Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Уянга: Дүрийнхээ тухай бодохоор л уйлмаар санагдаж байсан

Б.Даваахүү
2016 оны 4 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Ирэх сарын 6-ны өдөр кино театруудын дэлгэцнээ “Зургаа дахь хүсэл” кино нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрийг жүжигчин Б.Уянга бүтээсэн юм.

Жүжигчин, хөтлөгч МУСТА Э.Ууганбаярын гэргий гэдгээр нь уншигчид түүнийг андахгүй ч, мэргэжил нэгтнүүдэдээ тэрбээр чадвараараа нэлээд үнэлэгддэг юм билээ. Ингээд жүжигчин Б.Уянгыг сониныхоо зочны хойморт урьж, ярилцсанаа хүргэж байна. 


-Уран бүтээлийнхээ ажилд нэлээд завсарлага авсан учраас та манай зарим уншигчдын шинэ танил байж болох юм. Тиймээс төрсөн нутаг ус, эцэг эх, гэр бүл, төгссөн сургуулийн талаархи асуултаар ярилцлагаа эхэлье?

-Миний аав Баянхонгорынх, харин ээж минь Төв аймагт төрсөн. Би өөрөө хотод төрсөн, хоёр дүүтэй айлын том охин. 2005 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчний анхны ангийг төгсч байлаа. Миний нөхөр жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр. Бид хоёр хүүтэй. Сургуулиа төгссөнөөс хойш цөөхөн уран бүтээл хийсэн.

 Сургуулиа төгссөнөөс хойш цөөхөн уран бүтээл хийсэн.

Завсарлага их авсан. Намайг нөхрийнхөө арын албыг хашаад, урам бүтээлээсээ завсарлага аваад байна гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ.

Гэхдээ жинхэнэ шалтгаан нь би эрхэлж буй бизнесээсээ болоод завгүй байсан юм. Хүссэн үедээ уран бүтээлдээ цаг зав гаргаж байгаа минь энэ. 2007 онд Удирдлагын академийг төгсөөд компаниа байгуулсан. 

-“Зургаа дахь хүсэл” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дүрийн сонголтыг ямар байдлаар хийсэн юм бол. Анх энэ  кинонд тоглох саналыг аваад ямар санагдсан бэ?

-Манай төгсөлтийн 10 жилийн ойд зориулсан кино л доо. Тийм учраас ангиараа уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Дундаасаа дүрээ сонгох бидэнд хүндрэлтэй байсан тул найруулагч, зохиолчоо гаднаас урьж ажиллуулсан. Ангийнхан маань бүгдээрээ жүжигчид учраас зөрчил гарах вий гэдгээс сэргийлж, дүр сонголтыг найруулагч, зохиолчдоо үлдээсэн.

Найруулагч маань бидний намтар, уран бүтээлтэй танилцаж, ярилцлага хийсний эцэст гол дүрийг Уянгад өгнө гэж хэлсэн юм. Хамгийн анх энэ мэдээг сонсоход баяртай хэрнээ айдастай байлаа. Анхнаасаа л ямаршуу зохиол, дүр  нь ч хүнд гэдгийг нь мэдэж байсан хэрэг. Би дүрээ сайн гаргаж чадах болов уу гэдгээсээ айсан, эргэлзсэн. Гэхдээ мэдээж жүжигчин хүний хувьд дүр авна гэдэг баяртай үйл явдал шүү дээ. 

-Зохиолыг анхнаасаа мэдэж байсан байх нь ээ?

-Зохиолын санааг ангиараа ярилцаж гаргасан юм. Улмаар зохиолчдоо захиалан бичүүлсэн учраас манай ангийнхан бүгдээрээ л зохиолын утга санааг мэдэж байсан. 

-Өмнөх уран бүтээлүүддээ хөнгөн жанрын дүрийг бүтээж байсан юм билээ. Харин одоо нэлээд хүнд дүрд ногджээ. Зураг авалтын үед хэцүү, шантрах үе байв уу?

