Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ихбаяр: Монгол Улсын хувьд Жинжоу боомт хамгийн ойрхон далайд гарах гарц

Б.Тогтох
2016 оны 6 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны тээвэр, ложистик хариуцсан мэргэжилтэн Э.Ихбаяртай далайн цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр, БНХАУ-ын Жинжоу боомт хотод Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны газраас төлөөлөгчөөр томилогджээ.

-БНХАУ-ын Жинжоу боомтод Зам тээврийн яам Далайн захиргаа өөрийн төлөөлөгчийн газраа нээсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Таны хувьд төлөөлөгчөөр томилогдсон байна шүү дээ?

-Монгол Улсын экспорт, импортын бараа эргэлтийн дийлэнх хувийг хувийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан хоёр улсын нутаг дэвсгэрээр тээвэрлэж байгаа. Гэсэн ч та бүхэн санаж буй бол өнгөрсөн жил Тяньжин боомтод гарсан томоохон хэмжээний гамшгаас үүдэж өмнөд хөрш маань нийслэлээрээ дамжуулж химийн гаралтай аюултай бараа бүтээгдэхүүн болон нефть зэрэг шатамхай шингэн таворыг тээвэрлэхээс татгалзаж эхэлсэн. 

Тэр утгаараа, Жинжоу боомтоор бид эхний ээлжинд нефтийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн зориулалттай шатамхай бодисыг тээвэрлэх юм. Хоёр талдаа гарц нээгдлээ гэж хэлж болно. Манайхаас БНХАУ руу цаашлаад тус далайн боомтоор дамжаад олон улсад гарах зорилт тавьж байгаа. БНХАУ-ын хувьд ч өртөг багатайгаар тээвэрлэх гарцыг талархан дэмжсэн.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ өөрийн улсын Хебей, Ляонинг мужийн гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг Монгол Улсад нээлттэй ашиглах “Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байдаг.

Жинжоу боомтоор бид эхний ээлжинд нефтийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн зориулалттай шатамхай бодисыг тээвэрлэх юм.

Энэ хэлэлцээр М.Зоригт сайдын үед илүү эрчимтэй яригдаж, ажил хэрэг болж чадлаа.

М.Зоригт сайд урд хөршийн далайн боомтоор тээвэрлэгдэж байгаа бараа, ачаа эргэлтийн урсгал нэмэгдүүлэх, улмаар ачааллыг бууруулах талаар анхаарч ажиллаж Жинжоу боомтын удирдлагуудтай харилцан тохиролцож чадсан юм билээ.

Энэ тохиролцооны үндсэн дээр тус боомтод төлөөлөгчийн газраа нээсэн. Миний хувьд тус боомт хотод төлөөлөгчөөр ажиллах юм. Боомтод төлөөлөгчийн газраа нээх албан ёсны хэлэлцээр өнгөрөгч тавдугаар сарын 16-нд зурагдаж, тухайн сарынхаа 24-нд албан ёсоор төлөөлөгчийн газраа бүртгүүлж бичиг баримтаа авлаа.

-М.Зоригт сайдын үед ажил хэрэг болж чадлаа гэж та хэлж байна. Боомтод төлөөлөгчийн газраа нээх сонирхол яг хэзээнээс яригдаж эхэлсэн юм бол?

-2011 оноос гэж хэлж болох юм. 2011 оны аравдугаар сард “Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны дөрөв дэх хурал Жинжоу хотноо болсон байдаг. Тэр үед УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тэргүүтэй Монголын төлөөлөгчид Жинжоу боомтын чингэлгийн ачааны зогсоолтой танилцсан.

Түүнчлэн, 2013 оны тавдугаар сарын 20-нд Жинжоу хотын төлөөлөгчид Улаанбаатар хотноо болсон Евро Азийг холбосон шинэ төмөр замын нэг шугам барих төслийн тавдугаар хуралд оролцсон. Мөн оныхоо аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Орон сууц, хот төлөвлөлтийн яамны сайд Ченжен Гаотай уулзахдаа Чойбалсан-Ляонин төмөр замаар дамжин далайд гарах шинэ гарцын талаар ярьсан байдаг.

