Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулцуулах хэлэлцүүлэг өчигдөр Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд боллоо.
Ази Номхон далайн бүс нутгийн ойн сүлжээ, Байгаль орчин мэдээлэл сургалт судалгааны төв/ERISC/ ТББ-ын хамтарсан санхүүжилтээр “Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг оролцооны аргаар үнэлэх” нь төслийг 2016 оны хоёрдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байна.
МУИС-ийн багш, доктор, профессор Ц.Батчулуун “Ерөнхийдөө бид Монгол орныхоо ойт хээрийн бүсийг хамтын оролцоотойгоор хамгаалах асуудал чухал байна.
Ойн өөрчлөлт хүний нүдэнд харагдахгүй ч гэсэн тодорхой орон зай, цаг хугацааны туршид хурдан хугацаанд явагдаж байгаа. Хуулийн дагуу бол 10 жил тутамд ойн зохион байгуулалт хийх ёстой.
Гэтэл үүнийг хүлээхгүйгээр мод тайрах, түймэр гарах зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөлтгүүд явагдаж байдаг. Тэгэхээр аль болох хурдан хугацаанд ойн зохион байгуулалт хийхийн тулд хиймэл дагуул зэрэг дэвшилтэт технологи ашиглан судалгаа явуулах нь нэлээд үр дүнтэй.
Цэвэрлэгээ, арчилгааны ажил бол нэлээд хөдөлмөр шаардсан ажил байдаг. Үүнд, цаг хугацааны хувьд ямар арга, ямар технологи ашиглан ямар хүчин чадлаар ажиллахаас шалтгаална” хэмээн тайлбарлалаа.
Хиймэл дагуулын мэдээгээр ойн талбайг тооцоолох нь өргөн уудам талбайтай Монгол орны хувьд цаг хугацаа, мөнгө санхүү хэмнэсэн заавал уул хадаар машин техникээр хүрч очиж тодорхойлдоггүй дэвшилтэт арга юм байна.
ERISC-ийн зөвлөх, доктор Я.Ариунзул “Төслийн зорилго хиймэл дагуул ашиглан Монгол орны ой хөвч сүүлийн 15 жилд өсч байна уу, буурч байна уу гэдгийг харуулах байсан.
Тэгэхээр бид нийтдээ хааш хаашаа 8-250м-ийн нарийвчлалтай таван хиймэл дагуулыг ашигласан. Албан ёсны тоо баримтаар үзвэл манай орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ой эзэлдэг. Олон улсын хэмжээнд 3 хувь гэж үздэг.
Тэгэхээр ойт хээрийн бүс тэлэх боломжтой байна гэсэн үг. Гэтэл гүн хэсэгтээ буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь мод огтлолт, түймэр зэрэг хүчин зүйл байна гэсэн үг” гэв.
Төслийн үр дүнгээс үзэхэд Монгол орны ойт хээрийн бүсийн ойгоор бүрхэгдсэн талбай 15 жилийн дунджаар 9,480,923.23 га байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 6.06 хувийг эзэлж байгаа юм. Мөн Монгол орны найман аймгийн ойн талбай буурч үлдсэн аймгуудын ойн талбай бага зэрэг өссөн гэсэн үр дүн гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!