-Хэцүү гэхээсээ илүү дуртай зүйлээ хийж байгаа учраас харин ч кайфтай байсан. Зураг авалтгүй үедээ ангийнхантайгаа хөгжилдөөд, уйдах завгүй байлаа. Дүр дээрээ ажиллахад ч гэсэн хүндрэлтэй зүйл гараагүй. 

-Хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж буй бүсгүйн тухай кинонд өгүүлэх юм билээ. Манай улсын хувьд жилд 3,000 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн харамсалтай мэдээлэл  бий. Энэ сэдвийг хөндсөн нь өөрөө цаг үеээ олсон юм шиг санагдаж байна?

-Хорт хавдар өвчин жилээс жилд улам залуужиж, тоо нь ч нэмэгдсээр байгаа. Үүнийг  эм уугаад эдгэчихдэг өвчин, эсвэл бидний амьдралд тохиолдоогүй юм чинь гээд анхаарахгүй байж болохгүй.

Хорт хавдар өвчний асуудал зүгээр нүдээ аниад, чихээ таглаад өнгөрөх асуудал биш. 

Бид хэзээ ч ийм мэдээ сонсч магадгүй үед амьдарч байна. Бидний үр хүүхэд, ах дүүс хэзээ ч ийм мэдээ сонсч болохоор тийм үе.

Өнгөрсөн жил гэхэд бидний ойрын хоёр хүн хорт хавдар өвчнөөр бурхан болсон. Яг кино зураг авалтын үеэр нэг нь нас барсан. Тиймээс хорт хавдар өвчний асуудал зүгээр нүдээ аниад, чихээ таглаад өнгөрөх асуудал биш. 

-Киногоороо дамжуулж, нийгэмд ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?

-Бид бүгд л урт удаан сайхан амьдарна гэж төсөөлдөг шүү дээ. Гэтэл чи бодоод үз дээ. Долоо хоногийн дараа ч юм уу, эсвэл хэзээ нэгэн цагт чиний төгсгөл ирнэ гэдгийг мэдэх үед ямар мэдрэмж төрөх вэ. Өнгөрсөн амьдралдаа харамсах уу. Туулж өнгөрүүлсэн амьдралдаа хийсэн, хийж амжаагүй зүйлдээ харамсч төгсөнө гэдэг харамсалтай.

Тэгэхээр киногоороо дамжуулан  хорт хавдар өвчнийг анхаараач, өвчнөөс сэргийлцгээе гэхээсээ илүүтэйгээр төгсгөл хажууд ирчихсэн үед харамсах биш, одооноос л амьдралыг хариуцлагын гинжин хэлхээс байлгалгүйгээр сайн сайхныг нь мэдрэе гэсэн мессеж хүргэхийг  хүсч байна. Ингэвэл төгсгөл ирэх үед амьдралыг арай илүү сайн сайхнаар мэдрэх байх. Манай киног үзэх хүмүүс энэ мэдрэмжийг мэдрээд ухаараад гараасай гэж бодож байна. 

-Дүрийн судалгаагаа яаж хийв?

-Гол гогцоо нь хорт хавдраар өвчилсөн хүн байгаа учраас ийм хүнд ямар реакц илэрдэг, хэд орчим насны хүмүүс байдаг, сэтгэлзүйн хандлага нь ямар байдаг гээд бүгдийг нь судалсан. Зохиолч маань ч энэ талаар сайн судалсан. Бид хоорондоо зөвлөлдөхөөс гадна эмч нараас мөн зөвлөгөө авсан.

Хорт хавдвартай хүнтэй хүртэл ярилцсан. Хэцүү юм билээ. Өвчнийг мэдрэх тэр мэдрэмж. Хүний өмнөөс харамсах харуусал. Эрүүл саруул байгаа үедээ өөрийгөө, амьдралаа, дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлаасай гэсэн тийм мэдрэмж төрж байсан. 