Гэх мэтээр хоёр улсын хооронд яриа хэлэлцээр явж байсан. Гэхдээ БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлалын үед энэ асуудал Засгийн газрын төвшинд яригдаж, М.Зоригт сайдын үед ажил хэрэг болсон гэж хэлж болно. Таван жилийн хугацаанд л хоёр талын ашиг сонирхол шинэ гарц нээхэд чиглэж ирсэн байгаа юм.

-Тяньжин боомтоор бараа тээвэрлэхээс илүү цаг хугацаа, мөн зардал хэмнэх нь гэж ойлгож болох уу?

-Болно л доо. Жинжоу боомт Монгол Улсын хувьд хамгийн ойрхон далайн гарц гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Жинжоу боомт БНХАУ-ын Бохай тэнгисийн эргийн шугам дагуух 400 км доторх нэгдсэн чөлөөт бүс бүхий цорын ганц олон улсын худалдааны боомт. 

Монгол Улс, БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол аймагтаа хамгийн ойр оршиж буй далайн гарц. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтоос Бажү-Башин-Чида төмөр зам-Жинчи-Жинжоу боомт гэсэн маршрутаар ачаа тээвэрлэхэд нийт 1,100 км зам туулна. 

Энэ нь Тяньжингийн боомт хүртэлх зайнаас 863 км, Далианы боомт хүртэлх зайнаас 1,163 км-ээр тус тус ойрхон гэсэн эдийн засгийн урьдчилсан тооцоолол гарсан.

Жинжоу боомтын талаар танилцуулахад, тус боомт жилд 100 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий 24 зогсоолтой, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон, улмаар чанарын шаардлага бүрэн хангасан, хямд, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Ер нь цаашдаа чингэлгээр, задгайгаар болон шингэн ачааг тээвэрлэнэ. Эхний ээлжинд зөвхөн шатамхай бодис болон шингэн ачааг тээвэрлэх юм. 

Тяньжинтэй өрсөлдөхүйц үнийн тариф гаргахын тулд боомтын захиргаанаас хөнгөлөлттэй үнийн тарифыг хүссэн байгаа. Жинжоу боомтоос Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч гэх боомт хүртэл төмөр зам тавигдчихсан. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл гэсэн үг л дээ. 

Жинжоу боомтоос Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч гэх боомт хүртэл төмөр зам тавигдчихсан.

Тэгэхээр Манайх Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэлх дэд бүтцээ бүрэн шийдчихвэл асар хямдхан үнээр далайд гарах гарцаа нээчихлээ гэсэн үг. Жинжоу боомтоос гараад Өвөрмонголын нутгаар яваад Эрээний боомтоор орж ирэхээр харьцангуй өндөр буюу Тяньжин боомтын үнээс тодорхой хэмжээгээр өндөр байгаа юм. 

Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулах гарцыг л хайж байна. Ачаа эргэлтийг татах үүднээс хямдралтай, хөнгөлөлттэй үнэ тариф гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж, улмаар талууд судалж байгаа юм билээ. Үнэ тарифаа эцэслэж тохироогүй байна. Алсдаа энэ боомт Сүхбаатар, Чойбалсан, Хэнтий гэсэн зүүн аймгуудтай хамгийн ойрхон далайн гарц болно. Бичгээр орж болно. Дорнодоор орж ирсэн ч зардал хэмнэнэ гэсэн тооцоо хийгээд байгаа юм.

-Төлөөлөгчийн газар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ?

