Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос их хэмжээний Виагра илэрсэн гэнэ
Дуулианд холбогдож, нэр хүнд нь шалдаа унаад байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой бас нэг асуудал дэгджээ.
Ерөнхийлөгчийн хөх ордон өнгөрсөн оны 12 дугаар сард нийтдээ 364 ширхэг Виагра төрлийн эм худалдаж авсан нь баримтаар илэрсэн байна. Үүнээс 60 нь АНУ-ын Pfizer компанийн үйлдвэрлэсэн Виагра бол 304 нь Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчийн хувилбар бүтээгдэхүүн байжээ.
Сүүлд Пак ерөнхийлөгч өөрийн дотны найз Чой Сүүн Силээр дамжуулан хөгшрөлтөөс сэргийлэх эм, эмчилгээ авдаг тухай яриа гарсны дараа энэ мэдээлэл ил болсон байна.
Өмнөд Солонгосын интернэт ертөнц яагаад эрчүүдэд зориулагдсан ийм эм Хөх ордонд хэрэг болсон талаар ид шуугиж байгаа юм.
Зарим нь ерөнхийлөгч Пак 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Севол хөлгийн осол болох үед “долоон цаг сураггүй байсан” явдалтай холбон сэжиглэж байна. Уг ослоор 300 гаруй хүн нас барсны дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм.
Ерөнхийлөгч тэр үед хаана байсан нь оньсого хэвээр байгаа. Хэд хэдэн хувилбар сэжиг байгаагийн дотор ерөнхийлөгчийг гоо сайхны хагалгаанд орсон, шашны хаалттай зан үйлд оролцож байсан, романтик харилцаанд орж байсан гэсэн цуурхлууд байдаг.
Харин уг эмний талаар Хөх ордон мэдэгдэл гаргаж, элдэв цуу яриаг няцаасан байна. Мэдэгдэлд өгүүлснээр Виагра эмийг ерөнхийлөгч, сайд нар, албаныхан, аюулгүй байдлын ажилтнуудад зориулж авсан гэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Этиоп, Уганда, Кени зэрэг Африкийн улсуудад хийсэн албан айлчлалын үеэр өндрийн өвчнөөс сэргийлэх зорилгоор худалдаж авсан нь энэ гэнэ. Эдгээр орнуудын нийслэл хотууд далайн түвшнээс 1-2 км өндөрт байрладаг тул ингэх шаардлагатай байсан гэжээ. Гэхдээ эмнүүдийг одоог хүртэл ашиглаагүй байгаа гэнэ. Виагра нь өндрийн өвчинд сайн нөлөө үзүүлдгийг Хөх ордон тайлбарласан байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