-Хорт хавдартай хүнтэй уулзсан гэлээ. Таны ойрын хүн байв уу?

-Өнгөрсөн жил хамаатны маань нэг залуу хорт хавдартай гэдгээ мэдсэн. Гуч дөнгөж гарч байсан залууд ердөө сарын нас үлдсэн байсан. Гуч дөнгөж гарсан залуу хорт хавдартай гэдгээ мэдчихсэн, гэр бүлийнхэн нь мэдчихсэн тийм мэдрэмж.

Хөндлөнгөөс харж байгаа гэхэд надад ч хэцүү санагдаж байх жишээтэй. Миний мэдэрч буй мэдрэмж яг тийм өвчтэй хүний өөрийнх нь мэдэрч байгаагаас хэд дахин бага байгаа шүү дээ. “Би эдгэнэ ээ” гээд бүхнийг сайхнаар харах гэж хичээж байгаа тэр ярианууд надад маш хүнд, хэцүү тусч байсан. Зөв харж инээж, буруу харж уйлна гэгчээр юм болж билээ. 

-Дүрээ бүтээхийн тулд үсээ хусуулсан байсан. Эмэгтэйчүүд бид чинь үсэндээ их анхаарал тавьдаг шүү дээ. Гэтэл үсээ хусахад хэцүү байсан уу?

-Би үсээ гэмтээхгүйгээр арчилж, нэлээд хэдэн жил бараг ташаа хүртлээ ургуулсан байсан.  Анх зохиолоо ярихдаа л гол дүрд тоглох хүн үсээ хусна гэдгийг мэдэж байсан л даа.

Тэгээд найруулагч гол дүрд Уянга тоглоно гэж хэлэхэд “за би үсээ хусах ёстой” гэдгээ ойлгосон. Үсээ өөрөө хуссан. Тэр үед харамсаагүй.

Ажлаа хийж байгаа болохоор дүрээ үзэгчиддээ бүрэн гүйцэт хүргэх юмсан гэсэн сэтгэлээр үсээ хуссан.

Ажлаа хийж байгаа болохоор дүрээ үзэгчиддээ бүрэн гүйцэт хүргэх юмсан гэсэн сэтгэлээр үсээ хуссан. Гэхдээ дараа нь харамсах үе гарсныг нуугаад яах вэ. Кино зураг авалт дууссаны дараа үс сөөсийгөөд ирэх үед жаахан харамссан.

Үс гэдэг чинь эмэгтэй хүний гоо сайханд ямар чухал юм бэ гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Гэхдээ ганц би үсээ хусаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Надаас гадна олон хүн үсээ хуссан. 

-Киноны эхлэлээс манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Ажил, амьдралаа босгочихсон бүх зүйл нь тэгширчихсэн, хүүхдээ хүлээж буй гуч шүргэж яваа бүсгүй. Гэтэл тэр өөрийн сонсохыг хүсч байсан мэдээнээс тэс өөр мэдээг сонсдог. Өөрийгөө жирэмсэн гэж бодоод хүүхдээ хүлээж байдаг.  

Гэтэл тийм биш байдаг. Бүх зүйлийг тооцоолж төлөвлөдөг байсан эмэгтэйн тэр хандлага  орвонгоороо эргэж өөрчлөгдөнө. Амь нас нь жилээр ч, сараар ч биш, хоногоор хэмжигдэж буй бүсгүй хүн юу хийх вэ. Ямар мэдрэмж төрөх вэ. Тийм л зүйл гарна. 

-Ер нь улсын хэмжээнд гэр бүл тутамд л нэг хүн хорт хавдар өвчнөөр өвчилсөн, нас барсан байдаг гээд хэлчихвэл, нэг их хол зөрөхгүй болов уу. Ийм хүний амьдрал, дүр дотор  зураг авалтын богинохон хугацаанд амьдрахад танд ямар байсан бэ?

