогсдын Эрх Ашгийг Хамгаалах Холбооны тэргүүн А.Эрдэнэбилэг “Хууль гарсан 15-ны өдрөөс өмнө худалдсан болон худалдаж авахаар хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд Иргэний хуулийн 5.2-т заасны дагуу хүчин төгөлдөр.
Монгол Улсын Их Хурал бидний төлөө байх ёстой. Одоо батлагдаж байгаа хууль нь Приус унадаггүй хүмүүсийн төлөө, харин эко машин унадаг хүмүүсийн эсрэг болсон гэж үзэж байна.
Бид хуулийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийвэл биднийг хорьчихно. Тиймээс тэр талаар нь биш хуульд заасаны дагуу өнөөдөр орж ирэх гэж байгаа гэрээ хэлэлцээртэй бүх машиныг оруулж ирэхийн төлөө явна” гэв.
Гэрэл зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!