Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бөмбөлөг хөөргөж, тоосонцор барьж авах туршилт амжилттай болжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
 

Техник Технологийн Дээд Сургууль болон Японы Чибагийн Технологийн Дээд сургууль, Паспермиа Астроэкономикс Судлалын Хүрээлэн хамтран хоёр дахь удаагаа Монгол улсад агаар мандалын стратосфер давхрагад есдүгээр сарын 19-ний өдөр чөлөөт хийн бөмбөлөг хөөргөж сансрын тоосонцор судлах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ.

Уг туршилтаар хийн бөмбөлгийг Тэрэлжээс 12:06 цагт хөөргөж, 23км өндөрт хийсэн хоёр цагийн чөлөөт нислэгийн дүнд Баяндэлгэр сумаас урагш 7км зайд буулгасан байна. 

 

Энэ талаар Чибагийн Технологийн Их Сургуулийн Одон гариг судлалын төвийн Ерөнхийлөгч Мацүй Такафүми “Японы Засгийн Газраас Сансар Судлалыг хөгжүүлэх, залууст танилцуулж, Сансар Судлалын боловсролыг олгох, бусад орнуудын хүүхэд залууст боловсрол олгох зэрэг бодлого баримталдаг. Үүний дагуу бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.

Бид агаарын бөмбөлгийг агаар мандалд хөөргөж сансрын тоосонцорыг барьж авах зорилготой туршилт судалгаа хийж байна. Энэ удаагийн сансрын уудамд агаарын бөмбөлөг хөөргөж, тоосонцор барьж авах туршилт амжилттай боллоо.

Цаашид илүү гүнзгийрүүлэн хийх судалгааны ажлын эхлэл болж байна гэж үзэж байна. Магадгүй туршилт судалгааг хийснээр дэлхий дээрх амьдрал сансраас үүссэн эсэхийг мэдэж болно гэж найдаж байна” гэлээ.

Ийм туршилтыг Монгол Улсаас гадна Японы Хокайдод хийдэг бөгөөд сансрын бичил биетнийг олж цуглуулж, судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна.

Туршилт хийхэд агаарын бөмбөлгийг 40км өндөрт хөөргөх үед буцаж 100 гаруй км-ийн радиус дотор унадаг аж. Иймээс Япон улсад туршилт явуулахад хөөргөсөн бөмбөлөг эргээд далайд унах эрсдэлтэй учраас өргөн уудам газар нутагтай манай улсад уг туршалтаа хийхээр судалгаа шинжилгээний ажлаа эхэлсэн байна.
 

Мөн энэ талаар ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ, Инноваци эрхэлсэн Проректор Ч.Баасандаш "Энэхүү судалгааны ажилд ШУТИС хамтран оролцож байна. Энэ судалгаа нь сансарт байгаа үл мэдэгдэх биетийг барьж авах, сансрын биологи гэсэн шинэ судалгааны чиглэлүүдийг хүн төрөлхтөнд нээж өгөх ач холбогдолтой салбар байгаа юм.

Үүн дээр манай ШУТИС-ийн оюутан залуус, Техник Технологийн Сургуулийн оюутан залуус гар бие оролцож байгаад их баяртай байна. Бид үргэлжлүүлэн Японы тал болон Олон Улсын Байгууллагуудтай хамтран судалгааны зарлдыг хангах, оюутан залуус, эрдэмтэн судлаачдаа хамруулах зорилго тавьж ажиллана" хэмээн тайлбарлав.

Судалгаанд алсын холбооны туршилт, агаар мандлын температурын хэмжилт зэрэг чухал ач холбогдол бүхий технологи нэвтрүүлэх ажлууд хамрагддаг байна. 

 
Тус судалгааны ажилд ШУТИС, ЦУОШГ, НЕСТРА/Орбитал инженеринг, Аэроботек зэрэг олон байгууллага оролцож байгаа бөгөөд цаашид Монгол улсад хөгжүүлэх зорилгоор Анхдугаар Олон Улсын Сансрын Бөмбөлгийн Симпозиумыг есдүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.

Харин Монгол Улсад анхны туршилтыг зургаадугаар сарын 10-ны өдөр Арвайхээр хотод хийж, агаарын бөмбөлгийг 40км өндөрт нисгэж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвөөс зүүн урагш 6км газарт буулгаж байжээ.