- “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016” Чингис зочид буудалд болж байна -
“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016” арга хэмжээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэндчилгээг ахлах зөвлөх Ж.Энхбаяр уламжилснаар албан ёсоор эхэллээ.
Мөн үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Д.Гантулга “Бид гурав дахь удаагаа энэ уулзалтыг хийж байгаадаа баяртай байна. Өмнөх уулзалт чуулганууд үйл ажиллагаагаа эхлэх, гарааны бизнесийн талаар мэдлэг олж авах зорилготой байсан бол энэ удаагийн уулзалт, чуулганаар цаашид хийх үйл ажиллагаа, нөөц боломж, шийдэлд хүрэх зорилготой гэж бодож байна. Энэ хурлаар гарсан шийдлийг бид хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно. Гарааны бизнес залуу гишүүн хоёр хамтарч ажиллах ёстой гэж би бодож байна" гэлээ.
АНУ Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллэр “Америкийн засгийн газар дэлхий даяар энэхүү энтрепренершипийг сурталчилж ирсэн. Учир нь энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Энтрепренершип бол хүмүүсийг шинэ зүйл санаачилж, бүтээн байгуулахад түлхэц, хөшүүрэг болж байдаг. Үүнийг хөгжүүлэхэд засгийн газар хууль эрх зүйн орчин бүрдүүлж, зохион бүтээгчдийн бүтээлийг хамгаалах, санхүүгийн орчин бий болгох, гарааны бизнесийг дэмжих нөхцлийг бүрдүүлж байх ёстой. Гарааны бизнес нь компани, үйлдвэрлэл хүртэлээ хөгжиж, цаашлаад гадаад худалдаа болтол өргөжих боломжтой. Монголчууд өөрсдийн гэсэн онцлог бүхий брэндийг бий болгож, гадаадын зах зээлд худалдаалах бүрэн боломжтой гэж бид хардаг. Энтрепренершип хөгжихөд эрдэмтэн судлаачид, төр засгийн оролцоо хамгийн чухал” хэмээн онцоллоо.
МУИС-ийн санхүү эрхэлсэн захирал Ч.Нарантуяа “МУИС-ийн санаачлагаар энэ уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МУИС Монгол Улсад шинэ мэдлэг, бүтээл бий болгох үүднээс гарааны бизнесийг эрхэлж, амжилтанд хүрэхийг дэмжиж ирсэн. Энэ жилийн нэгдсэн чуулганыг ХХААЯ, БСШУСЯ, НХХЯ хамтран зохион байгуулж байгаа. Чуулганы үеэр хоёр өдрийн турш гарааны бизнесийн олон улсын туршлага судлах, өөрсдийн түвшинг тодорхойлох зорилготой. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархаж байна” гэв.
Арга хэмжээ Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь Чуулганы хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар товч танилцуулах эхний илтгэлээр үргэлжилж байна. Илтгэлийн үеэр Монгол Улсад энтрепренершипийг экосистемийн хөгжүүлэх тал дээр зөвлөмж хүргэж, гарааны бизнесийн үйл ажиллагааны талаар болон тус чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар танилцууллаа.