-Юун түрүүнд өөрийгөө тийм хоногийн настай гэдгээ мэдрэх ёстой. Жүжигчин хүн тэгж л дүрээ гаргадаг байх. Зураг авалтын үед би өөрийгөө маш богино настай гэж бодсон. Тэр үед өөрийн эрхгүй хоолой зангирдаг юм билээ.

Зураг авалтгүй үедээ ч гэсэн дүрийнхээ тухай бодохоор уйлмаар санагдаж байсан. Бүх юм ядаргаатай, зугтмаар ч юм шиг тийм мэдрэмжүүд их төрж байсан даа. Би өөрөө уяхан хүн учраас уйлмаар л санагдаж байлаа. 

-Танай кино багийн нэг эрхэм өөрийг тань маш мэдрэмжтэй жүжигчин гэж тодорхойлсон байна билээ.  Тийм ч учраас гол дүрд таныг сонгосон байх?

-Мэдэхгүй. Найруулагчийг анх хэлэх үед “Яана аа би завсардчихсан шүү дээ. Чадах болов уу” гэж хэлсэн. Миний найруулагчдаа тавьсан хамгийн анхны асуулт.

Гэтэл найруулагч маань “Чи чадна. Чадна гэдгийг чинь харж байна. Миний харж байгаагаар энэ дүрд тохирох хүн чи” гэж хэлсэн. Ер нь намайг хамгийн их зоригжуулсан хүн бол манай найруулагч. 

-Кино урлагт мэргэжилгүй, чадваргүй эмэгтэй жүжигчид олноороо орж ирлээ гэсэн шүүмжлэл байдаг. Мэргэжлийн жүжигчний  хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэргэжилгүй жүжигчдийг дэлгэцийн бүтээлд тоглуулахад тухайн мэргэжлийг нь дөрвөн жил сурч эзэмшсэн жүжигчид нь дургүй байх тохиолдол бий. Мэргэжилдээ харам байдаг байх. Гэхдээ тухайн дүрд нь тохирох эсэх, гоо сайхны талаасаа ч юм уу мэргэжлийн бус хүмүүсийг сонгодог юм болов уу. 

-Жүжигчин Уянга тоглох уран бүтээлдээ хэр цензур тавьдаг вэ. Байсхийгээд завсарлага аваад байгааг чинь бодохоор цензур тавьдаг байж магадгүй гэсэн хардлага төрж байна?

-Цензур тавих үе бий бий. Хааяа уран бүтээлийн санал ирнэ. Зохиолыг нь уншина, өөрийн ажлын зав чөлөөгөө харна тэгж байж л шийддэг. Янз янзын шалтгаан бий. 

-Жүжигчний мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд мөрөөдлийн дүр бий юу. Зарим жүжигчид эсрэг талын дүр бүтээхийг хүсдэг гэж хэлдэг л дээ. Харин таны хувьд?

-Зарим жүжигчид түүхэн дүр бүтээх юм сан гэж хэлдэг. Надад байхгүй. Магадгүй эсрэг талын дүр бүтээвэл сонирхолтой байх. 

-Кинонд багын найзууд мөрөөдлөө биелүүлэхээр шулуудаж буй тухай өгүүлдэг гэсэн. Б.Уянга багын мөрөөдлөө ер нь биелүүлсэн үү. Багадаа ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байв?

-Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиасаа хойш математик, физикийн сонгоны ангид сурч байсан. Ангидаа гайгүй сурлагатайд тооцогддог байлаа. Гэхдээ жүжигчин болох хүсэл миний дотор байсан юм шиг.

Наймдугаар ангид байхдаа бүжгийн дугуйланд элсээд, дараа нь ээж, аавдаа загнуулаад буцаад анги руугаа орж байсан түүх ч бий. Ээж минь эмч, харин аав маань олон улсын харилцааны мэргэжилтэй болохыг зөвлөдөг байсан.

