Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

G-time компанийг Казахстан улсын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудтай ХОЛБООГҮЙ гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед G-time нэртэй санхүүгийн пирамид хэлбэрийн бизнес Монголд дэлгэрээд буй. Уг бизнесийг эрхлэгчид өөрсдийгөө “Казахстаны ядуурлыг бууруулах төсөл” гэж нэрлээд  үйл ажиллагаагаа явуулдаг. Монголд санхүүгийн пирамид хэлбэрийн бизнес эрхлэхийг хуулиар хориглодог бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа олон хүнийг хохироосон хэрэг гарч байсан билээ.

Тэгвэл бид Казахстаны Элчинд Сайд К.Кобландинаас энэ тухай тодрууллаа. Элчин сайд энэхүү байгууллага Казахстан улсын Ерөнхийлөгч болон төрийн аль ч шатны байгууллагатай ямар ч ХОЛБООГҮЙ гэдгийг хэлсэн юм.

К.Кобландин “Cүүлийн үед G-time гэдэг компанийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж байна. Энэ бүхэн бидний анхааралд байгаа.

Тус компани сүлжээний бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ анхны тохиолдол биш. 1990 онд ОХУ-д “MMM” гэсэн ийм төрлийн компани байсан. Ер нь ийм компаниуд үйлдвэрлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаггүй. Харин санхүүгийн пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний уншсанаар тус компани Монгол Улсад салбараа нээсэн байна.

Тэдний ярьж байгаа шиг тус компани Казахстан улсын Ерөнхийлөгч болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй. Мөн манай Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье.

Энэ асуудлыг Монголын цагдаа сэргийлэх, холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн байна. Удахгүй шийдэлд хүрнэ байх гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.