Израилийн сонгуулиас тодорхойгүй үр дүн гарч, Нетаньяху ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр үлдэх төлөвтэй боллоо

Т.Давааням, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Израилийн баруун жигүүрийн эвсэл парламентад олонхын суудлаа алдсан хэдий ч Бенжамин Нетаньяху албан тушаалаасаа буух магадлал тун бага болж, түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэвээр үлдэх төлөвтэй боллоо.

Лхагва гарагт саналын хуудаснуудын 86 орчим хувийг тоолсны дараа Израилийн томоохон гурван телевизийн сувгийн мэдээлснээр Нетаньяхугийн баруун жигүүр, хэт баруун жигүүр болон шашны хэт үзэлт намуудын эвсэл 120 суудалтай Кнессетэд (парламентад) 53 суудал авах төлөвтэй болсон байна. Энэ нь түүний өрсөлдөгч Гади Айзенкотын сөрөг хүчний эвслийн авч болзошгүй 48 суудлаас хавьгүй илүү үзүүлэлт юм.

Израилийн араб иргэдийн эрх ашгийг төлөөлдөг намууд урьд өмнө байгаагүй амжилт үзүүлж, 19 суудал авах төлөвтэй болсон нь Айзенкотын эрх барих бодит боломжийг бараг үгүй ​​болгож байна. Учир нь түүнд засгийн эрхэнд гарахад тэдний дэмжлэг шаардлагатай боловч жүүд улс төрийн олон удирдагчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой юм.

Санал тоолох ажил үргэлжилж байгаа тул дүн өөрчлөгдөх боломжтой ч төв-зүүнээс эхлээд хэт баруун жигүүрийн намуудыг багтаасан Айзенкотын эвслийн авсан санал нь сонгуулийн өмнө таамаглаж байснаас доогуур гарлаа.

Нетаньяху эвслийн засгийн газар байгуулагдах хүртэл, магадгүй цаашлаад ирэх жил дахин сонгууль болох хүртэл түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болж байна. Түр засгийн газар нь үйл ажиллагааны тодорхой хязгаарлалтуудтай тулгардаг ч шинжээчдийн үзэж байгаагаар Ирантай хийх дайныг үргэлжлүүлэх хэмжээний эрх мэдлийг хадгалсаар байх гэнэ.

Нетаньяху шөнийн 3:00 цаг өнгөрч байхад өөрийн Ликуд намын дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ "хүчирхэг, баруун жигүүрийн үндэсний засгийн газар" байгуулахыг уриалжээ.

Тэрбээр Израилийн батлан хамгаалах салбарт гаргасан амжилтуудыг онцлон тэмдэглэж, холбоотон болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин явуулахаа амласан байна. Нетаньяху үүнийг Ираны аюул заналыг нэгмөсөн устгах “түүхэнд олдсон цорын ганц боломж” гэж тодорхойлжээ.

Трамп өмнө нь Нетаньяхуг дэмжихийг Израилийн сонгогчдод уриалж, ингэвэл тэд Иранд эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахыг мэдэгдэж байв. Тэр бас Нетаньяхуг “маш сайн ажилласан”, “надад маш их тусалсан” хэмээн магтсан юм.

Израилийн сонгууль нь Ойрх Дорнодын бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн хувь заяанд чухал нөлөөтэй үйл явдал байлаа.

Иран болон Ливанд олон нийтийн уур амьсгал Израилийн сонгуулийн үр дүнгийн улмаас таагүй байна.

1979 онд Израильтай энхийн гэрээ байгуулсан анхны Араб улс болох Египетэд ч мөн бухимдал, сэтгэл дундуур байдал илт мэдрэгдэж байлаа.

Сонгуулийн үр дүн нь Нетаньяхуг улс төрд байх хугацаанд Израилийн жүүдүүдийн дунд барууны буюу үндсэрхэг үзэл санаа өргөн дэлгэрснийг харуулж байна. ​​Израилийн түүхийн эхний хагаст давамгайлж байсан төв-зүүний хүчнүүд одоо улс төрийн тавцанд захын, жижиг бүлэг болон хумигджээ.

Одоо жүүдийн бараг бүх намууд Нетаньяхугийн нэгэн адил Палестины тусгаар тогтносон улс байгуулахыг эсэргүүцдэг болсон. Гэтэл энэ санаа нь 1990-ээд оноос хойш олон улсын хэмжээнд дэмжигдсээр ирсэн энхийн үйл явцын үндэс суурь байсан юм.

Нетаньяху өөрөө Газын зурваст явуулсан харгислалынхаа төлөө Гаагийн Олон улсын Эрүүгийн Шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд Израильд авлигын хэрэгт холбогдсон нь ч нэлээд хэл ам дагуулж байгаа. Гэхдээ тэр эдгээрийг засгийн газрынх нь эсрэг хуйвалдаан гэж няцаадаг.

Энэ удаа сонгуулийн ирц 77.7 хувьд хүрсэн нь сүүлийн хорь гаруй жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд хүн амын тавны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг палестин гаралтай иргэдийн дунд онцгой өндөр байв.

Өмнө нь Нетаньяхуг засгийн эрхээс унагасан эвсэл Арабын нэг жижиг намтай эвсэж байсан бол энэ удаа Айзенкотын эвслийн авсан санал хангалтгүй байгаа тул тийм зүйл болох магадлал бага байна.

Израиль улс үүсгэн байгуулагдсан цагаас хойш жүүд улс төрийн удирдагчдын ихэнх нь Арабын намуудтай албан ёсны эвсэл байгуулахаас зайлсхийсээр ирсэн юм.

 

Эх сурвалж: Reuters