Харин хамаатнууд чи сурлага сайтай юм чинь КТМС, ШУТИС-д ор гэх зэргээр хүн болгон миний ирээдүйг заадаг байлаа. Хэрвээ би жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол аавын захиснаар олон улсын харилцааны мэргэжлийг сонгох байсан байх. Гадаад улс орноор аялах миний багын хүсэл.

Түүнтэй ойр болохоор гадаад харилцааны мэргэжилтэн болох байсан юм болов уу. Есдүгээр ангид байхад  багш ямар мэргэжилтэй болох вэ гээд санал асуухад би жүжигчин болно гээд хэлчихсэн юм. Харин багш гэр рүү утасдаад “Танай охин чинь юун жүжигчин болно гээд байгаа юм бэ. Хайран толгой” гээд л ярьсан байсан. Тэгээд намайг гэрийн хурлаар оруулахад, би жүжигчин болно гэдгээ хэлсэн. Эцэг эх маань ч эсэргүүцээгүй. 

-Гэтэл их сургуулиа төгсөөд хувийн бизнесээ эрхэлж эхэлсэн үү?

-Суурь мэдлэг гэж байдаг юм шиг. ЕБС-д суурь мэдлэг олгох таваас есдүгээр ангид математик, физикийн хичээлийг илүүтэй судалж байсан болохоор бүх зүйлийг тооцоолох чанар надад байдаг. Надад шингэчихсэн учраас би холдож чаддаггүй юм шиг байна билээ.

Тийм учраас бизнесийн салбарт санхүү тооцоотой зууралдахын зэрэгцээ эзэмшсэн жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байна. Заавал аль нэгийг нь сонгох шаардлагагүй байх. Бидний өмнө хэдэн боломж гарч ирж байна, тэр бүхнийг атгах хэрэгтэй. Дараа нь харамсахгүй. 

-Завгүй ажлын хажуугаар гэр бүлдээ хэр цаг зав гаргадаг бол. Хэр сайн ээж, гэрийн эзэгтэй вэ. Өөрийгөө дүгнэвэл?

-Маш сайн ээж, гэрийн эзэгтэй байсан. Сүүлийн хэдэн жилд гэр бүлдээ гаргах цаг зав багасаад л байгаа.  Өмнө нь ажил гайгүй байх үед үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, гэр бүлдээ ихэнх цагаа зориулдаг байсан. Одоо чадахаа болиод ирэхээр нөхөр минь намайг орлож байна. Хүүхдүүддээ гаргах цаг завын тухайд нөхөр бид хоёр нэг нэгийгээ харилцан нөхөж байна даа. 

-Эмэгтэй хүний гоо үзэмж, гоо сайхан байхын тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Тухайн хүнээсээ л хамаарах юм болов уу. Цэцэг услах тусам ургадаг шиг эмэгтэй хүн өөрөө өөрийгөө услах тусам л өнгө ордог байх. 

-“Зургаа дахь хүсэл” кино ирэх сарын зургаанд нээлтээ хийнэ. Киног үзэх гэж хүлээж буй хүмүүст хандаж үг хэлэхгүй юу. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Үзэгчид киног маань үзээд өөрийгөө хайрлаасай, өөрийнхөөрөө амьдрах зоригтой байгаасай. Маш гоё эерэг мэдрэмжүүд бидний эргэн тойронд байна. Өглөөний нар, бороо орсны дараах үнэр гээд эргэн тойрны бүх л зүйлс бидэнд жаргал бэлэглэдэг.

Бид тэднийг олж мэдрэх хэрэгтэй. Заавал хорт хавдар өвчин тусахгүй юмсан, сэргийлэх юм сан гэхгүйгээр зүгээр л эргэн тойрныхон, өөрийгөө, амьдралаа хайрлаасай. Хэзээ нэгэн цагт бидэнд тулаад ирэх төгсгөлд  харамсахгүйгээр хугацааг туулсан байгаасай. Үүнийг мэдэрч гараасай гэж хүсч байна. 

Зураг