-Далайн захиргааны ложистик хариуцсан мэргэжилтэн гэдэг утгаараа миний бие эхний ээлжинд төлөөлөгчөөр томилогдлоо. Мэдээж цаашдаа үйл ажиллагаа өргөжөөд ажил ундраад эхлэхээр өргөтгөх асуудал яригдах байх. Хөлөг онгоцны бүртгэлийн компани байгуулах талаар судлаарай гэсэн үүрэг надад өгсөн.

Илүү тодорхой мэдээлэл алга. Албан ёсоор бичиг баримтаа авчихсан учраас төлөөлөгчийн ажил эхэлчихсэн. Одоогоор ачаа эргэлт алга байна. Гэхдээ боомтыг танилцуулах, хоёр улсын хооронд мэдээлэл солилцох ажил хийгдэж эхэлсэн байгаа. Эхний ээлжид 10-20 мянган тонн шингэн нефтийг зургаадугаар сардаа багтаагаад тээвэрлэж эхэлнэ гэсэн яриа хэлцэл явж байна. Нарийн тов гараагүй байна.

-Монгол Улсын хувьд далайд гарах нэгэн шинэ гарцаа нээж байна гэж би хувьдаа хараад байна. Европын зах зээлд гарах боломж бүрдэж байна уу? 

-Тантай мэдээж санал нэг байна. Гэхдээ шууд ажил хэрэг болчихсон, өнөө маргаашгүй гарах гэж байгаа асуудал биш. Энэ бол Зам тээврийн яам, цаашлаад Засгийн газрын төвшинд яригдаж, шийдэгдэх бодлогын асуудал. Миний хувьд зөвхөн хоёр улсын тээвэрлэлтийн асуудалд төлөөлөгчөөр ажиллах үүрэгтэй хүн.

Чойбалсан хот ОХУ-тай төмөр замаар холбогдсон. Тэгтэл Монгол Улсаар дамжин ОХУ цаашилбал Европтой холбогдох хамгийн дөт олон улсын гарц гэж үзэж болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, далайд гарах гарц шинээр нээж буй энэ ажил бол гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд яригдсан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх бодлоготой уялдаж байгаа юм.

Тиймээс Ляонин мужийн 2015 оны Засгийн газрын тайландаа “Ляонин муж нь нээлттэй шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, үүний тулд “Нэг бүс нэг зам” стратегийн төлөвлөгөөтэй уялдуулан Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгоно.

Мөн Ляонин- Монгол-Европын баруун шугам буюу олон улсын тэнгис болон хуурай замд түшиглэсэн ерөнхий шугамыг бий болгож, улмаар Жинжоу боомтоор дамжин Зүүн хатавч-Чойбалсан-Борзя гэсэн маршрутаар Европтой холбох талаар ажиллаж байна” хэмээн дурдсан байна лээ.

Тиймээс манай талаас ч гэсэн энэ асуудлыг дэмжиж ажил хэрэг болгох талаас ажиллах байх гэж харж байна. Өмнөд хөршийн хувьд энэ боомтыг стратегийн чухал ач холбогдолтой гэж тооцож байгаа учраас Монгол, Хятад хоёр орныг холбосон шинэ шугам, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурдцыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж итгэж байгаа.

-Тун удахгүй Жинжоу боомтын төлөөлөгчид Монголд ирж Зам тээврийн яамтай боомтын хөгжил, далайд гарах шинэ гарцын талаар яриа хэлцэл өрнүүлнэ гэсэн. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ирж, яг ямар асуудлыг шийдэх юм бол?

- Өнөөдөр төлөөлөгчид ирнэ. Өвөрмонголын Шилийн гол аймгийн төлөөлөгчид, мөн Жинжоу боомтын дэд дарга, хэлтсийн дарга, чингэлэг хариуцсан тээврийн захирал гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ 10 хүн ирэх юм. Зам тээврийн яамны урилгаар ирж байгаа юм. 13-18-ны хооронд хуралдаж боомтын ачаа тээвэрлэлт, Шилийн гол аймгаар дамжих асуудлыг ярилцах юм.

Зураг