TEEN ХУРАЛДАЙ-2026: Байгальд ээлтэй залуусын V чуулган эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
22 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
“Нэг алхмаас эхэлье” уриан дор зохион байгуулагдаж буй чуулганд нийслэл, 21 аймгаас 90 өсвөр үеийн төлөөлөгч хүүхдүүд оролцож, байгаль орчноо хамгаалах, өв соёлоо өвлөн уламжлах, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.

Байгаль орчин, иргэний нийгмийн салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Монгол Экологи Төв” төрийн бус байгууллагын нийгэмд чиглэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийн нэг, Европын холбооны хамтын санхүүжилттэй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” (Youth Sustainability Corps) хөтөлбөр нь 2019 оноос эхлэн өсвөр үеийнхэн, залуучуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг онцлох арга хэмжээний нэг бол байгальд ээлтэй залуусын “Teen Хуралдай” чуулган юм. Улсын хэмжээнд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулган “Нэг алхмаас эхэлье” уриан дор 2026 оны аравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Чуулганы зорилго нь өсвөр үеийнхний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, өв соёлоо эрхэмлэн дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, залуусын санаачилга, манлайллыг дэмжихэд оршино.

Энэ жилийн чуулганд нийслэл болон 21 аймгаас 800 гаруй сурагч өргөдөл илгээснээс 90 төлөөлөгч оролцож, байгаль хамгаалал, нийгмийн хөгжил, өв соёл, дижитал технологи зэрэг чиглэлээр мэргэшсэн экспертүүдээс суралцан, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх юм. Түүнчлэн үе тэнгийнхэнтэйгээ туршлага солилцож, чуулганаар олж авсан мэдлэг, санаачилгаа өөрийн сургууль, орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх урам зориг, арга зүйг эзэмших боломжтой.

Өмнөх жилүүдэд чуулганыг “Дижитал эрин үед өв соёлоо хамгаалах нь”, “Өв соёл ба инновац”, “Цөлжилтийн эсрэг залуусын хүч” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж ирсэн. 2022 оноос хойш улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3,500 сурагч чуулганд оролцох хүсэлт, өргөдөл гаргаснаас 450 нь биечлэн оролцож, 60 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтад хувь нэмрээ оруулжээ.

Чуулганы үр нөлөө зөвхөн оролцогчдын хүрээнд хязгаарлагдахгүй байна. Чуулганд оролцсон өсвөр үеийн төлөөлөгчид 2023 оноос эхлэн өөрсдийн санаачилгаар орон нутагтаа “Залуусын хүч” (Youth Power) арга хэмжээг зохион байгуулж, 18 аймагт сурсан мэдлэгээ түгээн дэлгэрүүлсэн ба энэ ажлын хүрээнд нийт 180 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлж, 5,000 гаруй үе тэнгийн хүүхэд, залууст хүрч ажилласан байна.

Энэ нь өсвөр үеийнхэн зөвхөн мэдлэг, мэдээлэл хүлээн авагч бус, харин өөрийн орчиндоо эерэг өөрчлөлт бий болгож, бусдыгаа эерэг үйлсэд уриалан дуудах, манлайлах чадвартайг харуулж буй бодит жишээ юм.

“Teen Хуралдай” чуулган болон орон нутгийн “Залуусын хүч” санаачилгыг дэмжин ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүст “Монгол Экологи Төв” ТББ-ын зүгээс гүн талархал илэрхийлье.

Нэг алхам бүр өөрчлөлтийн эхлэл. Байгаль орчноо хамгаалж, өв соёлоо өвлөн уламжилж, нийгэмдээ эергээр нөлөөлөх залуусын санаачилга өнөөдрөөс эхэлж, маргаашийн тогтвортой хөгжлийн үндэс болох билээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.