Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хаан”, "Төрийн банк"-аар үйлчлүүлдэг оюутнууд "70 МЯНГА"-аа аваагүй байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. 

2015-2016 оны хичээлийн нэгдүгээр улиралд нийт 61,000 оюутан үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах болзол хангажээ.

Одоогийн байдлаар "Хаан”, "Төрийн банк"-аас бусад банкийг сонгон тэтгэлгээ  авдаг 8,200 оюутны тэтгэлэгийг олгоод байгаа ажээ.

"43,500 оюутны тэтгэлэг энэ сарын 15-20-ны хооронд олгогдох байх"

"Хаан”, "Төрийн банк"-аар үйлчлүүлдэг оюутнуудын тэтгэлэг яагаад олгогдохгүй байгааг Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн С.Долгороос тодруулахад,

"Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалаад 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирал буюу 9-12 дугаар сарын үндэсний болон урамшууллын тэтгэлэгийг олгох ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад удаашралтай явагдаж байна.

61,000 оюутанд үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгоход 15.9 тэрбум төгрөг шаардагдана.

2015 оны 9-12 дугаар сард үндэсний болон урамшууллын тэтгэлэгийг давхардсан тоогоор 61,000 оюутан авахаар байгаа.  52,000 оюутан үндэсний тэтгэлэг авч байгаа бөгөөд үлдсэн 9,000 орчим нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авч байгаа гэсэн үг.

61,000 оюутанд үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгоход 15.9 тэрбум төгрөг шаардагдахаар тооцоолсон. Үүнээс гуравдугаар сарын эхээр гурван тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдаж, орж ирсэн. Тиймээс орж ирсэн мөнгөө "Хаан”, "Төрийн банк"-аас  бусад хамтран ажилладаг зургаан банк руугаа шилжүүлж, харилцагч оюутнуудад нь олгоод байна.

"Хаан” банкаар дамжуулан тэтгэлэгээ  авдаг 26,700,  "Төрийн банк"-аар дамжуулан тэтгэлэгээ авдаг 16,800 оюутан нийт 43,500 оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэг хүлээгдэж байна. Эдгээр 43,500 оюутны тэтгэлэг энэ сарын 15-20-ны хооронд олгогдох байх гэсэн урьдчилсан төлөвлөгөө байгаа" гэлээ.

"2015 оны төсөвт 101,980 оюутанд тэтгэлэг олгохоор 71.5 тэрбум төгрөг суусан"

2015 оны хоёрдугаар сарын 29-ны өдөр МОХ-оос хэвлэлийн бага хурал зарлаж, Монголд оюутны байгууллага үүсэж, хөгжсөний 73 жилийн ойг угтан хийх ажлуудаа танилцуулах үеэр МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар дараах мэдээллийг өгсөн юм.

"Сүүлийн үед Монголын Оюутны Холбоонд ирж байгаа гомдлын 70-80 хувь нь оюутны 70,200 төгрөгтэй холбоотой байгаа. 

Бид Сангийн яам, Сургалтын Төрийн сан руу албан тоот хүргүүлдэг ч ямар нэгэн бодитой хариу одоо болтол алга. "Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Оюутны тэтгэлэгийг үе шаттай олгохоор төлөвлөж байна" гээд бидэнд ямар нэгэн хариу өгч болно шүү дээ. 

2015 оны төсөвт 101,980 оюутанд тэтгэлэг олгохоор 71.5 тэрбум төгрөг суусан. Гэтэл 2016 оны гуравдугаар сар гарчихаад байхад 2015 оны 9-12 дугаар сарын тэтгэлгийг олгоогүй байна. Ер нь оюутнуудын дунд "70 мянга"-ын хүлээлт үүсчихээд байна.

МОХ-ны зүгээс улс орны эдийн засгийн байдалтай уялдуулан үндэсний тэтгэлэг авах оюутны сурлагын голч оноог нэмэгдүүлэх санал гаргаж, Засгийн газар дэмжин тогтоол гаргасан" 

Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах оюутны тоо 165,000-60,000 болж буурчээ

Эдийн засгийн байдалтай холбоотойгоор 2015 оны нэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан.

Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутны  үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм.

Үндэсний тэтгэлэг :

Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж
 
Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж
 
Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж

Урамшууллын тэтгэлэг:

50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш 
 
75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

Уг журам шинэчлэгдэхээс өмнө дунджаар 165,000 оюутан үндэсний болон урамшууллын тэтгэлэг авдаг байжээ. Харин шинэ журмаар дунджаар 60,000 гаруй оюутан тэтгэлэг авч байгааг Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн хэлж байлаа.