Улс орнуудын НЭРНИЙ УТГА УЧИР
Голдуу Европ гаралтай улс орнуудын нэрний утгыг тайлбарласныг хүргэж байна. Нэр бүхэн цаанаа түүхтэй.
Аргентин – “Мөнгөлөг улс”
Анх Испаний конквистадорууд (колоничлогчид) Рио-де-ла-Плата голын хөвөөнд ирэхэд уг гол нь мөнгөөр дүүрэн байжээ. Эндээс Латин хэлний argentum буюу мөнгө гэсэн металлын нэрээр Аргентиныг нэрлэжээ.
Голланд – “Нам дор газар”
Тус улсын ихэнх нутаг дэвсгэр нь далайн түвшнээс доод түвшинд оршдог. Голланд нь “нам дор газар” гэсэн утгатай бөгөөд Нидерланд гэсэн нэр нь ч бас ийм утгатай.
Унгар – “Арван овгийн хүмүүс”
Унгаруудийг удаан хугацаанд “арван овгийн хүмүүс” гэж нэрлэж ирсэн ба энэ нь Болгар-Түрэг хэлний “оногур” гэсэн үг. Тус нутагт арван овог аймгийн нэгдэл оршиж байснаас ийн нэрийдэх болжээ.
Бразил – “Улайссан нүүрсний орон”
Тус нутагт үнэтэй улаан мод ихээр ургадаг байсныг их хэмжээгээр Европ руу экспортлодог байжээ. Ийм улаан модод нь холоос улайссан нүүрс шиг харагддаг байснаас Португал хэлний brasa буюу “нүүрс” гэсэн үгээр нэрлэсэн байна.
Испани – “Молтогчин туулайн эрэг”
Испаний эрэг дагуу молтогчин туулай маш ихээр амьдардаг байжээ. Тиймээс энд ирсэн Финикүүд өөрсдийн хэлээр “и-шпаним” буюу “молтогчин туулайн эрэг” гэж нэрлэснээс үүдэлтэй.
Коста Рика – “Баян эрэг”
Хамгийн өргөн тархсан тайлбар нь Колумби болон түүний аялагчидтай холбоотой. Уг арал дээр амьдардаг уугуул хүмүүст алт их байдгийг мэдсэн нэг аялагч нь “баян эрэг” гэсэн нэрийг өгчээ.
Камерун – “Сам хорхой”
Төв Африкт аялж байсан Португальчууд нэгэн голоос маш их сам хорхой олж тэр голыг Рио-дош-Камаройш буюу “сам хорхойтой гол” гэж нэрлэжээ.
Үүнээс хойш эрэг дагуух газрыг сунжирсан нэрээр нь Камерун гэж нэрлэж байснаа сүүлдээ бүх орныг нэрлэх болсон байна.
Ватикан – “Мэргэ төлөг”
Ромын төвд орших бяцхан хот улсын нэр нь түүний оршдог толгойн нэр юм. Латин хэлээр vaticinatio буюу “зөн совин, мэргэ төлөг” гэсэн утгатай. Уг толгой дээр зөнчид, мэргэчүүд гарч ирээдүйг харахад илүү зөв таамагладаг байсан гэдэг.
Румынь – “Ромын газар шороо”
Өнөөгийн Румынь улсын газар нутаг нь Ромын эзэнт гүрний мэдэлд удаан хугацаанд оршиж байсан тул “Ромын газар шороо” хэмээн нэрлэгддэг байжээ. Ром мөхсөн ч нэр нь үлдсэн түүхтэй.
Намиби – “Хоосон газар”
Намиб цөлийн нэрээр нэрлэгдсэн улс. Уугуул Нама хэлнээс орчуулбал “юу ч үгүй хоосон газар” гэсэн үг юм.
Исланд – “Мөсөн газар”
Анх энд Норманчууд IX зуунд ирэхдээ мөсөнд хучигдсан газар ихтэй учраас “Мөсөн газар” (Iceland) гэж нэрлэжээ. Гэвч энд “Ногоон газар” гэж нэрлэгдсэн Greenland-аас ч илүү дулаахан байдаг нь сонин.
Венесуэль – “Бяцхан Венец”
Анх энд ирсэн аялагч Америго Веспуччи нутгийн хүмүүсийн сууц нь усан дээр баригдсан байгааг хараад “бяцхан Венец” гэсэн нэрийг өгчээ. Итали хэлээр үүнийг Venezuola гэдэг аж.
Эх сурвалж: Adme.Ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

